Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авахдаа "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн өрийг үйлдвэрийн Нөөцийн сангаас гаргуулж, 40 сая ам.долларыг төлсөн. Энэ мөнгийг Ш.Батхүүгээр төлүүлнэ гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байсан юм. Одоогоор Ш.Батхүү ямар нэгэн өр төлбөр төлөөгүй байгаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэр хохирогч болсон. 40 сая ам.долларын хохиролд орчихсон байхад Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Засгийн газраас комисс томилж байгаа.
Яаралтай 40 сая долларын өрөө барагдуулахыг шаардана. Чадахгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хариуцлага тооцно.
Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг үндэсгүй мэдээ байх. Бидэнд ирсэн мэдээллээр Ш.Батхүүд 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө байгаа. Есөн сарын дотор "Эрдэнэт" үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байна. Энэ хөрөнгө 3-4 хүний нэр дээр шилжсэн. Ямар хүмүүс рүү шилжсэн бэ гэдэг дээр л асуудал байгаа юм. Хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн эцэслэгдээд ирэхээр тодорхой болох байх" гэсэн юм.
“Жаст”-ын Ш.Батхүү 2013 оноос өмнө өөрийнхөө хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлсэн байдаг. Тэрбээр Дийлэнхийг нь бэлэглэлийн гэрээгээр зарсан бөгөөд зарим хөрөнгийг нь “Хадгаламж” “Зоос” зэрэг банкны өрөнд хурааж авчээ. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгөөс 40 сая ам.долларыг төлөх боломж бүрэн бий гэдгийг ч улс төр, эдийн засгийн хүрээнийхэн хэлдэг. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн хэн хувааж идсэнийг шалгана. Хэсэг бүлэг хүмүүс хүчээр булаан авсан байж болзошгүй" тухай хэлж байв. Гэвч, Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн ч булаагаагүй, өөрөө бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хөрөнгөө нуусан байж магадгүй талаар хардах хүмүүс ч байна. Түүний нэр дээрх 190 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжлэгджээ
Ш.Батхүү зээл авах үедээ "Олон овоот", Хадгаламжийн банк, Жаст группын хувьцааг эзэмшдэг байсан. Тэрбээр “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэнээ 2013 онд сэтгүүлчдэд мэдээлж байсан билээ.
Б.БАТ