Үндэсний бүтээн байгуулалт болох “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Санамж бичиг байгуулснаар төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх аж. Цаашдаа бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Зам барилгын ажлын явцад нийтдээ 20-30 мянган түр ажлын байр, амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50 мянга хүртэл ажлын байр бий болно гэж тооцжээ.
“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ Хөгжлийн Зам” ХХК Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 99, 399 дүгээр тогтоолын дагуу Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг 2014 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан. Энэхүү мега төслийг Монгол Улсад анх удаа концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тодруулбал зам барилгын ажлыг гурван жилийн хугацаанд барьж, 30 жил ашиглан төрд шилжүүлнэ. Хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжлэх ьомоохон бүтээн байгуулалт болох учиртай. Төслийг концессийн “Барих – Ашиглах – Шилжүүлэх” /BOT/ нөхцлөөр гэрээ байгуулсан бөгөөд зам барилгын ажлыг 3 жилийн хугацаанд барьж байгуулан, 30 жилийн хугацаанд ашиглан төрд шилжүүлэх юм.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замын трассыг тогтоож, 2015 оны 1-р сарын 15-ны өдөр ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн, олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор ТЭЗҮ-г боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн, ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотой хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн зэрэг багагүй ажил гүйцэтгээн байна.
Харин өнөөдрийн байдлаар Алтанбулаг – Маньт чиглэлийн 450 км хэсгийн зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг дуусгах, Мааньт – Замын-Үүд чиглэлийн 550 км хэсгийн геотехникийн суурь судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
С.ОТГОН