Өршөөлийн хууль хэнд зориулагдсан бэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хууль хэнд зориулагдсан бэ?

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг өчигдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд санал гаргаж хойшлуулаад байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзсэн. Далд эдийн засгийг ил болгох, гадагшаа гарсан их хэмжээний мөнгөн урсгалыг татахад чиглэсэн гэж хууль санаачлагчид тайлбарлаж буй. Харин гишүүд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Эдийн засаг, хууль зүй, төсвийн байнгын хороодоор хэлэлцэх нь зүйтэй

-Миний хувьд энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төслийн танилцуулгыг уншихад Эдийн засгийн байнгын хороогоор заавал хэлэлцэх хэрэгтэй юм байна гэж харагдсан л даа. Төсвийн байнгын хороо бол төсөв сангийн бодлогыг л ярьдаг хороо. Гэтэл бүртгэлд ороогүй хөрөнгийг бүртгэлжүүлэх, гадагшаа гарсан хөрөнгө байгаа бол оруулж ирэхэд нь бололцоо олгох, татварын өршөөл үзүүлэх зэрэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өргөн агуулгатай. Төрийн өршөөл дээр үндсэн төлөх ёстой татвараа төлөөгүйг өршөөх нь зөв үү үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Хүү алдангийг бол ойлгож болж байна. НӨАТ-ын асуудалтай холбоотой хуурамч падаан хэрэглэдэг, 20-30 хүнтэй сүлжээ үүсгэсэн зэрэг ноцтой яриа гарч байна. Энэ талаар Татварын ерөнхий газар, УЕПГ-аас мэдээлэл авахад тоонууд нь хоорондоо зөрөөд байсан. Энэ асуудлууд хуулийн төслийг хэлэлцэх явцад хөндөгдөж таарна. Магадгүй төрийн бодлогод согог байх, татвар хураах үйл ажиллагаанд асуудал байж болно. Тиймээс энэ хуулийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэж үзсэн. Хэрэв энэ хууль батлагдвал төрийн албан хаагчид ХОМ-ээ дахин шинээр өгөхдөө өмнө нь тусгаагүй хөрөнгөө ил болгох, үүнийг нь дахин сөхөхгүй болно. Энэ бол цэвэр хуулийн асуудал учраас Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ гаргах нь зүйтэй. Угаасаа албан тушаалтнуудын ХОМ, АТГ-ын ажилтнуудын өөрсдийнх нь ХОМ-ийг Хуульзүйн байнгын хороо хариуцдаг. Үүний дараа санал дүгнэлтээ нэгтгээд УИХ-ын чуулганд оруулах нь зохистой. Миний бодлоор хуулийн төслийг хэлэлцэх үндсэн байнгын хороо нь Эдийн засгийн байнгын хороо юм болов уу гэж бодож байгаа. Ингэж байж энэ хууль чамбай гарна. Нөгөө талаас иргэд, аж ахуй нэгжүүд зөв ойлголттой болох ёстой. Бас нэг чухал зүйл нь шударгаар татвараа төлж ирсэн аж ахуй нэгжүүд хэдэн жилийн дараа ямар хандлагатай болох вэ гэх асуудал. Тэгэхээр татварын асуудал дээр нухацтай хандах ёстой л гэж үзэж байгаа. Нөгөө талаас эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцсон тоо баримтыг холбогдох хүмүүсээс нь шаардаж, асууна. Далд эдийн засаг 20, 30 хувьтай гээд янз бүрээр ярьж байна. Далд эдийн засгийг ил болгоно гэдгийн ард хичнээн хөрөнгийг бүртгэх юм, гадна талаас орж ирэх хэдий хэмжээний хөрөнгө байгаа юм гэдгийг тооцоолох ёстой. Зарим нэг нь уул уурхайн лиценз гадагшаа гарсан, үл хөдлөх хөрөнгүүд худалдаж авсан гэдэг. Бас газрын наймаагаар олон сая доллар гадагшаа гарсан гэдэг хардлага бий. Энэ бол батлагдсан мэдээлэл биш. Үнэхээр хөрөнгийн ийм шинэ эх үүсвэр байвал түүнийгээ татах ажлыг оролдоод үзэх хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ дэмжсэн хууль гаргах нь чухал

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах ёстой. Гол нь баялаг бүтээгчдээ, бизнес эрхлэгчдээ дэмжсэн байх ёстой. Гэтэл цагаан захтнуудын хөрөнгө орлогыг нуух, хаацайлах талруугаа орж ирчихээд байна. Энэ байдлаараа хууль батлагдвал өмнө нь ХОМ-дээ тусгаагүй хөрөнгөө ил болговол өршөөнө, сүүлийн 5 жилийн ХОМ-ыг хүчингүй болгож, хөөн хэлэлцэх асуудал босгохгүй байх зэргээр албан тушаалтнуудад үйлчилсэн заалтыг товойлгосон нь энэ хуулийг дэмжихгүй байх нэг үндэслэл.

