Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль сүрьеэгийн голомт болж эцэг эхчүүд хүүхдээ сүрьеэгийн өвчний вирус тээгч болсныг дөнгөж уржигдархан мэдэж нийгмээрээ бухимдацгаалаа.
Эцэг эхчүүдийн хэлж буйгаар “Сүрьеэтэй байсан багш бүрэн эдгэсэн гэсэн бичгийг ХӨСҮТ-өөс авч ажилдаа орсон байна лээ. 2016 оноос л хойш тэр багш ажлаа хийж сурагчдад халдвар тараалаа. Өөрөөр хэлбэл сургуулийн захиргаа сурагчдаа бодолгүйгээр сүрьеэ өвчний халдвар авсан асуудлыг нуун дарагдуулж, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Одоо 1710 хүүхэдтэй сургуулийн 529 нь сүрьеэгийн халдвар тээгч, 38 хүүхэд, нэг багш өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдлоо. Халдвар авсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар эм уулгах гэлээ. Тухайн эм нь элгийг гэмтээдэг сөрөг нөлөөтэй. Одоо хүүхдүүдээ шилжүүлэхээр өөр сургууль авахгүй байх. Тэгэхээр халдвар тээж байгаа бол эмийг нь уулгахаас өөр аргагүйд хүрч байна. Сургуулийн захиргаа үнэхээр хайнга байна” хэмээн бухимдангуй ярилаа.
СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН ГЭХ БАГШ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БАЙЖЭЭ
Энэ мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагынхан тус сургууль дээр ажиллаж буй. Дээрх мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг өчигдөр 14.00 цагийн орчимд очиход манаач нь Даваа гариг хүртэл хичээл орохгүй хэмээн уцаарлаж, яриа өгөхөөс зугтлаа. Үүдээр шагайх төдийд угаалгын бодисын үнэр ханхийж, багш нар нааш цааш холхин цэвэрлэгээ хийх ажээ. Тэд анги тус бүрт “кварц” буюу гэрлээр цэвэрлэгээ хийж, агаар орчны бохирдлыг устгах үүргийг захиргаанаасаа авчээ.
Бид хоёр давхарт байрлах эмчийн өрөөний үүдэнд ирэхэд хоёр хүүхдээ дагуулсан нэгэн ээж хүүхдийнхээ эмийг авахаар иржээ. Түүнээс үүссэн асуудлыг тодруулахад “Саяхан манай хүүхдийг сүрьеэгийн халдвартай болохыг бидэнд хэлсэн. Агаар дуслын замаар халддаг болоод тэр үү агаар орчны бохирдол, нэг ангид олон хүүхэд агааргүй орчинд хичээллэдэг учраас халдвар тарах эрсдэлтэй гэдгийг тайлбарласан. Сургуулийн захиргаа эцэг эхчүүдийг дуудаж уулзсан. Одоо энэ эмийг өдөрт заавал нэг уулгах ёстой. Тэгж байж урьдчилан сэргийлэх эмчилгээ болох гэнэ” хэмээн ярилаа. Сургуулийн эмчийн хэлснээр ариутгал халдваргүйтэл хийгээд ангиуддаа цэвэрлэгээ хийж байна. Ямар ч байсан кварц гэрлээр ариутгана. Жилд нэг удаа бүх багш ажилчдаа оруулдаг. Багш ажилчид эрүүл гэсэн хариу гарсан” гэдгийг хэлэв.
Одоогоос гурван жилийн өмнө тус сургуульд сүрьеэгийн халдвартай холбоотой асуудал үүссэн байна. Тухайлбал, сүрьеэгийн халдварыг сурагчдад тараасан гэх багш тухайн үед эмнэлгийн үзлэгийг хуурамчаар үйлдэж тус сургуульд орсон талаар эцэг эхчүүд ярьдаг. Сургуулийн захирлын тайлбараар бол “2017 онд эцэг эхээс танай багш сүрьеэгээр өвчилсөн байна гэх мэдээлэл ирж тухайн багшийг өвчилсөн байгааг мэдсэн. Улмаар тухайн багш маань эмчилгээ хийлгэж 2017 оны есдүгээр сард бүрэн эдгэсэн, ажилдаа ормоор байна гээд ирэхэд нь шууд ажилд нь оруулалгүй жил амраад ир гээд чөлөө өгөөд явуулсан. Харин өнгөрсөн намар тухайн багш маань бүрэн эдгэсэн гэх ХӨСҮТ-ийн эмчийн бичигтэйгээр ирж, бүрэн эдгэсэн гэсэн учраас ажилд нь оруулсан. Бид 2017 оноос хойш жилд хоёр удаа сурагчдыг 100 хувь үзлэгт оруулж байсан. Энэ дөрөвдүгээр сард сорьц авч, эцсийн дүнгээр 529 сурагч халдвар авсан нь тогтоогдлоо.
Анх халдвар авсан гэх сурагчид маань хаанаас хэнээс халдвар авсан нь тодорхойгүй байгаа. Тухайн үед мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг байгуулагдаж манай сургууль дээр ажилласан. Ямартай ч манай багш өвчтэй үедээ хичээл орж байсан нь тогтоогдсон ч тэдгээр хүүхдүүдэд халдвар өгсөн эсэх нь тогтоогдоогүй” гэжээ.
Ингээд сүрьеэгээр өвчилсөн 38 сурагчид эмчилгээ хийж байгаа бол сүрьеэгийн халдвартай сурагчдыг эмчлэхээр эцэг, эхчүүдтэй нь ярилцах үед уг асуудал үл ойлголцолд хүрснээр асуудал олон нийтэд цацагдсан юм. Сүрьеэгийн халдвар, сүрьеэгийн өвчлөл нь өөр ойлголт бөгөөд сүрьеэ бүрийг халдвартай гэж ойлгож болохгүй. Улсын хэмжээнд оношлогдоод байгаа хүүхдийн сүрьеэгийн 80 гаруй хувь нь халдваргүй хэлбэртэй байдаг юм байна. Одоо тэдгээр хүүхдүүд дүүргийнхээ сүрьеэгийн тасагт эмчилгээ хийлгэж байгаа аж.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 97 ДУГААР СУРГУУЛИЙН 70 ХҮҮХЭД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВЧ, ХОЁР ХҮҮХЭД ӨВЧИЛЖЭЭ
Тэгвэл энэ сургууль дээр өрнөж буй сүрьеэгийн дэгдэлттэй яг ижилхэн процесс Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр арваадхан хоногийн өмнө болжээ. Тодруулбал, сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-тэй хамтран энэ сарын 8-ны өдөр урьдчилсан шинжилгээг сурагч багш ажилчдаас авахад 70 орчим сурагч сүрьеэгийн халдвартай гэж оношлогджээ. Ингэхдээ сургуулийн 12 ангийн 389 сурагч сорилд хамрагдаад 70 сурагч өөрчлөлттэй буюу халдвар авсан гэсэн хариу гарчээ. Нийгмийн өвчин гэгддэг сүрьеэ нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг гэдгээрээ хамгийн аюултайд тооцогддог. Өвчилсөн нэг хүний цаана 10 хүн халдвар тээгч болох эрсдэлтэй талаар албаныхан хэлдэг. Хамгийн аюултай нь нийслэлийн хэмжээнд 798 сургууль үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий. Үүнээс хэчнээн нь сүрьеэгийн халдвар тээсэн, өвчилснийг төсөөлөхөд ч бэрх.
Тэгвэл Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд хол хорио тогтоохгүй ажээ. Үүнээс гадна сүрьеэгийн анхны халдвар илэрсэн даруйд арга хэмжээ аваагүй салбар бүрийн хүмүүст хариуцлага яригдах ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сануулж байгаа юм.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэ диспансерын зохицуулагч эмч Э.Пагмасүрэнгээс дээрх асуудлаар тодруулахад “Эдгээр хүүхдүүд халдварыг тээсэн болохоос биш сүрьеэгээр өвдчихөөгүй байгаа. Энэ хүүхдүүдэд өөрсдөд нь ямар нэг зовиур илрэхгүй зөвхөн үүнийг хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, эмчлэх гээд байгаа юм. Изониазидын эмийг ууснаар сүрьеэгээр өвдөхөөс урьдчилан сэргийлнэ. Үүний хажуугаар элэг хамгаалах витамин В6 өгснөөр элэгний өөрчлөлтөөс урьдчилан сэргийлнэ. Энэ эмийг ууснаар зууны хоёр хувьд гаж нөлөө гардаг. Энэ эм сүрьеэгийн практикт хэрэглэгдээд бараг 70 жил болчхоод байна. Эдгээр эм үнэ төлбөргүйгээр олгогдох юм” гэлээ.
СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВСАН БОЛ ӨВЧИЛСӨН ГЭСЭН ҮГ БИШ
Өөрөөр хэлбэл сүрьеэгийн халдвар авсан бол өвчилсөн гэсэн үг биш ажээ. Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэх судалгаа бий. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ хүний биеийн дархлаа, халдвараас шалтгаалан цаашид огт өвчлөхгүй гэсэн үг биш гэнэ.
Халдвар авсан хүмүүсийн арван хувь нь амьдралын туршид аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Харин өвчилсөн хүн бүр халдвартай байдаггүй бөгөөд үүнийг нь цэрний шинжилгээгээр тогтоодог байна. Хүний биеийн дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэх чадвартай бөгөөд энэ нь өвчилдөггүй 90 хувьд багтана. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үед сүрьеэ идэвхждэг буюу мөнөөх эрсдэлтэй арван хувьд багтах юм.
Харин хүүхдэд сүрьеэгийн вакцин хийгддэг бөгөөд энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол эмнэлзүйн шинжээр нь “Далд сүрьеэ” гэж үзэх бөгөөд өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зааврын дагуу хийдэг байна.
Иргэдийн хувьд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, ойр дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол 0-15 насны хүүхдүүд арьсны сорилд /туберкулины/, 15-аас дээш насныхан цээжний рентген зураг, цэрний шинжилгээнд хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг.
СҮРЬЕГИЙН ХАЛДВАРЫГ ЯМАР Ч НАСНЫ ХҮН АВЧ БОЛНО
Бид сүрьеэ өвчний талаар НЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогостой уулзаж ярилцсанаа хүргэе.
-Сүрьеэ өвчний талаар яриагаа эхлүүлье. Энэ өвчнөөр өвчилсөн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Сүрьеэгийн халдвар гэдэг нь агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг, сүрьегийн савханцар хэмээх нянгаар үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин. Сүрьегийн халдварыг ямар ч насны хүн авч болно. Гэтэл сүрьегийн халдвар авсан хүн амьдралынхаа туршид өвдөхгүй ч байж болдог.
Өөрөөр хэлбэл биеийн эсэргүүцэл суларсан дархлаа суларсан, агаарын солилцоо муутай нөхцөлд ажилладаг хүмүүс халдвар авсан байж байгаад сүрьегийн вирус идэвжхээр өвчилдөг.
Сүрьегийн халдвар тодорхой шинж тэмдгээр илэрдэг. Үүнээс сэргийлэн хүн өөрийгөө урьдчилан сэргийлэх үзлэгт зургаан сар тутамд нэг удаа орж байх ёстой. Түүнээс гадна 14 хоног ханиалгах, цэр болон цустай цэр гарах, бие сулрах, халуурах шинж тэмдэг илэрвэл харъяа дүүргийн өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд сүрьегийн диспансер байж байгаа. Үүнд хамрагдаад шинжилгээ өгч болно. Шинжилгээнд хамрагдахдаа 0-15 хүртэлх насны хүүхэд туберкулины сорилын шинжилгээнд хамрагддаг. Харин 15-аас дээш насныхан цээжний зураг авахуулна.
Цэр гарч буй тохиолдолд цэрний шинжилгээ өгдөг. Цэрний шинжилгээнд түрхэц эерэг /нэмэх/ гарсан тохиолдолд тэр хүн сүрьегийн халдвар ялгаруулаад явж байна гэсэн үг. Сүрьеэг уушгины болон уушгины бус эрхтний сүрьеэ гэж ангилна. Түрхцээр сөрөг гарч буй сүрьеэ гэдэг нь халдвартай сүрьеэ юм. Түрхэц сөрөг гарч буй тохиолдолд эмчилгээ хийлгээд эмээ уугаад явбал халдвар тараахгүй гэсэн үг. Сүүлийн үед хүүхдийн байгууллагад сүрьегийн халдвар нэлээд бүртгэгдэж байгаа.
–Сүрьегээс урьдчилан сэргийлэх эм нь элгийг гэмтээдэг талаар эцэг эхчүүд ярьж байгаа. Энэ талаар танд тодорхой мэдээлэл байгаа болов уу?
-Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд ганцхан эмийг өгч байгаа. Сүрьегээр өвчилсөн тохиолдолд дөрөв болон түүнээс дээш эмийг нэг дор ууна. Сүрьеэ туссан хүн урт удаан хугацаанд эмчилгээ хийлгэдэг. Зургаан сараас 24 болон 36 сарын хугацаанд сүрьегийн эмийг ууж байж бүрэн эдгэрдэг. Сүрьегийн халдварыг хэн ч авч болно. Гэхдээ сүрьеэ эдгэрдэг өвчин.
Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх гол арга бол өвөрмөц урьдчилан сэргийлэлт, халдвар авахаас урьдчилан сэргийлэх, мөн сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх гэж гурав хувааж байна. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт гэдэг нь төрөхдөө вакцин хийгэдэг. Вакцин хийлгэснээр зуун хувь өвдөхгүй гэсэн үг биш. Хүүхэд хүнд хэлбэрийн сүрьеэгээ өвчлөхөөс сэргийлдэг гэж ойлгоно. Хоёрдугаарт, сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлнэ гэдэг нь уушгины халдвартай буюу түрхэцийн эерэг халдвартай хүнийг эрт оношлоод бүрэн төгс эмчлэх юм бол халдвар авахаас сэргийлж байгаа юм. Гуравдугаарт, сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх гэдэг нь удаан хэлбэртэй нян идэвхжхээс сэргийлж чанартай хоол хүнс хэрэглэх, хоёр цаг тутамд агаарт сэлгэлт хийхийг хэлж байгаа. Хэрэв тухайн хүн ажил амралтаа зөв зохицуулж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, хорт зуршлаас ангид байх нь урьдчилан сэргийлэлт болж байгаа юм.
Элгийг гэмтээдэг эмийн тухайд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж байгаа зуун хүний гуравт нь гаж нөлөө тохиолдож болно. Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд Б6, элэг хамгаалах эмээ ууна. Эмчилгээнд орохоос өмнө биохимийнхээ шинжилгээг өгнө. Хоёр сар тутамд шинжилгээ өгөөд элгэнд өөрчлөлт гарч байна уу гэдгийг хянаад явдаг.
–Сүрьеэгээр өвчилсөн хүнийг тусгаарлаж эмчилгээ хийдэг үү?
-Сүрьегийн шинжилгээгээр нэмэх гарсан, түрхэцээс нян илэрсэн тохиолдолд тусгаарлаад эмчилгээ хийдэг. Нэмэх байгаа тохиолдолд тусгаарлан эмчлээд сөрөг байгаа тохиолдолд тэр хүн ажлаа хийгээд сураад эмээ уугаад явах бүрэн боломжтой.
–Гурван хүн тутмын нэг нь сүрьегийн халдвар тээж явдаг гэж байна. Үүнд тодорхой тайлбар өгөөч?
-Гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Гол нь ажил амралтаа зохицуулаад биеийн дархлаагаа сулруулахгүй бол тэр вирус унтаа байдалтай байна. Насан туршдаа ч өвдөхгүй байж болно. Гэтэл ядрах, сульдах, хоол унд холдох, биеийн эсэргүүцэл сулрахад нян идэвхжиж сүрьеэгээр өвчилдөг. Сүрьеэгээр өвчилсөн нэг хүний цаана 10-15 хүнд халдвараа тарааж байдаг.
–Өнгөрсөн онд хэчнээн хүн сүрьеэгээр өвчилсөн юм бол? Халдварын тархалт ямар байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 2018 онд 2069 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 192 тохиолдлоор буурсан. Нийт 9.9 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байсан. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар шинээр илэрсэн тохиолдол нийслэлийн хэмжээнд 727 бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15-аар буурсан юм.
СУРГУУЛИЙН ОРЧИНД ХАЛДВАР ТАРААСАН НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ
Нөгөөтэйгүүр, хоёр жилийн өмнө 1500 гаруй сурагчтай сургуулийн багш сүрьеэгээр өвдсөн байхад сургуулийнх нь эмч, дүүргийнх нь эмнэлэг, цаашлаад ХӨСҮТ яагаад анхаарсангүй вэ. Тэр тусмаа багш хүн гэдэг мэргэжлийн онцлогоос шалтгаалж өдөр тутам хүүхэдтэй харилцаж, тэдэнтэй ойрхон байдаг. Энэ асуудалд сургуулийн байгууллага, захиргаа хариуцлага хүлээх ёстой талаар эцэг эхчүүд санал гаргасан. Дээрх асуудлаар Нийслэлийн боловсролын газраас тодруулахад “Сүрьеэтэй багш тус сургуульд ажиллаж, эмчийн хуурамч магадалгаа авчран ажлаа хийсэн эсэхийг бид тодруулна. Хуулиндаа тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл байхгүй” гэсэн юм. Харин Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тухайн багш, сургуульд ямар хариуцлага хүлээлгэх талаар тодруулахад “ Тухайн багшийг ажлаас чөлөөлөх асуудал нь тус сургуулийн захирлын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал юм. Бидний зүгээс тус сургуулийн захиралд арга хэмжээ тооцуулах саналыг Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