Сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэхээр болжээ. Энэ хуулийн төсөл нь аж ахуй эрхлэгч нарын үйл ажиллагааг нэлээд хөнгөлнө гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Нэг талаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана” хэмээсэн заалтаа хэрэгжүүлэхээр хөдөлж эхэлсэн бололтой.
Хууль санаачлагчдын хэлж буйгаар бол өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа аж. Энэ нь эргээд бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт болж байгаа тул Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийг төслийг боловсруулж хуулийн нэрийг Зөвшөөрлийн тухай гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Нэг ёсондоо зөвшөөрснөөс бусдыг хориглох биш харин зөвшөөрөлтэйгөөс бусад нь чөлөөтэй байх зарчмыг хуулийн төслийнхөө гол амин сүнс болгожээ. Энэ хууль батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлал илүү баталгаажих гэнэ. Тодруулж хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцааг тов тодорхой болгохыг зорьсон байна. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах харилцаа ил тод, нээлттэй болж, түүнийг дагасан авлига хүнд суртлыг бүрмөсөн арилгана гэж тооцоолж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй зарим төрлийн зөвшөөрлийг цахимаар олгох асуудлыг хуульчилж, зөвшөөрлийн тухай мэдээллийн нэгдсэн сантай байхаар хуулийн төсөлд тусгажээ. Нэг талаар зөвшөөрөл олгох шат дамжлагыг ийнхүү цөөлж хялбарчилж байгаа ч нөгөөтэйгүүр үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг илүү чамбай боловсронгуй болгох асуудлыг ч орхигдуулаагүй гэнэ. Хэрэв Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал өнөөдөр байгаа 1200 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж гурав дахин цөөрөх юм. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа 3-5 жил болж, хэрэвзээ дээрх хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг болно. Өөрөөр хэлбэл богино хугацаатай зөвшөөрөл олгож, ойр ойрхон сунгаж шан харамж авдаг, зөвшөөрлийг нь өгөхгүй гацааж луу унждаг, дураараа зөвшөөрөл бий болгож дураараа авирладаг үйлдлийг таслан зогсоох боломжтой болж байгаа юм байна. С.Бямбацогт нарын 22 гишүүний санаачилсан энэ хууль төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ээлжит бус чуулганаар татварын бодлогод эрс шинэчлэл хийж алслагдсан бүсийн Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг 10 дахин хөнгөлсөн МАН-ын бодлого Зөвшөөрлийн хуулиар үргэлжлэх нь сонгуулийн өмнөх жил тэдэнд нэмэх оноо авчирч таарна. Зөвшөөрлийн бодлогоо ийнхүү өөрчлөх нь эдийн засгаа эрүүлжүүлэхэд нэг алхам урагшлана гэдгийг хэлэлцүүлгийн шатанд эдийн засагчид хэлж байлаа. Зөвшөөрөл гэдэг үг хүнд суртал, явдал чирэгдэл гэсэнтэй утга нэг шахам сонсогдох болсоор олон оныг үдлээ. Үе үеийн Засгийн газар иргэд аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээ, бизнес эрхлэх үйл ажиллагаанд аранга болсоор ирсэн зөвшөөрлийг цэгцлэх тухай зорилт тавьдаг ч тэгсгээд л усанд хаясан чулуу шиг сураг алдардаг байв. Харин эрх баригчид энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн нь үүгээр харагдаж байгаа юм.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
Холбоотой мэдээ