Энэ асуудлыг хуулийн хүрээнд тодорхой хэмжээгээр авч үзэж болно. Хуулийн нийт агуулгын 90 хувь нь баялаг бүтээгчдэд чиглэсэн байх ёстой. 1990 оноос хойш Монголчууд янз бүрийн эрхзүйн орчинд бизнес эрхэлж ирлээ. Өөрөөр хэлбэл мэдэхгүй замаараа явж , зах зээлийн харилаа, олон улсын бизнесийн зарчим, дүрэм журам ямар байдгийг үзэж туулж байна. Энэ хугацаанд бизнес эрхлэгчид санаатай, санамсаргүй олон алдаа гаргадаг. Нөгөө талаас хууль эрхзүйн ойлгомжгүй байдал нь хууль зөрчих, хуулиас зайлсхийх байдал руу түлхэж байна. Энэ байдлаа цэгцлэхгүй бол бизнес эрхлэгчид маань хууль хүчний байгууллагын дарамтанд орох боллоо. Сүүлийн гурван жилийн дотор 11 мянган аж ахуй нэгжид хуулийн байгууллагаас асуудал үүсгэсэн гэдэг тоог УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан. Өнөөдөр Монгол Улсад татвар төлж байгаа 30-аад мянган аж ахуй нэгж бий. Үүнийхээ 3/1-ийн хууль хүчний байгууллага дарамталчихсан байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх явцад шударгаар татвараа төлж ирсэн аж ахуй нэгжийг дэмжих хөшүүргийг хийж өгөх ёстой. Намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг баталсан. Үүн дотор нийгмийн даатгалын болон татварын тайлангаа үнэн зөвөөр гаргаад эдийн засгийн хүндрэлээс хамаарч төлж чадахгүйд хүрсэн аж ахуй нэгжүүдэд татвараа эргэн төлөх зэрэг өөр сонголтууд олгох санал оруулсан. Эдийн засгийн өршөөлийн хуультай зэрэгцээд энэ асуудал бас орж ирэх байх. Мөн татварын шинэчлэлийн бодлого орж ирэх учиртай. Ингээд нэг улаан шугам татчихвал үүнээс хойшхи тайлангаа үнэн зөвөөр гаргаад явбал эдийн засагт томоохон нөлөө үзүүлж чадна.


УИХ-ын гишүүн Д.Сумъябазар: Энэ хуулийг зөв эсэхэд эргэлзэж байгаа

-Бүлэг бол энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа гэж ойлгосон. Миний хувьд ажлын хэсэгт орж ажиллаагүй учраас хуулийн төслийн талаар нарийн мэдээлэл алга. Ер нь энэ хуулийг хэнд, ямар хэсэг бүлэгт зориулаад байна вэ гэдэг хардлага төрүүлж байгаа. 2008 онд Монгол Улс татварын өршөөлийн хууль гаргасан. Энэ хууль зөв эсэх дээр хувь гишүүнийхээ хувьд эргэлзэж байгаа.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Тодорхой тооны хүмүүсийг хамруулах агуулгатай учраас бүлэг дэмжээгүй

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар ямар боломжийг олгох вэ гэхээр урьд өмнө татвараас нуусан орлогоо ил болгох юм. Бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө байгаа бол түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нэг ёсны Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудад хамаарах болж байгаа.Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд татварын маргаан нь эрүүгийн гэмт хэрэг болсон тохиолдолд хамаарахаар заасан нь дээрх хуулийн төслийн адил үйлчлэл нь маш явцуу хүрээг хамаарч байгаа. Хууль хүн бүрт тэгш, шударга үйлчлэх ёстой. Хувь хүн аж ахуйн нэгжээ бага, том гэлгүй хамруулах ёстой. Гэтэл УИХ-д өргөн баригдсан дээрх төслүүд нь тодорхой тооны хүмүүсийг хамаарахуйц агуулгатай болсон нь бүлгийн хувьд дэмжих боломжгүй байсан.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зөвхөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд чиглэх ёсгүй

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эдийн засгийн өршөөлийн хуультай холбогдуулан Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хандан тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох үед гишүүд мэдээлэл авсан. С.Бямбацогт гишүүн хуульд хэн хамрагдах юм, ямар үр дүн гарах юм бэ, эдийн засгийн хөшүүрэг нь юу юм гэдгийг тодруулсан. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх зориулалттай л болохоос биш эдийн засгийн хөшүүрэг болох тал нь их муу байсан. Тэр утгаараа гишүүд маш их шүүмжилсэн. Хуулийн хамрах хүрээ нь зөвхөн Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх.Миний хувьд ч Шударга ёс эвслийн бүлгийн хувьд хууль батлагдаж байгаа бол үр өгөөжийг нь чанаржуул гэсэн байр суурь баримталж байгаа.Эрүүгийн хуулин дотроос энэ асуудлыг сугалж аваад хэрэггүй л байхгүй юу. Хэрвээ эдийн засагтай холбоотой гэж нэрлэж байгаа бол компанийн өр зээл байна уу, өөр юу байдаг юм, өргөн багцаар оруулах ёстой. Шударга хэлэхэд хэтэрхий өрөөсгөл л санагдаад байгаа.

С.ОТГОНСҮРЭН
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж