"Улстөрчид Оюутолгойг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг"

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

"Улстөрчид Оюутолгойг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг"

"Улстөрчид Оюутолгойг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг"

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.


-Монголчууд Оюутолгой ордоо арай гэж хөдөлгөсөн ч түүнийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан тасрахгүй 10 жилийн нүүр үзлээ. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүст ч  шүүмжлэлтэй хандаж ирсэн. Монгол Улсын эдийн засгийн  гол баталгаа болсон уг ордыг тойрсон өнөөгийн үйл явцад та  ямар дүгнэлт хийж байна вэ?

-Оюутолгой төсөл Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн мотор нь гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Жоохон дөвийлгөөд хэлбэл,  Оюутолгой төсөл хөдөлснөөр Монгол Улс оршин тогтнож байна  гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн Монголын эдийн эдийн засгийг Оюутолгой төсөлгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж би хувьдаа боддог. Оюутолгой төслөөр дамжин бусад салбарууд ч гэсэн даган хөгжиж байна. Оюутолгойн гэрээг анх байгуулахад үед би Сангийн яаманд ажиллаж байсан. Энэ утгаараа гэрээг  байгуулахад тодорхой хэмжээгээр оролцож явсан хүний хувьд гэрээг муу болсон гэж  үздэггүй, үзэх ч боломжгүй. Учир нь Оюутолгойн анхны гэрээ чамгүй сайн гэрээ болсон. Аливаа гэрээнд хоёр талын балансыг тааруулах нь маш чухал юм. Энэ утгаараа анхны гэрээ балансыг хангасан  гэж хэлнэ. Гэрээний үндсэн дээр Оюутолгой төсөл хөдөлж өнөөдөр эдийн засагт үр ашгаа өгч байгаа. Оюутолгой төслийг тойрсон шүүмжлэлийг би ажил хэрэгч бус, хардаж сэрдсэн шүүмжлэл гэж хардаг.

– УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Гэвч ямар дүгнэлт гарав гэдгийг ярихаас илүүтэй ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Рио-Тинто компанийн талд өгсөн нь анхаарал татаж байна. Шалгасан компанийнхаа дүгнэлтийг буцаан өгч  “тал засаж” байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Алдаа мөн үү гэвэл мөн. Нэгэнт ажлын хэсэг УИХ-аас гарч тодорхой хугацаанд гэрээг шалгасны хувьд дүгнэлтээ эхлээд төрдөө танилцуулах ёстой. Д.Дамба-Очир гишүүнийг эх орноосоо урваж, Рио-Тинтод мэдээлэл хүргүүллээ гэсэн мэдээлэл хүртэл гарлаа. Рио-Тинтогийн талд илт үйлчилж эх орноосоо урвасан гэж хүндрүүлж харах нь зохисгүй байх. Миний зүгээс хэлэх зүйл бол Оюутолгойн асуудалд сэтгэлийн хөөрлөөр  хандаж,  хардлага сэрдлэгээр шийдвэр гаргаж болохгүй. Хэрэв Оюутолгой төсөлд сэтгэлийн хөдлөлөөр хандвал Монгол Улсад л хохиролтой.

-Энэхүү гэрээг тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөж, улс төр, эдийн засгийнхны анхаарлыг татсаар байгаа. Явж байгаа төслийг зүгээр орхисон нь дээр ч юм шиг. Энэ дуусдаггүй их маргаан төрд итгэх ард түмний итгэлийг улам хөсөрдүүлж байна. Нэгэнт бий болсон асуудлыг одоо хэрхэх вэ?

-Олон нийт гэрээг сайн, муу болсон гэж шууд дүгнэж хэлэхэд учир дутагдалтай. Гэрээг сайн эсвэл муу болсон гэдгийг төр буюу шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт өгөх ёстой. Өнөөдөр УИХ-ын зарим гишүүд нь дүгнэлтийн талаар мэдээлэлгүй байхад жирийн иргэд бид шүүмжлэх боломжгүй юм. Гэрээг зөв, буруу эсэхийг УИХ нь тогтоох ёстой. Ингэснээр иргэд ч гэсэн зөв мэдээлэлтэй болно шүү дээ.

Сүүлийн 10 жил өрнөсөн үйл явцаас харахад Оюутолгой төслийг муулсан улстөрчид нэр хүндтэй болж хувирсан.  Төслийг муулж л байвал ард түмэнд таалагддаг, дэмждэг гэж ойлгодог.  Шулуухан хэлэхэд, тэд "Оюутолгой төсөл Монгол Улсыг сүйтгэж хамаг ашиг орлогыг нь гаднын компани  сорж аваад байна” гэсэн ийм л ойлголтыг ард түмэнд өгсөн нь улстөрчид өөрсдөө. Тэгэхээр өнөөдөр Оюутолгойгоор хийх улстөржилтөө хойш тавьж төр үүргээ биелүүлмээр байна.

