Рио-Тинтогийн хувьцааны үнэ унасан нь засаглалтай нь холбоотой

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

LiveРио-Тинтогийн хувьцааны үнэ унасан нь засаглалтай нь холбоотой

Рио-Тинтогийн хувьцааны үнэ унасан нь засаглалтай нь холбоотой
17 : 27
2019-5-16

Ч.Хүрэлбаатар: Рио-Тинтогийн хувьцааны үнэ унасан нь компанийн засаглалтай холбоотой

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 66.7 хувиар дэмжснээр чуулганы хуралдааныг хаалаа.

Төсвийн хүрээний мэдэгдэлд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцсон болохыг Сангийн сайд онцолсон. Салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх,  Засгийн газрын нийт өр болон өрийн үйлчилгээний зардлыг багасгаж, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, гадаадын зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн төсөл, арга хэмжээнд зарцуулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр мөн тооцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Манай намын 2016 оны мөрийн хөтөлбөрийн “Монгол малчин” гэсэн бүлэг хэсэгт тусгагдсан амлалтууд хэрхэн тусгагдсан бэ. Мөн орон сууцны хөтөлбөрт хамруулж нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна гэсэн амлалтын хэрэгжилтийг БХБ-ын сайдаас асууя.

БХБ-ын сайд Х.Баделхан:

Өнгөрсөн жил ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүд инженерийн дэд бүтцэд холбогдсон тохиолдолд  хот, хөдөөгийн аль аль нь 60 сая хүртэлх төгрөгийн найман хувийн зээл олгохоор тусгасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр батална. Үүн дотроо төрийн албан хаагчдыг мөн  малчдыг хамруулна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

2016 оны сонгуулиар бид шинээр ямар нэгэн татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Амлалт бол амлалт, үүнийгээ сонгуулийн хугацааг дуустал биелүүлэх учиртай.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар ярих үед Ерөнхий сайд нь оролцоод хариулт өгдөг. Ерөнхий сайд мотоцикл унаад явж байхыг бодоход завтай байна гэж ойлгосон. Итгэлийн зээлдээ та нар 2020 оны төсөвт хэдий хэмжээний мөнгө төсөвлөх вэ. Мөн 2020 онд эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа хэрхэн тооцож байгаа вэ. 1072 хувьцааны ашгийг өгөхгүй юм уу. 26 мянган төгрөгтөө гол биш хувьцаа эзэмшигч гэдгээ нотлох нь чухал байгаа юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

2016 онд зээлийн жигнэсэн дундаж үнэ 19.7 хувьтай байсан бол  одоо 16 орчим хувьтай байна. Мэдээж энэ нь хангалтгүй гэдэгтэй санал нийлнэ. Итгэлийн зээл олгох тухай  хуулийн төслийг хууль санаачлагчид нь намын бүлгийн хурал дээр танилцуулсан. Бүлгийн гишүүд энэ зээлд болгоомжилсон байр суурь илэрхийлсэн. Одоогоор батлагдаагүй хууль, Засгийн газар саналаа ирүүлээгүй байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой нэр төрлөөр зардлууд тавихгүй. Оюутолгой ажиллана, үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Рио-Тинтогийн хувьцааны үнэ унасан гол шалтгаан нь Оюутолгой, Рио-Тинто компанийн засаглалтай холбоотойгоор “Financial time” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбоотой гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Бид жилийнхээ ажлыг сайн хэрэгжүүлэхийн тулд аль аль талдаа маш сайн анхаарах хэрэгтэй байна. Хүн босохдоо л хийх ажлаа төлөвлөн боддог. Түүнтэй адил улс ч богино, урт, дунд хугацаанд бодлого төлөвлөн салбар салбараар хийх ажлаа төлөвлөдөг.Үндсэн чиглэл гэж мөрөөдлийн жагсаалт баталдаг. Гэтэл хэрэгждэггүй цаас гэж өнөөдөр бид шүүмжлээд сууж байна. Бодлогын баримт бичгийн уялдаа холбоо байхгүй болчхоод байна.Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө Засаглалын тогтвортой байдлыг бий болгоё. Тэгвэл бодлогын тогтвортой байдлыг яаж бий болгох вэ гэдэг асуудлаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя.. Түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй шахмал түлшээр хангана гэдэг. Гэтэл энэ компани нь хэрэглээгээ хангаж чадахгүй байх жишээтэй. Иймэрхүү бодлогын уялдаа холбоо сул байна.

