НБА-н 2019 оны плэй-оффын бүсийн аваргын төлөөх буюу хагас шигшээ тоглолт Портлэнд Трэйл Блэйзерс болон Голден Стэйт Уорриорс багуудын тоглолтоор эхэллээ. Калифорни мужийн Окланд хотын “Oracle Arena” ордонд болсон цувралын эхний тоглолтонд талбайн эзэн Голден Стэйт Уорриорс баг өрсөлдөгчөө 116-94 харьцаатай 22 онооны зөрүүтэй хожив.
Тоглолтын эхнээс л талбайн эзэд оноогоор тэргүүлж байсан бөгөөд эхний хагаст 54 оноо авсан бол сүүлийн хагаст 62 оноо авчээ. Талбайн эздээс С.Карри энэ өдөр шилдэг тоглолтоо үзүүлж 9 удаа 3 онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн ба тоглолтын турш 36 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн. Гарааны бусад тоглогчдоос К.Томпсон 26 оноо, Д.Грийн 12 оноо, 10 самбар авсан байна. Харин сэлгээний тоглогчид нь тийм сайн байгаагүй ч бүгдээрээ нийлээд 36 оноо авсан нь муугүй үзүүлэлт юм. Бэртэлтэй байгаа К.Дюрант, Д.Казинс нараас бусад бүх тоглогчид талбайд гарсан байна.
Харин тэдний өрсөлдөгч Портлэнд Трэйл Блэйзерс багаас гарааны 5 тоглогчоос 4 нь 10-аас дээш оноо авсан бөгөөд Д.Лиллард 19 оноогоор багаа тэргүүлжээ. Сэлгээнээс Р.Хүүд 17 оноо, З.Коллинс 8 оноо, С.Карри 3 оноо авчээ. Ийнхүү Өрнөд бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтыг Голден Стэйт Уорриорс баг ялалтаар эхлүүллээ. Хоёр багийн дараагийн тоглолт маргааш Голден Стэйт Уорриорс багийн талбайд болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