Өндөр боловсролтой “ДОН ЖУАН”

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Өндөр боловсролтой “ДОН ЖУАН”

Өндөр боловсролтой “ДОН ЖУАН”

Тайланд нь Үндсэн хуульт хаант засаглалтай. Төрийн эрх мэдэл нь Засгийн газарт төвлөрдөг. Хаан нь улс орны энхтайван байдлын бэлгэдэл. Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет IX Рам 89 насны босгон дээр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, одоогоос гурван жилийн өмнөөс хүү нь хаан ширээг залгамжлах болсон билээ. Бид энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Тайландын Маха Вачиралонгкорн хааны тухай онцолж байна.

ХААНЫ ХЭРГЭМИЙГ ХАМГИЙН ӨТӨЛ НАСАНДАА ХҮРТСЭН ХУНТАЙЖ

Тайландын хааны бүтэн нэр Сомдейт Пхра Боромма Орасатхират Чао Фан Маха Ватчиралонгкорн Саям Макутрачакуман юм. Тайландын хаан 10 дахь Рама буюу Маха Вачиралонгкорн нь 1952 оны долдугаар сард төржээ. Тэрбээр бага насаа Бангкок хот дахь Хааны ордонд өнгөрүүлж, 13 настайд нь Их Британид сургахаар илгээсэн байна.

Таван жилийн дараа Австралийн Дантруны хатан хааны цэргийн коллежид суралцаж, цэргийн нисгэгчийн мэргэжил эзэмшжээ. Тухайн үед хунтайж сургуульд суралцах хэцүү байсныг хүлээн зөвшөөрч, “Хааны гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн, хэт их эрхлүүлдэг байсан тул сурахад бэрхшээлтэй байсан” хэмээн ярьж байсан аж.

Англи болон хэд хэдэн гадаад хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн тун ухаалаг хаан хэмээн хэвлэлүүдэд бичжээ.

Тайландын Эзэн хаан Пхумипон Адульядет таалал төгсөхөөсөө өмнө угсаа залгамжлагч ханхүү Маха Вачиралонгкорнд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө мэдэгдэж, олон жилийн турш төрийн үйл хэрэгт бэлтгэж, 1972 онд угсаа залгамжлагчаараа тодруулжээ.

Тухайн үед Вачиралонгкорн 20 настай байсан бөгөөд түүнийг “Хаан ширээнд суух чадваргүй” гэх шүүмжлэл гарсаар байсан аж. Мөн Вачиралонгкорны мөрийтэй тоглодог, бүсгүйчүүдтэй зугаацах дуртай, хууль бус санхүүгийн ажиллагаанд холбоотой зэрэг мэдээллүүд нь ил болжээ.

1981 онд Тайландын хатан Сирикит өөрийн хүү Вачиралонгкорныг “Дон Жуан” хэмээн нэрлэж, хааны албан үүрэгт суралцахын оронд бүсгүйчүүдтэй цэнгэж, цагийг өнгөрүүлдэг болохыг нь хүлээн зөвшөөрчээ.

Вачиралонгкорн эдүгээ 66 настай. Цэргийн нисгэгч тэрбээр Тайландын коммунист босогчдын эсрэг нутгийн хойд хэсэгт тулалдаж, Кампучийн хилийн ойролцоо вьетнам партизануудтай байлдаж явжээ. Тайландчууд засгийн эрх мэдэл Маха Вачиралонгкорнд шилжихээс ихээхэн эмээж байсан гэдэг. Учир нь Маха ясны цэргийн хүн учраас үг хэлэх эрх чөлөө, ардчилал, Үндсэн хуульт хаант засаглал хумигдана хэмээн болгоомжилсонтой нь холбоотой аж.

Тайландчууд талийгаач хаан, түүний хатан болон гүнж Махи Чакри Сириндорнд хайртай бол Маха Вачиралонгкорн дургүй, хүндэлдэггүй хэмээн гадны хэвлэлүүдэд бичсэн нь бий.

ХААН ШИРЭЭНД ЗАЛРАХДАА 7.3 КГ ЖИНТЭЙ АЛТАН ТИТЭМ ЗҮҮЖЭЭ

Өнгөрсөн хугацаанд Маха Вачиралонгкорнд ард түмний шүтээн эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсээр буй юм. Маха Вачиралонгкорны хаан ширээнд залрах ёслол тавдугаар сарын эхээр Тайландын нийслэл Бангкок хотноо болсон билээ. Хаан сэнтийд залрах ёслолын үеэр 66 настай Маха Вачиралонгкорн 7.3 кг жинтэй алтан титэм зүүжээ. Тэрбээр мөн дараагийн эзэн хаанд шилжүүлэн өгдөг таван эрдэнийг гардан авсан байна.

Тайланд парламентын засаглалтай боловч эзэн хаан нь томоохон шийдвэр гаргах эрх мэдэлтэй. Мөн эзэн хаан болон гэр бүлийг нь ямар ч нөхцөлд доромжлох зэргийг хатуу хориглодог байна. Сүүлийн арван жилийн хугацаанд эзэн хааны гэр бүлийг доромжилсон гэх хэргээр олон зуун хүн ял сонсжээ.

2014 онд армийнхан төрийн эргэлт хийж, Тайландын бүх эрх мэдлийг гартаа авсан ч Эзэн хааны эрх мэдлийг хязгаарлахгүй, төрийн томоохон чухал шийдвэрт оролцохыг зөвшөөрсөн ажээ.