16 : 32
2019-5-16

Г.Тэмүүлэн: Сайд нар төсвийг өөр дээрээ төвлөрүүлэн зарцуулдаг болсон

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжлээ. Тус төслийг дэмжсэн, дэмжээгүйгээ илэрхийлж гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Хэлэлцэж буй  асуудалтай холбогдуулан хэдэн санал хэлье. Улс орон хөгжлийнхөө бодлого, зорилтыг зөв тодорхойлж түүндээ хүрч чадвал  хөгжиж чаддаг юм байна. Тухайлбал Казакстан улс 2030 он гэхэд өрсөлдөх чадвараараа дэлхийд 50 дугаарт багатна гэсэн стратегийн зорилт тавьсан. Гэтэл энэ зорилтоо 2012 онд хэрэгжүүлж чадсан. Манай улс 2020, 2021, 2030 оны хөгжлийн чиглэлийн зорилтуудаа дэвшүүлсэн атлаа байрандаа хэвээр байгаад бодит үнэлэлт дүгнэлт өгч бодлогын реформ хийх цаг нь болсон. 2020 оны Үндсэн чиглэлийг харахад маш олон хуудас тоонууд байна. Бид одоо тоогоор хуурдаг тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн тодорхойлж буй гол үндсэн баримт нь энэ. Энэ үндсэн чиглэлийн баримт бичигт хариуцлагын санкц байдаггүйгээс хэрэгжилт нь хангалтгүй байсаар ирсэн. Мөн бүтэц зохион байгуулалт талаасаа болохгүй байна. БНХАУ-д Хөгжил шинэтгэлийн хороо гэж бий. Энэ хороо нь улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлдог, үүнийгээ хэрэгжүүлдэг буцаад хариуцлагаа хүлээдэг энэ тогтолцоог манайх бий болгохгүйгээр байрандаа л үлдэнэ. Өнөөдөр манайд Үндэсний хөгжлийн газар гэж бий. Энэ газар 2012-2016 онуудад бондын нэртэй шахуу газар байсан бол одоо концессын газар болж хувирсан. Үндэсний хөгжлийн газрыг  үндсэн ажилд нь  оруулж, бодлого төлөвлөлт тал дээр эрх мэдлийг нь олгоё. Бүтэц тогтолцоог нь өөрчлөөд  магадгүй Ерөнхий сайдын эсвэл УИХ-ын харьяаллын дор ажиллуулж улсынхаа хөгжлийн чиглэлийн тодорхойлдог, хэрэгжүүлдэг энэ тогтолцоо руу нь  оруулъя.

Яамд өнөөдөр хуулиараа төрийн захиргааны төв байгууллага. Гэтэл бүгд тендер, концесстой холбоотой буюу бизнесийн агуулгын хүрээд бүрэн хамрагдахаар болж хувирсан. Төрийн сайд нар нь төсвийг ерөнхийлөн захирах  ёстой атал төсвийг өөр дээрээ төвлөрүүлэн зарцуулдаг субъектүүд болж хувирсан. Энэ бүх талаас нь асуудалд хандаж бодлогын томоохон өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага тулгарсан.Өнгөрсөн хугацаанд  Монгол Улс хөгжлийн урт хугацааны баримт бичгийг олноор баталсан. Нийтдээ УИХ-аар 165 бодлогын баримт бичиг  баталсан байна. Дараагийн асуудал нь стратегийн зорилтууд дотроосоо нэн яаралтай хөгжүүлэх зорилтоо зөв тодорхойлохгүйгээр хавтгайруулан бүгдийг нь хэрэгжүүлнэ гэсэн хөгжлийн бичиг байх боломжгүй. Өнөөдөр бид 20 тэрбум төгрөгөөр 20 мянган иргэнээ үзэх компьютер томографын  аппаратыг аймагт бүрт хүргүүлэх үү эсвэл 20 мянган хоосон байшин барих уу гэдэг талаас нь асуудалд хандаж хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Өнөөдөр нэн түрүүнд эрүүл мэндийнхээ салбарт анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна.Монгол хүний эрүүл мэндийн асуудал маш хүнд байна. Хөгжлийн бодлогодоо уялдуулсан төсвийг суулгах ёстой болохоос биш зарцуулалтдаа  тааруулсан хөгжлийн бодлого гэж байхгүй. 

15 : 18
2019-5-16

“Гэр хорооллынхонд түлшийг нь бэлдэж өгөөгүй байж нүүрсийг нь хорьчихлоо”

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцсэн асуудалтай холбогдуулан асуулт асууж дууссанаар чуулган түр завсарлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Эрх баригч намын ажлыг Үндсэн чиглэлээр биш мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр нь дүгнэх байх. МАН иргэдийн үнийн дарамтад оруулах ажлыг хийж чадлаа. Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжгүй байгаад иргэд бухимдаж байгаа юм. Их дээд сургуулиудыг шилжүүлэх асуудал ярьсан. Үүнийг 2020 оны үндсэн чиглэлийг хасчихсан байна. Яагаад  хасав гэдгийг тодруулав. Ё.Баатарбилэг сайд “Улсын хэмжээнд 90 гаруй их дээд сургууль байна. 2012 он хүртэл их дээд сургуулийг хотоос гаргая гэж ярьж байсан. Одоо судалгааны ажил хийгдэж байна. Энэ жил, юм уу ирэх жил сургуулиудыг нүүлгэх төсөв мөнгө байхгүй байна. Гэхдээ барилга хот байгуулалтын яамтай хамтран бэлтгэл ажлыг хийгээд явж байна”.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Эдийн засаг гэгээ ороод байгаа юм бол яагаад барааны үнэ өсөөд байгаа юм бэ. Яагаад хүмүүс ажилд хийх гэж гадагшаа яваад байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2018 онд Эдийн засаг 6.3 хувиар өссөн. Гоё гоё нэртэй бондуудыг төлж чадахгүй хандив цуглуулахдаа хүрсэн байсныг цэгцэлж, эдийн засаг өсөлттэй гарч байна”

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Бид 2020 оны нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх чиглэл дээр маш том ухралт хийж байгаад харамсаж байна. Энэ бол гэр хорооллын хөгжлийн асуудал дээр ухралт хийлээ. Гэр хороолол бол өнгөрсөн одоо ирээдүйн Монгол Улсын хөгжлийг харуулдаг. Энэ хэсэгт дэд бүтэц, ипотекийн зээлийг шийдээд өгсөн. Гэтэл журам өөрчлөгдсөн тухай хэлж байна. Зээлд тавьсан мөнгө дууссан гэлээ. Ингээд энэ ажил хэрэгжихгүй болж байна.

Энд байгаа нь, 6000 айлын орон сууцанд 60 сая төгрөг улсын төсвөөс  тавьчихсан. 10 сая төгрөгөөр ямар орон сууц барих вэ? БНСУ-ын зээлээр Солонгос-1, 2 хороолол барина гэсэн. БНСУ энэ зээлээ өгвөл барина. Өгөхгүй бол барихгүй. Энэ байж болохгүй ээ. Бид 2019 оны үндсэн чиглэлийг эцсийг нь хүртэл биелэлт шаардана.

Өнөөдөр гэр хорооллынхонд түлшийг нь бэлдэж өгөөгүй байж нүүрсийг нь хорьчихлоо. Цахилгаан хангамжийг нь шийдээгүй. Дэд бүтцийг нь хангаж чадахгүй. Мөнгө байхгүй гэсэн. Одоо тэр айлууд орон сууцны зээлд хамрагдаад газар дээрээ орон сууцаа барья гэтэл тэр мөнгийг нь хасаад хаячихсан.Итгэлийн зээл гэж яриад байна. Энэ зээл гэр хорооллын иргэдэд хамгийн хэрэгтэй. Тэнд хямд төсөр орон сууц барих гэхээр урьдчилгаа мөнгөгүй байна. Энэ зээлийг тэдэнд олгох хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар салбарын яамдаас нийтдээ 34 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 400 гаруй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал, жагсаалт ирүүлсэн. Эдгээрт шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг харгалзан Сангийн яам хянан үзэж нэгтгээд нийт 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд 10 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төсөлд тусгасныг дурдав.

13 : 47
2019-5-16

Д.Тогтохсүрэн: Зээлийн хүүг бууруулах чиглэлд бодитой арга хэмжээг авах цаг нь болсон

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

Хамгийн чухал асуудал ажлын байр бий болгох. Ажлын байрыг аж үйлдвэрүүд бий болгоно. 1990 онд бүх аймагт цагаан идээ боловсруулах үйлдвэртэй байсан. Одоо нэг ч үйлдвэр алга. Цагаан идээгээ гаднаас худалдаж авах юм уу. Дэд бүтцийн асуудлаа шийдэж байж үйлдвэр хөгжинө. Эрчим хүчний асуудлууд юу болж байна вэ. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 

Эрчим хүчээр хараат бус болно гэдэг хэцүү. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулснаар эрчим хүчээр бие даасан байдал руу ойртоно. Нарны станцуудыг хөгжүүлэхэд тодорхой хүндрэлүүд үүсдэг. Тиймээс усан цахилгаан станцыг хөгжүүлье гэж байгаа юм. 

Ч.Хүрэлбаатар: Найман их наяд төгрөгийг хэвлээд эдийн засагт оруулснаар валютын савлагаанд нөлөөлсөн. Иргэдийн бодит орлого буурсан.  Шүүмжлэл ихтэй ч гэсэн эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Ажлын хэсэг: Одоогоор цагаан идээ боловсруулдаг зургаан үйлдвэр ажиллаж байна. Цагаан идээ боловсруулах үйлдвэрийг 30 хувьд  хүргэхээр зорьж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:                                    

Макро эдийн засгийн хамгийн чухал асуудал нь ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого. 2020 оны Үндсэн чиглэлд ажилгүйдлийн түвшнийг 6.5 хувиас бууруулахгүй байна гэж тусгажээ.Бид жил бүр л нэг тоо тавьдаг. Энэ тоо нь бүртгэлтэй ажилгүйчүүдээс авч буй тоо учраас бодит бус. Үүн дээр бүртгэлгүй ажилгүйчүүдээ нэмбэл 15 хувьд хүрнэ. Бидний хамгийн суурь асуудал ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх учиртай. Ажлын байр нэмэгдэж байж иргэдийн орлого нэмэгдэнэ, ядуурлыг бууруулна. Цаашлаад татварын баазаа өргөжүүлнэ. 2020 оны үндсэн чиглэлд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарах вэ. Ажлын байрыг нэмэгдүүлэх хамгийн бодитой ажил бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх явдал юм. Өнөөдөр иргэдэд хүү багатай, банкны барьцаа шаардагдахгүй ийм зээлийн эх үүсвэр шаардлагатай байгаа нь үнэн. Тиймээс  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө 2020 оны чиглэлд хэр тусгагдсан талаарх мэдээллийг авмаар байна. Хоёрдугаарт зээлийн хүү өндөр хэвээр л байна. Бид жил бүр зээлийн хүүг бууруулна гэж ярьдаг ч хоёр хувиас хэтэрч бууруулж чаддаггүй. Энэ чиглэлд бодитой арга хэмжээг авах цаг нь болсон. Иргэн, аж ахуй нэгжийн аль аль нь өндөр зээлийн хүүд дарлагдаж байна. Энэ чиглэлд Засгийн газар, Монголбанк, Сангийн яам  2020 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ  талаар мэдээлэл өгөөч. Дараагийн асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлгүй шаардлага байна. Монголбанк сар бүрийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлдэг энэ арга хангалтгүй ээ, арга ядсан хэлбэр. Бид зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж байж нийслэлд  баригдсан 30-40 мянган орон сууцыг борлуулна. Эрчим хүчний сайдаас 10 аймгийн дулааны станцын ажил юу болсныг асууя. Ажил нь маш удаашралтай байгаа. Уг нь санамж бичиг зураад гурван жил өнгөрч байна. Энэ онд шав тавиад ажил нь эхлэх байх гэж найдаж байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

Ажлын байр нэмэгдүүлэх асуудал нь дан ганц манай яамны эрхлэх асуудал биш. Хөдөлмөрийн бодлого нь өөрөө салбар дундын зохицуулалтаар явагддаг, макро эдийн засгийн асуудал. Ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан авч үздэг. Манайхаас хийсэн судалгаагаар эдийн засгийн өсөлт аль салбарт өндөр байна вэ гэдэг талаар судлаад үзэхэд уул уурхайн салбарт эдийн засгийн өсөлт гарч байгаа ч энэ салбарт ажиллах хүчний шингээлт тааруу онцлогтой салбар учраас ажлын байрны өсөлт төдийлөн гарахгүй байгаа юм. Тиймээс хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засгийн өсөлтийг бий болгоход салбар дундын бодлого зайлшгүй шаардлагатай байна.  Хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засгийн өсөлт өндөр гарах хэрээр ажлын байр нэмэгдэнэ гэдэг нь судалгаанаас харагдсан. Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. 1995 оноос үндсэндээ Засгийн газар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр болон томоохон бодлогогүй явж ирсэн гэж хэлж болно. Энэ онд үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд нэлээд анхаарна. Хоёрдугаарт, дотоодод ажилгүйдэл өндөр байгаа учраас гадаадаас авах ажиллах хүчийг бууруулах бодлого барьж байна. 2019 оны Үндсэн чиглэлд 40 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно гэсэн бодлого барьж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

10 аймагт дулааны станц барих төсөл удаашралтай байгаа нь үнэн. Өнгөрсөн жилээс л 10 аймгийг сонгож зээлийн асуудлаар оруулахаар шийдсэн байдаг. Азийн хөгжлийн банкнаас орж ирдэг зээлийн санхүүжилт нь их түвэгтэй. Наад зах нь гэхэд тендерийн баримт бичиг боловсруулахад Азийн хөгжлийн банкнаас компаниа шалгаруулдаг. Үүний дараа зураг төслийн ажил хийгдээд тендер зарлагдана. Маш шахуу ажиллаж байж энэ намар дулааны станц барих шав тавигдах болов уу. Сая Солонгос улсын Ерөнхий сайдын айлчлал үүнд нэлээд түлхэц өгсөн. Ерөнхий сайдын хувьд ч гэсэн ач холбогдол өндөр өгсний үр дүнд төслийн ажил эрчимжиж эхэлсэн. Манайхаас шалтгаалсан асуудал ч мөн бий.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

Инфляцын түвшнийг найман хувьд тогтвортой барих бодлогыг барьж ажиллаж байна. Эдийн засаг сэргэж байгаа. Эдийн засаг сэргэх хэрээр дотоодын эрэлтийн зөв зохистой бүтцийг макро зохистой бодлогоор дамжуулна. Зээлийн хүүтэй холбоотой нэг хүчин зүйл нь эх үүсвэрийн төвлөрлийн асуудал өндөр байдаг. Зохистой харьцааг барих шинэ журмаа боловсруулж дуусах гэж байна.ОУВС-тай ярьж байгаад эцэслэнэ. Уг журмаар зөвхөн эх үүсвэр бус зээл болон актив талын төвлөрлийн эрсдэлийг бууруулах шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудыг эрүүлжүүлж эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор банкуудад  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа. Дунд хугацааны бодлогоор 2021 он гэхэд банкууд өөрийн хөрөнгөө 100 тэрбум төгрөгт хүргэх үүрэг, чиглэлийг Монголбанкнаас  өгсөн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 100 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахад үндсэндээ 1500 хүн орон сууцтай болж байгаа. Эндээс харахад эх үүсвэр маш хангалтгүй байгаа нь үнэн. Гэхдээ улсын төсөв гэдэг хэмжээтэй. Цаашид хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна. Найман хувийн хүүг бусад улсуудтай харьцуулахад өндөр хүү. Эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгож, валютын ханш тогтвортой байх орчныг бүрдүүлээд  зах зээлийнх нь жамаар ипотекийн зээлийг явуулах орчныг нь бий болгосноор санхүүжилт нэмэгдэнэ гэж харж байгаа. Энэ чиглэлд ч ажиллаж байгаа.

12 : 15
2019-5-16

“Ипотекийн зээлийн санхүүжилт 50 гаруй хувиар нэмэгдэнэ”

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

2020 онд гэр хорооллыг шинэ хороолол болгох зорилт тавиад төсөвт бодит хөрөнгийг нь суулгамаар байна. гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох чиглэлд нэг ч төгрөг тавигдаагүй байна. Ипотекийн зээлд 500 тэрбум төгрөгийг суулгах санал оруулж ирсэн гэж бидэнд хэлсэн атал 60 тэрбум төгрөг орсон байна. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтуудыг гэр хорооллыг байшин хороолол болгох, инженерийн шугам сүлжээнд холбоход зарцуулна гэж бүгд л ярьж байсан. 2020 оны үндсэн чиглэлд энэ бодлого хаана нь байна вэ. Эдийн засгийн байнгын хорооноос нь ипотекийн зээлийн хэрэгжилтэд  тодорхой арга хэмжээ авна гээд тогтоол хүртэл гаргасан.Монголбанк жил бүр 6 тэрбум төгрөгийг жил бүр гаргана гээд заагаад өгчихсөн байхад Сангийн яам, Монголбанк нь үүнийг хэрэгжүүлэхгүй, ОУВС-гаас айгаад байна гээд сууж болохгүй. Бүхэл бүтэн тусгаар улс биз дээ. Ипотекийн зээлд тодорхой мөнгийг нь суулгаж өгмөөр байна. 2019 онд арилжааны банкууд ипотекийн зээл гаргаагүй. Энэ талаар өргөдөл ихээр ирж судалж үзэхээр Сангийн яамнаас санхүүжилт орж ирэхгүй байна гэдэг тайлбарыг өгдөг.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж  2018 онд 120 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан, тэр хэмжээгээр нь бүрэн санхүүжүүлсэн. 2019 онд мөн ялгаагүй төсөв суулгасан мөнгө хуваариараа олгогдож байгаа. БХБЯ, Монголбанк хамтран оруулж ирсэн өөрчлөлтөөр  улсын төсвөөс олгодог мөнгө дөрвөн хувийн хүүтэй байсныг нь буулгаж нэг хувь болгосон. Төрөөс өгч байгаа мөнгө нэг хувийн хүүтэй болж буурснаар арилжааны банкууд зах зээлийн нөхцөлөөрөө мөнгөө гаргаж энэ хоёрыг нь холих замаар найман хувьтай олгож байгаа учраас нэмэлт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болж байгаа. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилт гурван эх үүсвэрээр олгогдож байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт тусгагдсан мөнгө, зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудаас гаргасан тодорхой хувийн санхүүжилт гэсэн гурван үндсэн эх үүсвэрээр санхүүжилт олгогдож байгаа. ОУВС-гаас айсан зүйл байхгүй. хэрэгжүүлэх зүйлээр хэрэгжүүлээд л явж байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” энэ  зарчмыг барьж ажиллаж байна.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

2018 онд ипотекийн зээлд нийт 310 тэрбум төгрөгийг 4700 иргэнд  олгосон. Эдийн засгийн байнгын хорооноос гарсан тогтоолтой холбогдуулан зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк, Сангийн яам, БХБЯ хамтарч ажилласны  үр дүнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 170 тэрбум төгрөгийг 2500 гаруй иргэнд олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс арилжааны банкуудын 45 тэрбум төгрөгийн эх үүсвэр, мөн улсын төсөвт суусан 45 тэрбум төгрөг, Монголбанкнаас олгосон 80 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний таван сард ипотекийн зээлд  олгоно. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал зээлдэгчийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 2019 оны хувьд Ипотекийн зээлд улсын төсөвт суулгасан 110 тэрбум төгрөг, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр болох 115 тэрбум төгрөг, зээлийн эргэн төлөлтөөс олгож буй 200-230 тэрбум төгрөг буюу нийт энэ онд 450 тэрбум гаруй төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна. Өнгөрсөн онтой харьцуулбал санхүүжилт 50 гаруй хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газраас олон арга хэрэглэнэ. Үүний нэг нь сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэрэгцээнд шаардагдах 50 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна.Тиймээс ямар нэгэн асуудал гарахгүй. Найман цэг борлуулах ажил явагдаж байна. Цаашид 107 цэгт түгээлтийг хийхээр төлөвлөж байна. Шахмал түлшээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломжтой. Мөн ухаалаг халаагуурыг ашиглах замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж тооцоолон нийт 42 мянган айлд цахилгаан халаагуур өгөх ажил хийгдээд дуусна. Ингэснээр хотын төвийн А бүсийн айлууд эдийн засагт хэмнэлттэй халаагуур ашиглах боломжтой болно. Захын хорооллуудад цахилгааны асуудал үүсэж байгаа. Энэ жилийн төсөвт  ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдуулан энэ чиглэлд тодорхой хөрөнгө тусгаагүй. Захын хороололд цахилгааны асуудлыг шийдэхэд тодорхой асуудал бий.  Ирэх оны төсөвт суулгахаар төлөвлөж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

Эрүүл мэндийн чиглэлд 2020 онд барьж ажиллах  бодлогын талаарх мэдээллийг сайдаас нь сонсмоор байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

2020 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэрхэн тусгагдсан талаар “ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ерөнхий боловсролын бүх сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд сүүлийн үед үүсээд байгаа сүрьеэгийн мэдээллүүд гарч байгаа. Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгдэж байна. Бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Намайг шүүмжлэх байх. сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг орон даяар явуулах шаардлага харагдаж байна. Бид эрт илрүүлж оношлох хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны бодлого 2020 онд урьдчилсан сэргийлэх үзлэгт чиглэж ажиллана. 2020 онд 21 аймгийг  урьдчилан сэргийлэх үзлэгт зориулсан амбулаторийн бүрэн тоноглосон автомашинаар хангахаар Сангийн яамтай  ажиллаж байна. Тухайлбал,Эрүүл хүүхэд-Эрүүл шүд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн шүдний эрүүл мэндэд чиглэсэн санхүүжилт төсөвт суулгасан. Урьдчилан сэргийлэх үзлэгийг дөрвөн багцаар насны бүлгийн эрсэлд суурилан явуулж байна. Үүний үр дүнд найман төрлийн хорт хавдрыг илрүүлсэн.  Улсын хэмжээнд 52 мянган хүнд хорт хавдрын анхны шатны эмчилгээгээ хийгдээд явж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн. Өвчнийг бага дээр нь илрүүлж, эмчлэх үүднээс 10-аад үйл ажиллагааны санхүүжилт үндсэн чиглэлд суулгасан. Нярайн эндэгдэлд дутуу нярайн эндэгдэл зонхилох хэсгийг эзэлдэг. Энэ чиглэлээр 2020 онд хөрөнгийг суулгаж өгсөн.

Түүнчлэн харвалт, шигдээсний нэгжийг үндэсний хэмжээнд байгуулах үйл ажиллагааг үндсэн чиглэлд суулгасан. Бидний хамгийн гол анхаарч байгаа зүйл бол томуу, томуу төсөвт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хөрөнгийг үндсэн чиглэлд суулгасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амынхаа 40 хувийг томуугийн вакцинд хамруулснаар аливаа эрсдэлээс сэргийлж чадна”  гэж үздэг.