Үндсэндээ өнөөдөр төр үүргээ биелүүлэхгүй сонгогчдынхоо дунд хариултгүй асуулт шидчихээд байна. Энэ нь асуудлыг шийдэх бус улам их маргааныг дагуулж байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн маргаан шийдэлгүйгээр 10 жил явж ирлээ. Өнөөдөр жирийн  нэгэн иргэнээс “Оюутолгой төслийг хөдөлгөх нь зөв үү, буруу юу” гэж асуувал, төслийг зогсоохыг дэмжих байх. Ингэж л улс төрчид  энэ төслийн талаар 10 жил сөрөг мэдээлэл ярьсных. Ард түмнийг төлөөлнө гэж төрд гарчхаад буцаагаад жижиг асуудал бүр дээр ард түмнээсээ хариулт  хайгаад байвал энэ нь асуудлыг шийдэх бус улс орныг дамнасан шийдэлгүй маргаан дагууллаа гэдгийг хэлэх гэсэн санаа. Тэгэхээр улстөрчид олон нийтэд бодит мэдээллийг өгч шийдэх зүйлээ цаг алдалгүй шийдээд л явах хэрэгтэй.

-Рио-Тинто компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдчихсэн. Энэ тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бий юу? 

-Боломжтой. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь бизнесийн зарчим. Гэрээ гэдэг бол ихэвчлэн ирээдүйд хэрэгжих үйл ажиллагааг зохицуулсан харилцаа. Ирээдүйн нөхцөл байдлыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй учраас буруу тооцоолж, төлөвлөсөн байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас гэрээндээ өөрчлөлт оруулах, засаж залруулах нь байж болох  л асуудал. Гэрээнд өөрчлөлт оруулахыг нөгөө талаа шахаж, дарамтлах гэж харж болохгүй. Хөрөнгө оруулагч талын ашгийг хэт бууруулбал Оюутолгой ХХК зөвшөөрөхгүй байх.  Мэдээж Монгол Улсад алдагдалтай бол тодорхой саналуудаа хөрөнгө оруулагч талд тавих эрх нь Монголын талд бий гэж харж байна. Хамгийн гол нь хоёр тал харилцан тохирч, зөв ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрэх нь чухал юм.

Түүнээс бус хөрөнгө оруулагч талдаа хэт ашиггүй санал тавьж, уг саналыг нь хүлээж авахгүй бол Монгол Улсыг үл ойшоолоо  гэсэн байдлаар хандах нь зохисгүй. Оюутолгойн төслийн цаана хөрөнгө оруулагчдын  мөнгө явж байгаа. Тэд энэ төслөөс ашиг л харах нь тодорхой. Төсөл хэт Монголын талд ашигтай болбол хөрөнгө оруулагч талдаа ашиг нь буурна гэсэн үг. Цаашлаад хөрөнгө оруулагч тал төслөөс гарвал энэ том төсөл зогсохыг үгүйсгэхгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Оюутолгойн гэрээг хэт ашигтай болгох гэж байна гээд асуудлыг хүндрүүлбэл эрсдэлд орох тал нь манайх. Тиймээс гэрээнд хоёр талын балансыг тааруулах нь зөв юм.

Хэрэв Оюутолгой төслийг зогсоовол ирэх 20 жил Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх нь маш эргэлзээтэй болно. Яахав, жонш, нүүрс олборлох зэрэг  жижиг хөрөнгө оруулалт хятадаас орж ирэх л  байх. Харин хэдэн тэрбум ам.доллараар яригдах хэмжээний хөрөнгө оруулалт, цаашлаад гуравдагч хөрш гэгдэх Европын холбоо, Англи, Америк, Австралиас  орж ирэх хөрөнгө оруулалтууд зогсоно гэж харж байна. Тиймээс  зөв шийдвэр гаргах шаардлага төрийн өмнө тулгарч байна.

-Таны хэлсэнтэй санал нийлж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд манай улс гаднын хөрөнгө оруулагчдад хэдий хэрийн итгэл үнэмшил төрүүлэхээс шалтгаална. Уул уурхайн мега төслүүдээс гадна төмөр зам, автозам, эрчим хүч, цахилгаан станцын төслөө урагшлуулахад л өдий төдий хөрөнгө оруулалт шаардагдана. Гэвч тогоон доторх бидний хэрүүл гадаад ертөнцөд сөрөг хандлага бий болгож эхэллээ.  "Рио Тинто"-гийн хувьд Оюутолгой төсөл хамгийн чухал төсөл нь. Сүүлийн өдрүүдэд “Рио Тинто”-гийн хувьцааны ханш унаж байгааг дотоодын маргаантай холбон тайлбарлаж байна?

– "Рио Тинто"-гийн хөрөнгө оруулсан  томоохон нэг төсөл нь Монгол улсын төсөл. Монгол Улсад хөрөнгө оруулахад тааламжтай, тааламжгүй орон эсэхийг олон улс харж байгаа. Тэгэхээр Оюутолгой төсөл зөвхөн Рио-Тинто компанийн хувьцааны ханшаар хязгаарлагдахгүй. Цаашид манай улсад орж ирэх томоохон хөрөнгө оруулалтуудтай шууд хамааралтай. Энэ бүхнээс гаднын хөрөнгө оруулагчид юу гэж дүгнэх вэ гэхээр Монголд хөрөнгө оруулахад  төр засаг нь асуудлыг шийдэж өгдөггүй, 10 жил маргаан үүсгэдэг гэсэн ойлголт Европын холбоо, Англи, Америк, Австрали улсын компаниудад өгнө гэсэн үг. Уг нь Рио-Тинто компани ашигтай ажиллаад хувьцааных нь үнэ өсч байвал олон улсын хөрөнгө оруулагчид үүнийг Монгол  дахь  хөрөнгө оруулалтын ерөнхий  жишиг гэж харна. Өөрөөр хэлбэл, Монголд хөрөнгө оруулалт хийхэд ашигтай, хувьцаа маань өсөх юм байна гэсэн дүгнэлтийг хийж дараа дараагийн төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхол бий болно. Гэтэл хамгийн анхны олон улсын том төсөлдөө ойлгомжгүй байдал үүсгэчихлээ. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаална гээд л ярьж байна. Хэн ч авахгүй. Яагаад гэвэл өмнөх жишээ бидэнд бэлэн байна. Монгол Улсад хөрөнгө  оруулсан "Рио-Тинто"-гийн хувьцааны үнэ  унаж байхад төр нь хоёр үзүүртэй зүү шиг байгаа нь гадна орчинд маш таагүй байдлыг бий болгож байна. Энэ ойлгомжгүй байдлынхаа өмнө Монголын ард түмний нэрийг барьж “Ард түмэн Оюутолгой төслийг зогсоохыг хүсч байна, ард түмэн ашиггүй гэж үзэж байна" гэж ярьдаг байж болохгүй. Гэтэл ард түмэн үнэндээ төсөл сайн, муу болсон эсэхийг мэдэхгүй шүү дээ. Мэдэх ч боломж байхгүй. Улстөрчид нь л ажлаа хиймээр байна гэдгийг л дахин дахин хэлээд байгаа юм л даа.

-Эрх баригч нам иргэдэд 20 сая хүртэлх төгрөгийн “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн гол агуулга нь төр эрсдэлээ хариуцаж иргэндээ итгэн барьцаагүй зээл олгох уг шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?  

-Тухайн үедээ ялгаа байхгүй Ардчилсан нам найман хувийн ипотекийн зээлийг бий болгосон. Энэ шийдвэр нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд байх боломжгүй байсан зээлийн хүү. Үүнээс үүдэлтэй хямрал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ удаад МАН гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгоно гэлээ. Энэ нь АН-ын найман хувийн ипотекийн зээлтэй адилхан л шийдвэр. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлавал ямар ч боломжгүй шийдвэр. Найман хувийн ипотекийн зээл, итгэлийн зээлийн аль аль нь зах зээлийнхээ хуулийг зөрчсөн. Манай эдийн засаг дэлхий дээрх хамгийн өндөр зээлийн хүүтэй. Зөв ч бай, буруу ч бай ямар нэгэн байдлаар үүнийг эвдэх л ёстой. Зах зээлийн зарчим, эрэлт нийлүүлэлт гээд яривал зээлийн хүү дараагийн 50 жил ч гэсэн яг ийм байдлаар хэвээр байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр манай санхүүгийн систем нь бүхэлдээ буруу явж ирсэн. Аж ахуй нэгжүүдээ санхүүжүүлдэг биш харин ч эсрэгээрээ дампууруулдаг ийм санхүүгийн системтэй. Ийм нөхцөлд “Хорыг хороор" гэдэг шиг гажуудлыг гажуудлаар нь л засахаас өөр аргагүй. МАН-ын гурван хувийн “Итгэлийн зээл” нь  санхүүгийн зах зээлээ доргиогоод өгөөсэй гэж хүсч байна. Тэгж байж санхүүгийн буруу систем нь цэвэрших боломж бий болно гэж харж байна. Хэрэв гажуудлыг ном журмаар нь засъя гэвэл магадгүй 100 жил зарцуулагдах байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж