Нийтийн эзэмшлийн гудамж, талбай нийслэлчүүдийн мэдэлд ирэх нь

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай нийслэлчүүдийн мэдэлд ирэх нь

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай нийслэлчүүдийн мэдэлд ирэх нь

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ээлжит захирамжаа гаргалаа. Энэ удаагийн захирамж нь Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай А/439 дүгээр захирамж аж.  Улаанбаатар хотын төв талбайн урд хэсгээс бүхэл бүтэн 2.5 га газар хувийн компанийн эзэмшилд 13 жил явж ирснийг нийслэлчүүд мэдэхгүй, дээр нь төлбөртэй зогсоол байгуулж, орлогоосоо нийслэлд ганц төгрөг төлдөггүй байсныг ч анхаарах сөхөөгүй, машины зогсоолтой болсондоо баярлаад явж байсныг тэр олон нийтэд ил болгож, газрын захирамжийг нь хүчингүй болгосон. Өдгөө тэнд үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэл бүхий архитектур, орон зайн төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр мэргэжлийн байгууллага, уран бүтээлчдийн дунд зураг төсөл боловсруулах уралдаан зарлаад байна.

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн гэж байхгүй болсны сонгодог жишээ энэ буюу. Үүгээр зогсохгүй “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн,  Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай хүртэл нэг эзэнтэй аж ахуйн нэгжийн гарт хэдийн орсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр саяхан шуугиад авсан. Улсынхаа нийслэл, Улаанбаатар хотынхоо гал голомтыг тойроод байгаа хэдхэн цэцэрлэгт хүрээлэнг нэг “нууц ноён” бүгдийг нь эзэмшилдээ авчихсан байхад үе үеийн хотын дарга нар нүдэн балай чихэн дүлий явж ирсэн нь бас л сонин.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн даваа гаригт болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг яаралтай судалж, саналаа боловсруулан НИТХ-д оруулах үүрэг даалгавар өгсөн.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг нийслэлчүүдийн мэдэлд үлдээхийн төлөө шийдвэртэй, зоригтой алхам нь өөр дээрээ “гал дуудсан” эрсдэлтэй алхам ч байж магадгүй. Гэхдээ ажил үргэлжлэх нь ээ.

Туул голын эрэг дагуу буюу Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 22 км урттай дугуйн болон явган хүний зам, амрах сүүдрэвч, спорт талбай, үйлчилгээний цэгүүд, эко 00, тоглоомын талбай, машины зогсоол бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажилтай хотын дарга газар дээр нь очиж танилцаад, бүх талаар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Гэр бүлээрээ эрүүл агаарт гарч, дугуйн спортоор хичээллэх боломжийг олон нийтэд олгож буйгаараа энэхүү ажил ихээхэн ач тустай учраас нийслэлчүүдийн дунд хэдийн хүлээлт үүсгээд байгаа юм.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн IV хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 газарт хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын хэсэг гээд нийтийн эзэмшлийн спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хэд дахин эргэж буцсаар нэлээд удааширсан байсныг хотын Захирагч эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Зөвхөн Баянзүрх дүүргийн IV хорооныхон гэлтгүй, өөр хороо, бусад дүүргээс хэн ч яваад очсон 24 цагийн турш нээлттэй байхаараа тус спорт талбай давуу талтай. Тиймээс нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нэгээр нэмэх спорт талбайг даруй ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байгууллагууд ажилдаа шуурхайлан ороод байна.

Т.ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж