2019 оноос эхлэн “Цагдаа, дотоод цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа С.Бумнанжидтай ярилцлаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын А/37 дугаар тушаалаар 2019 оноос эхлэн “Цагдаа, дотоод цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт баталж, удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр төв, орон нутгийн дарга нарт түүнийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөгдөж зохион байгуулагдсан. Хөтөлбөр 2019-2021 онуудад хэрэгжинэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа С.Бумнанжидтай ярилцлаа.
– Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
– Цагдаагийн байгууллагын албад, газар, хэлтсүүд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дор бүрнээ багагүй ач холбогдол өгч, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа нь нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллах үеэр ажиглагдаж байна.
Соён гэгээрүүлэх ,албаны сургалтын хэлтсийн зүгээс Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Нийслэлийн цагдаагийн газрын Ахмадын хорооны дарга нартай уулзаж уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ахмадын байгууллага, ахмад ажилтнуудыг хэрхэн оролцуулах талаар санал, бодлоо солилцож ярилцсаны дагуу нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа ахмадын зөвлөлүүдийн дарга нарт тодорхой чиглэл өгч ажиллаж эхлэсэн.
Нийслэлийн цагдаагийн газрын Ахмадын хорооноос хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад хандаж “Чаддаг чаддагаараа нэг нэгэндээ тусалъя”, “Алдаанаасаа суралцаж болно”, “Арвин их туршлагаа залуу үедээ өвлүүлье” зэрэг уриалга гаргасан.
Зарим дүүргүүдэд хэв журмын эргүүл, жижүүрийн мэдээлэл хүлээн авах, харилцах харилцааны байдал зэргийг сайжруулах, зөвлөх, туслах чиглэлээр ажиллаж эхлэсэн нь үр дүнтэй ажил юм. Ажил хэрэгч бус хандаж байгаа дүүргийн удирдлагууд ч байна. Бид тухай бүрт нь хэлж, зөвлөж ажиллаж байгаа.
Харин Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтсүүдэд цагдаагийн байгууллага түүхэн замналтай холбоотой сэдвээр ярилцлага зохион байгуулсан. Сахилга, хариуцлага, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх замаар ажлынхаа үр дүнг сайжруулан хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах талаар цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага бүхэн тодорхой санал, санаачилга гаргаж ажиллана гэж найдаж байна.
– Энэ хөтөлбөрийн гол зорилго, чиглэл хамрах хүрээ юу вэ?
– Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооноос Мадрид- 2002 оны чуулганы улс төрийн тунхаглалын “Ахмад үеийнхэн бол цаашдын хөгжлийн хүчирхэг суурь бөгөөд тэдний мэргэжил, туршлага, ур чадвар, мэргэн ухаанд нийгэм өөрөө түшиглэж тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө бус бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох ёстой” гэсэн заалтыг үндэс болгож байгаа. Ахмад, залуу үеийн хамтын ажиллагаа, тэдний түүхэн замнал, алдар гавьяа, ололт амжилтаас залуу үеэ сургаж, төлөвшүүлэх чиглэлийн ажлыг соён гэгээрүүлэх сургалт явуулах ажилтай холбож зохион байгуулах талаар гаргасан саналыг сайшаан дэмжиж уг хөтөлбөрийг боловсруулж гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ утгаараа хөтөлбөрийн зорилгыг Монголын цагдаад хөдөлмөрлөж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудынхаа арвин баялаг туршлага, арга барил, ололт амжилтаас суралцах, сургамж авах, түүнийг үйл ажиллагаандаа уламжлан хөгжүүлэх, байгууллага, ахмад үеийнхээ түүхэн замнал, гавьяат үйлсийг алдаршуулан мөнхлөх, бахархан дуурайх үзлээр залуу халаагаа хүмүүжүүлэн төлөвшүүлэх замаар албандаа хүндэтгэлтэй хандаж, үнэнч шударга ажиллах, амьд орчийн бий болгох явдал юм гэж ойлгох нь чухалтай юм.
Энэ нь нэг ёсондоо цагдаагийн байгууллага алба хаагчдаа соён гэгээрүүлэх, сургаж дадлагажуулах, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаарх бодлогын хэрэгжилтэд ихээхэн түлхэц болох ёстой.
Дээрх зорилгыг хангахад Монголын цагдаагийн байгууллагын түүний дотор ажиллаж, алба хааж байгаа байгууллагынхаа түүхэн замнал, үеийн үедээ байгуулж ирсэн алдар гавьяа, ололт амжилт, түүхэн сургамж, арга туршлагыг судлах, таниулах, түүнийг шинэ цагийнхаа үйл ажиллагаанд уламжлал болгон нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлөн хөгжүүлэх, ажил албанд томилогдсон шинэ тутам алба хаагчдыг ажил дээр нь дагалдуулан сургаж дадлагажуулах, цагдаагийн ажлын өвөрмөц онцлог, нөхцөл байдал дасан зохицох, төлөвшихөд нь биет дэмжлэг үзүүлэх, арга ухаан суухад нь үлгэрлэх зэрэг зорилтуудыг хангах чиглэлийн ажлыг зохион байгуулна гэж ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын ажил маш өвөрмөц, ард иргэдийн амьдралын хэв маяг, уламжлал, салбарын онцлог зэрэгт хамааралтайгаар уян хатан зохион байгуулагддаг, харилцах обьект нь нийгмийн янз бүрийн давхаргын янз бүрийн түвшний боловсрол, мэргэжил, мэдлэгийн ихээхэн ялгамжтай ард иргэд байдаг тул харилцаа хандлагын уян хатан арга барил, байр суурийг эзэмших шаардлагатайгаараа ихээхэн онцлогтой. Энэ шаардлагад залуучуудаа сургаж, дадлагажуулах, төлөвшүүлэх, олон түмнийхээ эрэлт, хэрэгцээг хангасан цагдаагийн үйлчилгээг хүргэхэд ахмад, залуу үеийнхний “Итгэл-хүндэтгэл-бахархал” дээр суурилсан амьд харилцаа бий болж төлөвшиж мөнхлөгдөхөд ихээхэн нөлөө үзүүлэх ёстой гэж харж байна.
