
Гэтэл тэднийг малдаа яваад ирэхэд гэр нь шатчихсан байсан байна. Харин хоёр бяцхан хүүхэд нь гэрээс 40 гаруй метрийн зайтай байдаг малын саравчны нөмөрт даарчихсан сууж байжээ. Саранчимэг охин шатаж байгаа гэрээс дүүгээ чирж гаргаад нөмөр бараадуулан суулгасан гэнэ. Бүр өөрийнхөө өмсөж байсан цамцаа тайлж дүүдээ нөмрүүлчихээд ээж аавыгаа хүлээн сууж байжээ.
Хэлд ороогүй, хөлд орж дөнгөж л гүйж яваа жаахан охин дүрэлзсэн их гал дундаас зөн билгээрээ дүүгээ аврах ухаан төрж, аварч чадсан нь үнэхээр гайхалтай агуу үйлс. Ийм нялх амьтнаас яаж тийм ухаан гарсныг сонссон хүн бүр гайхан биширч сууна. Одоо эднийхэн аймгийн төвд ах дүүгийндээ байгаа аж. 10 сартай бага хүүхэд нь жаахан түлэгдэлттэй байсан тул эмчлүүлж байгаа гэнэ.
Галын аюулаас хоёр биенийхээ амийг аварч аав ээждээ амьдрал бэлэглэсэн жаахан охин одоо юу ч болоогүй юм шиг эрхэлж наадан гүйж явна. Гэр орон нь шатаж үгүй болно гэдэг мэдээж харамсалтай. Гэхдээ хүний аминаас илүү үнэтэй юм хаа ч байхгүй. Тэр хоёр нялх жаал гэртэй хамт хайлчихсан бол яана.
Бурхан тэднийг харж ээлдээ багтаасан гэлтэй. Монгол хүн “Хүүхдийн заяа түшлээ” гэж ярьдаг. Хөлд орж гүйж ядаж яваа энэ бяцхан жаалын хийсэн үйлдэл хэний ч санаанд багтамгүй гайхалтай агуу санагдана.
Ж.Сайнжаргал