Миний бие анхлан 2012 онд Тайваньд мэргэжил дээшлүүлэх боломж гарч 3 сарын хугацаатай суралцсан юм. Тэр үед Тайваний эрүүл мэндийн тогтолцооны онцлог, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, англи хэлний мэдлэг, ажлын хариуцлага, тэдэнд зориулсан төгсөлтийн дараах сургалтууд, эмнэлгийн хүчин чадал, менежмент, тоног төхөөрөмжийн чансаа, нэн ялангуяа Тайванийн Үндэсний Эрүүл мэндийн даатгалын системтэй анхлан танилцаад үнэхээр биширсэн. Хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл бол эмч, багш, мэргэжилтнүүдийн эелдэг, тусч, өгөөмөр, ажилдаа чин сэтгэлээсээ хариуцлагатай ханддаг байдал нь намайг маш их зүйл бодоход хүргэж байв. Мөн гадны эмч мэргэжилтнүүдийн суралцах боломжийг хангахад дээд зэргээр анхаардаг нь мэдрэгддэг. Энэ сайхан боломжийг ганцаараа бус олон олон монгол эмч мэргэжилтнүүдтэй хуваалцах ёстой юм байна гэсэн мөрөөдөлтэй болж өдийг хүртэл хичээн, амжилттай ажиллаж байна.
Харамсалтай нь 5 жилийн өмнө миний бие тархины цус харвалт оношийн улмаас Монголд эмчлэх боломжгүй гээд Тайванийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгт нэг удаа, Чангэнг мемориал эмнэлэгт гурван удаа мэс засал хийлгэсний ачаар аврагдсан билээ. Амьдрал, амь насны чухал эргэлтийн үед эмч нарын ачаар эрүүл болж мөн өөрөө эмч хүний хувьд Тайванийн эрүүл мэндийн салбарын чадамж, технологийн талаар өргөн цар хүрээтэй ойлголттой болсон юм. Өдгөө миний ажилладаг Шүд, эрүү нүүрний төв нь Тайванийн мэргэжил нэгт нөхдүүдтэй хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна.
Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв нь өнгөрсөн жилийн намар одоогийн байгаа шинэ байрандаа нүүж орсон ба Тайванийн Катай эмнэлэг, Тайпэйн Ветеран эмнэлгийн төлөөллүүд манай төвд зочлохдоо, бидэнд давхрын зохион байгуулалт, хуваарилалт, нэн ялангуяа ариутгал халдваргүйтгэлийн тасгийн зохион байгуулалт зэрэг барилгыг тохижуулах тал дээр мэргэжлийн хүний нүдээр харж, үнэ цэнэтэй зөвлөгөө өгөхийн сацуу дээрх хоёр эмнэлэг болон Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас хамтарч тодорхой төсөв мөнгийг шийдсэнээр тус төвд хэрэгтэй зарим төхөөрөмж хэрэгслийг хандивласан. Манай байгууллагатай нягт хамтран ажилладаг Тайванийн Катай эмнэлэг, Чангэнг мемориал эмнэлэг, Тайпэйн Олон улсын эмнэлгийн мэргэжилтний сургалтын төв (TIHTC) зэрэг байгууллага шүдний чиглэлийн дэлхийн хамгийн шилдэг, өндөр үнэтэй 400 гаруй ном,сурах бичгийг хандивлаж манай эмч мэргэжилтэнүүдэд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийсэн. Мөн түүнчлэн Тайванийн их, дээд сургуулиуд, судалгааны байгуулагуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ, нийтлэлийн чадамж нь дэлхийн түвшинд үнэлэгддэг гэдгийг мэдэж авсан.
Тайванийн албаны хүнээс сонссоноор 800 гаруй монгол эмч, эмнэлгийн ажилтнууд Тайванийн эмнэлгүүд дээр сургалтанд хамрагдсан гэсэн судалгаа байдаг. Үүнээс миний бие болон манай хамт олноос 40 орчим хүн сургалтад хамрагдсан нь нийт ажиллагсдын 2/3 хувийг эзэлж байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын сургалтаас гадна Тайваньтай эм бэлдмэл, эмнэлгийн төхөөрөмж хэрэгсэл, эмчилгээний туршлага, мэдээлэл, технологи дамжуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ард иргэдийн эрүүл энхийн төлөө эмнэлгийн зориулалтын ор, диализийн аппарат, тэргэнцэр, шүдний эмнэлгийн төхөөрөмж зэрэг нэн шаардлагатай зүйлсийг хандивлаж байсныг сайн санаж байна. Манай шүдний эмнэлгийн салбарт ч Тайванийн мэргэжил нэгт нөхдүүд маань багагүй хөрөнгө оруулалт хийж Нийслэлийн 6 дүүргийн дунд сургуулиудыг шүдний эмнэлэгтэй болгосон. Мөн жил бүр цөөнгүй тооны шүдний эмч нар ирж алслагдсан орон нутаг, дүүргийн хүүхдүүдийг эмчлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сайн дурын ажлыг хийдэг. Монгол улсаас гадна Тайванийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дэлхийн өнцөг буланд хүрч, эмнэлгийн олон талт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, туршлага мэдлэгээ харамгүй хуваалцаж, нэн ялангуяа хөгжиж буй орнуудын эмнэлгийн чанар, хүртээмжийг сайжруулж ард иргэдийн эрүүл энхийг сахих үйлсэд оруулж буй хувь нэмрээр үргэлж бахархдаг юм.
Би цөөнгүй газар суралцаж, дадлага хийж байсан. Эдгээр улсад эмнэлэг эмч нар нь орчин үеийн шинэ тоног төхөөрөмж, эм материал хэрэглэдэг бол маш их бахархаж, өндөр ач холбогдол өгч, сурталчилж үйлчлүүлэгчээ татдаг нь анзаарагдсан. Гэтэл Тайванийн эмнэлгүүд орчин үеийн, үнэтэй, чанартай багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан атлаа үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь намайг ихэд гайхахад хүргэж байв. Сайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эм хангамж бол зөвхөн сайн туслагч, хамгийн гол нь эмчийн мэдлэг чадвар, сэтгэл чухал шүү гэдгийг Тайванийн олон багш, найз нараасаа сонсож байлаа. Ийм амбицгүй, цэвэр ёсзүй олон газар байдаггүй гэж би боддог.
Өвчин эмгэг тархахад хил хязгаар үгүй, иймээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлс бол дэлхий нийтийн нэгдсэн зорилт байх ёстой гэж боддог. Тайванийн эмчилгээний чанар, үнэлэмж дэлхийн жишигт хүрсэн, түүнчлэн эмчилгээний ёс зүй талаасаа ч халдварт болон бусад өвчний гаралт, тархалтыг хязгаарлахад Тайванийн мэдлэг туршлага чадамж багагүй хувь нэмрээ оруулдаг гэдэгт итгэдэг. Тайванийн 1 иргэн жилд дунджаар 13,4 удаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг гэсэн судалгааг хараад, Тайванийн эрүүл мэндийн тогтолцоо, хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшнээр ихэд бахархсан. Түүнчлэн миний мэдэхээр, Тайванийн эрүүл мэндийн тогтолцоо сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхийд тэргүүлж буйгаар бахархдаг юм.
Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга
АУ-ны магистр, клиникийн профессор Б.ӨНӨРБИЛЭГ
Холбоотой мэдээ