Үүний тулд цагдаа, дотоодын цэргийн байгууллага, нэгжүүд өөр өөрсдийнхөө түүхэн замналыг илэрхийлсэн алдар хүндэтгэлийн танхим бий болгох, түүнийг цахим хэлбэрээр бүрдүүлэх арга хэмжээ эхний элжинд зохион байгуулж, албаныхаа бахархал, үнэт зүйлсийн хэмжээнд баяжуулж алба хаагчиддаа судлуулах, тэдэнд бахархах, өвлөж хөгжүүлэх чин эрмэлзлэлийг бий болгоход анхаарал хандуулах ёстой.
Ахмад, дунд үеийн ажилтнуудынхаа ажлын туршлага, арга барил, ололт амжилтыг өөрсдөөр нь бичүүлэх, судлах, түүнийг ном, гарын авлага болгон эмхэтгэж алба хаагчдын гарын авлага, сургамж болгон ашиглах нь шинэ тутам томилогдсон залуу ажилтнуудад ажилдаа суралцаж дадлагажихад дөхөм болгохыг зорьсон чиглэлүүдийг тусгасан.
Ялангуяа олон жил удирдах ажил хийж явсан дарга нарын хүнтэйгээ ажиллах, өдөр тутмын ажлыг удирдлага-хяналтаар хангаж зохион байгуулж ажиллахад анхаарах асуудлыг талаар, гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, нийтийн хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангах, онц ноцтой болон зарим шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааны арга туршлага, ололт амжилт, арга барил, алдаа оноо, анхаарах, сургамж болон асуудлыг талаар бичүүлэх, яриулах замаар алба хаагчдынхаа хүртээл болгох, боломжтой арга барилыг нь эзэмшүүлэх, өвлүүлэх чиглэлийг бодитой хэрэгжүүлэх шаардлагатай.
Түүнээс гадна нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын баялаг туршлагатай, хамт олондоо нэр хүндтэй, хөдөлмөрийн чадвартай ахмад ажилтнуудаас бүрдсэн “Зөвлөх-Зааварлах” баг байгуулж, хэрэг уншуулах, залуу алба хаагчдыг дагалдуулан ажиллуулах, хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах зэрэг хэлбэрээр ахмад залуу үеийн хамтын ажиллагааг тогтмолжуулах, төлөвшүүлэх, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхэд хамтарч ажиллах нь зүйтэй юм гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн болно.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн ахмадын холбоо, ахмадын хороо, зөвлөлтэйгээ хамтран ажиллах, залуу ажилтнууддаа ажлын эрч хүч, урам өгөх, ахмадуудынхаа үлгэр дуурайллаар замнаж хөдөлмөрлөх, цагдаагийн алба ажлын нэр хүндийг өндөрт өргөж ажиллах чин эрмэлзлэлийг төлөвшүүлэхэд аль аль нь ихээхэн анхаарал төвлөрүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
– Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ?
– Цагдаагийн албад бүрийн онцлогт нийцүүлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал төрөл мэргэжлийн алба хаагчдын ажил үүрэг гүйцэтгэх чин эрмэлзлэл, итгэл үнэмшил, арга барил, ур чадвар цаг хугацааг өртөөлөн сайжирна. Нийгмийн хөгжил дэвшлээ дагалдаж ажлын арга барил шинэчлэгдэх нь мэдээж боловч тэр нь ахмад үеийнхний арга ухаанд суурилсан туршлага, сургамж, сургаалиар сэлбэгдэн уламжлагдах боломж аяндаа бий болно гэж харж байна.
Түүнээс гадна Монголын цагдаагийн байгууллагын хөгжлийн түүхэн замнал, хөгжил дэвшил, ололт амжилт, алдар гавьяа манай хойч үе-залуу алба хаагчдын үеийн үед бахархан дуурайх, уламжлан хөгжүүлж алдаршуулах, үүрэг хариуцлага нэмэгдэж уламжлагдах болно.
Цагдаа, дотоодын цэргийн ахмад үе залуу алба хаагчдын ажил, амьдралын холбоо уламжлагдан хөгжих итгэл хүндэтгэлээр баяжих түүхэн холбоо болон мөнхлөгдөх ёстой.
Ингэснээр алба хаагчид ажил албандаа богино хугацаанд гаршин суралцаж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд үнэнч шударгаар аливаа эрсдэл, алдаа эндэгдэлгүй төгс хэрэгжүүлэх боломж бүрдэх учиртай.
Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагууд “Алдар-Хүндэтгэлийн танхим, өргөөтэй болж тэр нь цагдаагийн албанд, тухайн байгууллагад томилогдсон шинэ тутам алба хаагчдын судлах, суралцах, бахархал, төлөвшил олох орчин бий болно.
Олон жил удирдах ажил эрхэлсэн, онц ноцтой хэрэг дээр ажиллаж байсан, төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, цагдаагаар ажиллаж амжилт, бүтээл гаргаж байсан ахмад ажилтнуудаараа арга туршлага, алдаа, оноо амжилт бүтээлийн сургамжтай дурьдатгалыг нь бичүүлэхэд анхаарна. Манай ахмадын холбооноос “Цагдаагийн ой санамж” I, II гэсэн цуврал хэвлүүлж, алба хаагчдын хүртээл болгосон.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