Ятендра Датт Амоли бол хятад оюутнуудад йог заадаг энэтхэг багш. Гэхдээ Амоли багш хичээл заасныхаа дараа өөрөө оюутан болж хувирдаг.
Хятад болон Энэтхэгийн соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд йогийн багшаар Хятадад ирсэн тэрбээр Тай чи хэмээх Хятадын эртний бие хамгаалах урлагийг ихэд сонирхдог бөгөөд энэ урлагийн талаар илүү ихийг ойлгож мэдэхийн тулд хятад оюутнууд болоод найз нөхдөөсөө байнга суралцдаг байна.
Тавдугаар сарын 15-22-нд Хятад улсын нийслэл Бээжин хотноо болох Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн бага хурлын дүнд улс орнуудын иргэд бие биеийнхээ соёлын талаар харилцан суралцах явдал улам түгэн дэлгэрэх нь дамжиггүй. Уг бага хурал нь улс орнуудын соёлын олон янз байдлыг сурталчлан таниулж, соёлын солилцоог эрчимжүүлж, бие биеийнхээ соёлоос харилцан суралцахыг хөхиүлэн дэмжих зорилготой юм.
ӨНГӨЛӨГ БАГТ НААДАМ
Ази бол дэлхийн нийт газар нутгийн 30 хувь, хүн амын 59 хувийг эзэлдэг тив юм. Тус тив нь Хятад, Энэтхэг болон Месопотами зэрэг дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн гол төв билээ.
Өдгөө тус тив нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй гол хөдөлгүүр нь болоод байна. Олон улсын валютын сангийн мэдэгдсэнээр, 2018 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгээс илүү хувийг Ази тив дангаараа бүрдүүлжээ.
“Азийн соёл иргэншил нь хамгийн тогтвортой, бат бөх бөгөөд уян хатан болохыг цаг хугацааны шалгуур бидэнд нотлон харуулсаар байна” гэж Бээжингийн гадаад судлалын их сургуулийн профессор Дэвид Бартош хэлэв.
Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн бага хурлын хүрээнд Ази болон бусад тивийн 47 улс орны залуучууд, эрдэмтэн судлаачид болон албаны хүмүүсээс гадна олон улсын байгууллагуудын гишүүд Бээжин хотноо нэг долоо хоногийн турш чуулна. Энэхүү бага хурлын албан ёсны цахим хуудаст Камбожийн Ангкор-Ват сүм, Энэтхэгийн Таж Махал бунхан зэрэг Дэлхийн өвийн жагсаалтад багтсан газруудаас эхлээд Персийн уран баримлууд болон Араб бүжгийн талаарх тайлбар бүхий гэрэл зургууд багтсан бөгөөд тус цахим хуудаст зочилсон хэн бүхэн Азийн соёл иргэншлийн талаарх ойлголт мэдлэгээ зузаатгах боломжтой.
Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн бага хурал нь “Азийн соёл иргэншлүүдийн дундах соёлын солилцоо ба хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” сэдвийн хүрээнд болж байгаа юм.
Бага хурлын хүрээнд болох зургаан хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид бүс нутаг болоод дэлхийд ач холбогдол бүхий соёлын асуудлуудыг хөндөх бол залуу уран бүтээлчид, кино болоод хоолны соёл сонирхогчид Азийн соёлын багт наадамд оролцох боломжтой.
Мөн энэ долоо хоногийн турш Азийн өөр өөр улс орон болон соёлыг онцолсон баярын жагсаалууд болно.
ХҮЧИРХЭГ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ
“Кино болон хоолтой холбоотой аливаа арга хэмжээ бол миний хувьд алгасаж орхигдуулж болшгүй үйл явдал юм. Иймэрхүү арга хэмжээ нь залуучууд бидний хувьд соёлын талаар бие биеэсээ харилцан суралцах, яриа өрнүүлэх гайхалтай сайхан боломж гэж би үздэг” гэж Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн бага хуралд сайн дурын ажилтнаар ажиллаж буй оюутан Шан Зилай ярив.
Бидэн шиг залуус бусад улс орны соёлын талаар илүү эрт судалж, илүү ихийг сурч мэдэх нь бид бүхний ирээдүйд тустай гэж гадаад хэлний ангийн оюутан Шан Зилай хэллээ.
Бага хуралд оролцож буй зочид төлөөлөгчдөд долоо хоногийн турш үйлчлэх тэрбээр “Миний орчуулах ур чадвар бусад хүнд гадаад соёлын талаар илүү сайн ойлгоход тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Бага хурлын хүрээнд засаглал, соёлын олон янз байдал, соёл ба аялал жуулчлал, соёлыг хамгаалахад залуучуудын үүрэг оролцоо, Азийн соёл иргэншилд дэлхийн нөлөө ба соёлын талаар харилцан суралцах нь зэрэг сэдвээр зургаан хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ бага хурал нь Азийн улс орнуудад нэг нэгийнхээ соёлын талаар илүү ихийг ойлгож, илүү их мэдлэг мэдээлэлтэй болох боломжийг олгож байна гэж Мьянмарын Стратеги ба олон улс судлалын төвийн тэргүүн, бага хуралд урилгаар оролцож буй Ко Ко Хлаинг хэллээ.
Мөн буруу ойлголт болон худал мэдээллийн улмаас өнөөдөр бидэнд тулгарч буй янз бүрийн асуудлыг энэ бага хурлын ачаар нэг тийш нь болгож шийдвэрлэх боломжтой гэж тэрбээр ярив.
Эрт цагт Торгоны зам нь Ази болон алс холын Өрнөдийн улс орнуудын хооронд зөвхөн бараа бүтээгдэхүүнээр зогсохгүй шинэ санаа, технологи болоод соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Азийн соёл иргэншлийн асуудлаарх бага хурал нь өөр өөр нийгэм болоод соёл иргэншлүүдэд цаашид хамтран ажиллах боломжуудыг нээнэ гэж Ко Ко Хлаинг үзэж байна.
СОЛИЛЦООГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ
Солилцооны хөтөлбөрийн хүрээнд Бээжинд сурч буй вьетнам оюутан Фан Тхи Нгок Хан ярихдаа “Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн бага хурлын боловсролын солилцооны хөтөлбөртэй холбоотой асуудлууд миний анхаарлыг ихэд татаж байгаа” гэв.
Сүүлийн жилүүдэд Хятад болон Азийн орнуудын хооронд соёлын солилцоо эрчимжсээр байна.
Хятадын баруун урд нутгийн Юньнань мужийн төв Куньмин хот дахь Юньнанийн үндэстний их сургуульд 2015 онд Хятад-Энэтхэгийн йогийн коллеж байгуулагджээ. Йогт шимтэгчид олширсноор Хятад-Энэтхэгийн йогийн коллеж нь 2017 оноос магистрын сургалттай болсон байна. 2017 онд л гэхэд 18800 гаруй гадаад оюутан Юньнань мужид суралцахаар очжээ. Юньнань нь Хятадын баруун өмнөд нутгийн хилийн муж бөгөөд Зүүн өмнөд Ази болон Өмнөд Азид нэвтрэх нэгэн гарц билээ.
2018 онд Юньнанийн үндэстний их сургуульд оюутнууд Олон улсын йогийн өдрөөр йог хийж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Се Зию)
Хятадын телевизийн нэвтрүүлгүүд ч Азийн улс орнуудад олон үзэгчтэй болсоор байна. 2015-2018 онд Вьетнамтай хиллэдэг Хятадын Гуанси Жуаны ӨЗО-ы нэгэн телевиз Хятадын 130 гаруй олон ангит кино, 196 баримтат кино болон 104 анимэйшн шоуг вьетнам хэлнээ орчуулсан байна.
“Хятад болон Вьетнамын соёл ижил төстэй. Хятадын цуврал кинонуудад хөндөгдсөн нийгмийн олон асуудал вьетнамчуудын дунд яригдаж, тэдгээр асуудлаас үлгэр дууриал, сургамж авч байдаг” гэж Вьетнамын ШУА-ийн судлаач Пхунг Тхи Хуе ярив.
Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Бээжинд сурч буй Пхан Тхи Нгок Хан мөн “Манай хоёр улсын соёл маш ижил төстэй. Тухайлбал, үндэсний хувцас болон цайны соёлыг дурдаж болж байна” гэлээ.
Мөн тэрбээр “Манай Азийн улс орнууд ойр дотны найзууд шиг байх хэрэгтэй. Найзууд харилцаа холбоогоо улам илүү гүнзгийрүүлж, бие биеэсээ харилцан суралцах хэрэгтэй” гэж ярив.
Хятадын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны туурай модны намрын үзэмж. 2017 оны 10 дугаар сарын 13-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Дэн Хуа)
Мьянмарын Рангун хот дахь Шведагон суваргын зураг. 2014 оны 5 дугаар сарын 9-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ли Пэн)
Холбоотой мэдээ