09 : 54
2019-5-16

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,  “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой санал байна. УИХ-ын Цахим бодлогын хороо байгуулагдаад нэг жил өнгөрч байгаа ч нэг л удаа хуралдсан. Хуралдах бүрт ирц хүрэхгүй  хойшлогдож байна. 26 гишүүн дотор бөөн дарга нар орчихсон. Ажилтай хүмүүс нь түр хорооноос өргөдлөө өгч сайн дураараа гарч түр хорооны ажлыг явуулж өгөөч.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Би удаа дараа чуулганы хуралдаан дээр хэлж байгаа. УИХ-ын 2016 оны сонгуулиар  42 гишүүн шинээр сонгогдсон. Би орон нутагт уулзалт хийх бүртээ УИХ өмнөх шигээ дампуу байдалтай байхгүй ээ. Ирц сайн бүрдэнэ, хариуцлагатай хүмүүс орж ирсэн гээд магтаж магтаж ирсэн. 2016 оны өвлөөс эхлэн байнгын хорооны болон чуулганы  ирц хангалтгүй болж эхэлсэн. 2017 онд Д.Тэрбишдагва бид хоёр шаардсаны үр дүнд ирц бага зэрэг сайжирсан. Энэ хаврын чуулганаас эхлэн гишүүд хурууны хээгээр ирц бүртгүүлж, саналаа өгдөг болсон. Үүнийгээ их л мундаг зүйл хийчихсэн мэт ярьж байгаа. Үнэндээ цэцэрлэгийн хүүхдүүдээс долоон дор байж болохгүй. Сая Б.Пүрэвдорж гишүүн түр хорооны ирц бүрдэхгүй байна гэж хэллээ. Байнгын хорооны ч ирц бүрдэхээ байсан. Ийм байдалтай цаашдаа явах уу. Гишүүд ажлын хэсэгт орно гэсээр орчхоод дараа нь ажлын хэсгийн хуралдаандаа огт ирдэггүй тал зөндөө бий. Хоёрдугаарт түймэр, гамшгийн асуудлыг анхааралдаа авч мэдээлэл өгмөөр байна. Би Ерөнхий сайдад асуулга хүргүүлээд удаж байна. Өнөөдөр орж байгаа жоохон хур тунадаст тайвшраад сууж болохгүй.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Нийгэмд өнөөдөр тулгамдсан асуудалд бид  хариултуудыг нь өгч хурдан шуурхай шийдвэр гаргах ёстой. Монголчууд бидний хамгийн гол хэрэглээ нь мах. Махны үнийг төр бодлогоор зохицуулаад өгөөч гэдгийг би намраас хойш хэлж байна. Нийт малын 90 хувь нь бог мал. Адуу, үхэр үлдсэн хувийг нь эзэлдэг. Гэтэл адуу, үхрийн мах үнэтэй болчхоод байгаа нь  гадагшаа экспортод гаргадаг махны үйлдвэрүүдээс адуу, үхрийн махыг захиалдаг. Үүн дээр Засгийн газар квот тогтоогоод хонь, ямааны махаа гаргах чиглэлд Засгийн газар яаралтай шийдвэр гаргамаар байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулмаар байна. Мөн Хүний эрхийн 18 дугаар илтгэлийг хэлэлцэх асуудлын хоёрдугаар оруулах санал гаргаж байна” гэсэн юм.Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглосон Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэллээ. Үе үеийн Засгийн газар намар нь гэнэт гарч ирээд олон ангит кино хийдэг. Энэ кино нь яаж төгсөхийг хэн ч мэддэггүй. Зуух тойрч суугаад аль зуухнаас нь утаа гарах нь уу гэж тойрч зогсдог.Одоо бол сайжруулсан түлшний үйлдвэртэй очиж танилцдаг зэрэг киноны өрнөл хэсэг нь өөрчлөгдсөн байна лээ. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглочихлоо. Ямар бэлтгэлтэй байгаа талаар мэдээлэл өгмөөр байна. Манай Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хариулт өгөөч. Өнөөдөр гэр хорооллын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Хүүхдээ дааруулахгүйн тулд түүхий нүүрс түлээд  300 мянган төгрөгөөр иргэдээ  торгох энэ шийдвэр чинь хэрэгжээд эхэллээ. Зун чимээгүй сууцгааж байгаад өвөл дөхөхөөр одоо яах вэ гээд утааны талаар баахан хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулах нь ямар ч үр дүнгүй. Энэ талаар УИХ дээр нээлттэй ярилцъя. Холбогдох газруудаас нь мэдээлэл сонсмоор байна.

Ингээд гишүүд үг хэлж дууссан учир “ Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох илтгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “2014 онд цалингийн хэмжээг 15 хувиар нэмэхэд Засаг даргын орлогчийн цалин нэмэгдээгүй. Энэ тогтоолоор нэмэгдэх үү” гэсэн асуултад ХНХ-ын сайд  С.Чинзориг: Улс төрийн албан тушаалтны цалингийн асуудал энэ тогтоолтой хамаагүй. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогчийн цалинг нэмэгдүүлээгүй асуудал бий юм билээ. Тухайн үеийн Засгийн газар Засаг дарга нарыг орлогчгүй байх ёстой гэсэн бодлого явуулж байсан учраас 2014 онд 15 хувиар цалин нэмэгдэхэд Засаг даргын орлогч нарын цалинг нэмээгүй юм билээ. Хууль эрхзүйн орчныг сайн зохицуулахгүй бол асуудалтай байна. Засаг дарга нарын орлогчийн цалинг хэн тогтоох эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг шийдчихвэл 2020 он гэхэд Засаг даргын орлогч нарын цалинг нэмэгдүүлэхийг шийдвэрлэх боломжтой байх. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цагдаа нарын цалинг нэмэх хэрэгтэй байна. Ер нь төрийн албан хаагчдын цалинг дорвитой нэмэх талаар тооцоо судалгаа байна уу. Дундаж амьдралтай хүмүүс ядуурлын түвшинд ороход маш ойрхон байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. ХНХ-ын сайд  С.Чинзориг: Эдийн засгийн өсөлтийг ард иргэдийнхээ амьдралд наах бодлогыг баримталж байгаа. Төрийн албан хаагчдын цалин 20 гаруй хувиар нэмэгдсэн. Цалинг нэмэгдүүлэхдээ инфляцын түвшин болон ажлын байрны нөхцөлтэй уялдуулан нэмэгдүүлдэг. Цаашид цалин нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Өрхийн орлого өмнөх оныхоос 16 хувиар нэмэгдсэн гэсэн тоон судалгаа гарсан байна.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж