Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайдын яам, Хорват Улсын Загреб хотын Захиргаатай хамтран “Монголын кино өдрүүд” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Загреб хотноо зохион байгуулж байна.
Монгол өв соёл, кино урлагийг олон улсад сурталчлан таниулах, хоёр улс хоорондын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Монголын кино өдрүүд” арга хэмжээг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Хорват Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга К.Бартл, Загреб хотын Засаг даргын орлогч Е.П.Вүкичевич, Хорват дахь Монгол Улсын Өргөмжит консул З.Матеша нар 5 дугаар сарын 13-ны өдөр нээлээ.
Хорват Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний хүрээнд Монголын орчин үеийн кино урлагийн бүтээлүүд болох “Шарга даага” (найруулагч Ч.Хоролдорж), “Хөх толбот хүмүүс” (найруулагч Ш.Доржсүрэн), “Гайхамшигт нислэг” (найруулагч Л.Бат-Амгалан, Ian Allardyce), “Уран хас” (найруулагч У.Ихбаяр), “Алсын Удирдлага” (найруулагч С.Бямба), “Далавч” (найруулагч Б.Ундрам) зэрэг бүрэн болон богино хэмжээний 6 кино олон нийтийн хүртээл болно.
Тус арга хэмжээг кино сонирхогчид төдийгүй Хорват Улсын Соёлын яам, Загреб хотын Соёлын газрын төлөөлөгчид ирж сонирхож, Хорватын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжиллаа.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