Вачиралонгкорны мэдэлд 5000 хүний бүрэлдэхүүнтэй хувийн харуулын алба, мөн жилд 300 сая ам.доллар зарцуулах эрхтэй Хааны сан хөмрөг харъяалагддаг байна. Тэрбээр хааны хэргэмийг хамгийн өтөл насандаа хүртсэн хунтайж болжээ.

БИЕ ХАМГААЛАГЧТАЙГАА ГЭРЛЭЖ, ХАТНААР ӨРГӨМЖЛӨВ

Маха Вачиралонгкорн хааны амьдрал эрээнтэй бараантай. Тэрбээр нийт дөрвөн удаа гэрлэжээ. Түүнийг маш олон амрагтай, олны танил бүсгүйчүүдтэй дотно харилцаатай байсан" хэмээн шуугидаг ч хааны ордныхон уг яриаг газар авахуулахгүй байх арга хэмжээг тухай бүрд нь авдаг байсан аж.

Маха Вачиралонгкорн хаан ширээнд залрахаасаа гурван өдрийн өмнө дөрөв дэх удаагаа хуримаа хийв. Тэрбээр торгон цэргийн ангийн дэд командлагч Сутида Тиджайтай гэрлэж хатнаар өргөмжилсөн билээ. Тэднийг мөн олон жилийн өмнөөс хайр сэтгэлийн холбоотой байсан хэмээн шуугидаг аж.

Сутида 2014 оныг хүртэл иргэний агаарын тээврийн "Thai Airways" компанийн онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан ба нэг л өглөө эзэн хааны торгон цэргийн дэд командлагч болжээ.

Өдгөө 40 настай Сутида өнөөгийн эзэн хааныг угсаа залгамжлагч ханхүү байхаас нь дотно харилцаатай, олон жил нууц амраг нь байсан гэх мэдээлэл ч байдаг аж. Тайландын Эзэн хаан 2016 онд Сутидаг армийн генерал цол хэргэмээр шагнасан байна.

Эзэн хаан 1977, 1994, 2001 онуудад гурван удаа гэрлэжээ. Тэрбээр эхний гурван гэрлэлтээсээ нийт хоёр охин, таван хүүтэй ч гурав дахь хатнаасаа төрсөн ханхүүгээ угсаа залгамжлагчаараа тодруулсан байна. Тайландын шинэ хааны хүүхдүүдээс гурав нь л хааны удмын ханхүү болон гүнж гэсэн хэргэмтэй аж.

ГАДНЫ ХЭВЛЭЛҮҮДИЙН БААТАР-ШИВЭЭСТ ХААН

Тайландын шинэ хаан гадны хэвлэлүүдийн баатар. Түүний тухай олон дуулиантай мэдээлэл барууны хэвлэлүүдээр удаа дараа цацагджээ. 2002 онд Британийн “The Economist” сэтгүүл Тайландын угсаа залгамжлах хунтайжийг биеэ зөв зохисгүй авч явдаг гэж бичсэн бол 2010 онд хунтайжийг иргэд нь үзэн ядаж, түүнээс айдаг хэмээн бичиж байсан аж. Эдгээр нийтлэлтэй сэтгүүлийн дугаарыг Тайланд даяар худалдаалахыг хориглож байжээ.

Маха Вачиралонгкорн хаан хачирхалтай шийдвэрүүд гаргаж олныг гайхшруулдаг нэгэн аж. Тухайлбал, тэрбээр өөрийн хайртай, “Фу-Фу” нэртэй пудель нохойндоо Тайландын вант улсын Агаарын зэвсэгт хүчний маршал цол олгож байжээ.

2009 онд “Фу-фу”-гийн төрсөн өдрийг зоогийн газарт нижгэр тэмдэглэсэн байна. Энэ үеэр “Фу-фу” нохой нь костюмтай, хатагтай Срирасми олны өмнө бикинитэй, цээж нүцгэн гарч ирсэн аж. “Фу-Фу” нохойг үхсэний дараа дөрөв хоногийн гашуудал зарлаж, нохойны цогцсыг чандарлажээ.

Хаан Маха Вачиралонгкорн зарим үед хачин үйлдэл хийдэг байна. Жишээлбэл, 2009 онд Мюнхенд аялах үеэрээ жинсэн өмд, сандаал өмсөж, цамцаа дээш шуун, нуруу, гар дээрх шивээсээ харуулсаар онгоцноос буужээ. Эхнэр Срирасми нь ч нөхрөөсөө ялгаагүй хувцасласан байсан аж.

“The Australian” сонин 2011 онд “WikiLeaks” сайтын мэдээллээс иш татан хаан ширээ залгамжлагчийн эрүүл мэндийн байдал ноцтой асуудалтай. Сэтгэл санааны хямрал нь гэнэтийн “санаанд багтамгүй, ширүүн” үйлдэл хийхэд хүргэдэг гэж мэдээлжээ.

Мөн түүнийг ДОХ-ын халдвартай, цусны өвчтэй, гепатит С вирустэй, хорт хавдартай учир байнга цусаа сэлбүүлдэг зэрэг мэдээллийг дэлгэж байсан аж.

Маха Вачиралонгкорныг ямагт цуу яриа дагалддаг байна. Хар тамхичдын цуглардаг төв Пханган хэмээх арал түүний мэдлийнх хэмээн цуурсан удаатай ажээ.

Эх сурвалж: Reuters, Daily Mail, People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж