Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Рэйва он тооллын анхны башёг бэртлийн улмаас өнжихөөр болсон. Түүний гол өрсөлдөгч, тэмцээнд түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан Японы шинэхэн озэки 22 настай Такакэйшо мөн хүнд гэмтэж тэмцээнийг орхихоор болжээ.
Тэрбээр өчигдрийн /2019.05.15/ барилдааны үеэр баруун өвдгөндөө хүнд гэмтэл авсан байна. Япончуудын хувьд гол найдвар болж байсан Такакэйшо ийн тэмцээнийг орхих болсондоо ихэд харамсч байгаа бололтой сэтгүүлчдийн асуултад “зүгээр ээ” хэмээн хариулжээ.
Такакэйшо өөрөө цааш барилдах хүсэлтэй байсан ч дэвжээний багш нь гэмтлээ бүрэн эдгээлгүй дахин барилдвал бүр ч хүнд гэмтэх аюултай учир энэ удаагийн тэмцээнийг өнжөөх шийдвэр гаргаснаа тайлбарласан байна. Хэрвээ долдугаар сард дахин барилдахгүй бол “Кадобан” болж цолоо хамгаалах барилдаан хийх шаардлагатай болно.
Эх сурвалж:KYODONEWS
Холбоотой мэдээ