Консерватори Мюнхены урлагийн сургуультай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Консерватори Мюнхены урлагийн сургуультай хамтран ажиллана

Консерватори Мюнхены урлагийн сургуультай хамтран ажиллана

Монгол дахь Гёте институтийн 10 жилийн ойн хүлээн авалт өнөөдөр /2019.05.15/ ХБНГУ-ын Элчин сайдын яамд боллоо. Энэхүү ойн баярын арга хэмжээний үеэр Мюнхен хотын Хөгжим ба Театр урлагийн дээд сургууль, Монгол Улсын Консерватори хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

 

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел: “Миний бие Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа Гёте институт болон Монгол Улсын Консерваторийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж, идэвхтэй ажиглаж ирсэн. Өнөөдөр энэ хамтын ажиллагаа өргөжиж, Герман улсын Мюнхен хотын Хөгжим ба Театр урлагийн дээд сургуультай Монгол Улсын Консерватори хамтран ажиллахаар болж байгаад баяртай байна” гэсэн юм.

 

 

 

 

 

Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү: "Монгол Улсын Консерватори Гёте институт болон ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хөгжмөөр дамжуулан боловсрол олгох шинэ боломж, шинэ нөхцөл байдал, шинэ ирээдүйг бий болгож байна. Хөгжим бол хүмүүсийг ойр дотно болгох, ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгодог агуу урлаг юм. Мюнхен хотын консерваторид монгол залуучууд маш амжилттай суралцаж байгаад бид баяртай байна. Гёте институтийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватори Мюнхен хотын Хөгжим ба Театр урлагийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байгаа боловч бид 2014 оноос хойш оюутан солилцож ирсэн түүхтэй. Бидний хамтын ажиллагаа маань олон улсын түвшинд хөгжмийн урлагийг хөгжүүлэх, хөгжмийн боловсролыг эзэмшүүлэх, хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэхэд чиглэгдэж байгаад миний бие баяртай байна"

 

 

Мюнхен хотын Хөгжим ба театрын урлагийн дээд сургуулийн Жазз институтийн захирал, профессор Клаус Райхшталлер: "Миний хувьд Монгол Улс бол Ази тивийн хол нутаг шиг санагддаг хэр нь энэ улсад жазз хөгжим маш өндөр түвшинд хөгжсөн нь гайхалтай сэтгэлдэл төрүүлж байна. Өнөөдөр манай их сургуульд суралцаж буй монгол оюутнууд элсэлтийн шалгалтаа бүгд онц өгсөн. Энэ нь Монгол Улсад жазз хөгжмийн боловсрол олгох бодлого өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэж ойлгож байна.  Энэ бол хоёр улсын хамтын ажиллагаа мэргэжлийн өндөр түвшинд явагдаж буйн илрэл юм. Бид хамтын ажиллагаагаа жазз хөгжмийн чиглэлээр эхлүүлсэн.  Цаашид монгол ардын дуу, хөгжмийн зэвсэг гэх мэт салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ"

 

 

Монгол дахь Гёте институтийн захирал Михаэль Хайнст: "Өнөөдөр Монгол Улсын Консерватори болон ХБНГУ-ын Мюнхен хотын Хөгжим ба Театр урлагийн дээд сургууль хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ үйл явцад Гёте институт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү төсөл нь Монголд анх удаа жазз хөгжимд суралцах сургалтыг бий болгосон. Уг төсөл өргөжин хөгжсөөр ердөө хоёрхон жилийн дотор 2016 оны хичээлийн жилд Монгол Улсын Консерваторид жазз хөгжмийн бакалаврын сургалт анх удаа шинээр нээгдсэн юм. Соёлын солилцооны хувьд Мюнхен хотын хөгжмийн багш нарыг Монгол Улсад авчран, оюутнуудад хөгжмийн боловсрол олгож байсан. Энэ холбоо үргэлжилсээр байгаад өнөөдөр хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөр болтлоо өргөжиж байна. Монгол дахь Гёте институт нь 2014 оноос эхлэн Монголын залуу жазз хөгжимчдийг дэмжиж ирсэн бөгөөд үүний нэг тод жишээ нь Гёте хөгжмийн танхим юм. Энэхүү танхим нь жазз хөгжмийн олон улсын талбар болно гэдэгт итгэлтэй байна.

Гёте институт нь дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын соёлын байгууллага бөгөөд герман хэлийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлын харилцааг хөгжүүлэх, Герман улсын талаарх мэдээллийг хүргэх чиглэлээр ажилладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж