Энэтхэгийн Бунди хотын эмнэлгийн мэс засалчид Кота хотын оршин суугч 42 настай эрийн ходоодноос 116 ширхэг төмөр хадаас, шарикнууд, төмөр утас гарган авчээ. Тус эмнэлгийн эмч Санти өвчтөний дотор эрхтнийг хэт авиан дуранд харахад ходоодонд нь маш олон гадны биет байгаа нь харагджээ. Гэсэн ч эмч нүдэндээ итгэлгүй түүнийг дахин компьютер томограф оношилгооны аппаратад оруулж нягталж хартал яах аргагүй хадаас шиг хэлбэртэй зүйлс маш олон байв.
Өвчтөн Бола Шанкар нь ням гаригт /2019.05.12/ сүүлийн хэдэн өдөр ходоод нь өвдсөн гэсэн зовиуртай тус эмнэлэгт ирж хэт авиан оношилгоонд орсон байна. Ингээд эмч нар зөвлөлдөж түүний гэдсэн дэх зүйлсийг мэс заслын аргаар гарган авахаар болсон гэнэ. Мэс засал даваа гаригт /2019.05.13/ болж, өвчтөн ч мэс заслын дараа маш хурдан тэнхэрчээ. Ийм олон тооны төмөр хадаас залгих нь амь насанд нь маш аюултай байсныг эмч нар сануулсан байна. Өвчтөн гадна талбайн цэцэрлэгчийн ажил хийдэг байсан ба яагаад ийм олон хадаас залгиснаа огт хэлээгүй ажээ.
Үүнтэй төстэй тохиолдол 2017 оны долдугаар сард болж байсан ба Бунди хотын оршин суугч 56 настай эрийн гэдэснээс 150 ширхэг хадаас, зүү гарган авч байсан гэнэ.
Эх сурвалж:RT, REDDIFF
Холбоотой мэдээ