Ахмет Язалт: Турк сургуульд хэний хүүхдийг хөнгөлөлттэй сургасныг судлаад үзээрэй  

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Ахмет Язалт: Турк сургуульд хэний хүүхдийг хөнгөлөлттэй сургасныг судлаад үзээрэй  

Ахмет Язалт: Турк сургуульд хэний хүүхдийг хөнгөлөлттэй сургасныг судлаад үзээрэй  

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн санаачлагаар Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай сэтгүүлчид өчигдөр /2019.5.15/ уулзаж, зарим асуултад хариулт авлаа.

ЧИНГИС НЭРТЭЙ ХҮН ТУРКТ МОНГОЛООС Ч ОЛОН БИЙ

Элчин сайд Ахмет Язалт уулзалтын эхэнд “Монгол болон Турк улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Харин түүхийн хувьд түүнээс олон жилийн харилцаатай. Турк монгол нэртэй хүний тоогоор дэлхийд нэгт орох байх. Тухайлбал, Чингис, Тэнгис, Төмөр, Алтай, Баатар, Цагаадай, Алтан, Цэцэг гэх мэт. Сонирхолтой нь, Чингис нэртэй хүн Туркт Монголоос ч олон бий. Туркүүд Монголын газар нутгаас одоогийн байгаа газар руугаа нүүдэллэсэн. Салж нүүдэллэхдээ маш найрсгаар салцгаасан байдаг.  Бидэнд хоол хүнс, хувцаснаас эхлээд  зарим нэгэн ёс заншил хүртэл ойролцоо зүйл маш их бий. Гэвч хоёр орны гадаад худалдаа дөнгөж 40 сая ам.доллараар хэмжигдэж байна. Энэ тоо 2018 оны тоо. Хоёр улсын худалдаа, аялал жуулчлал бусад харилцаанаас хоцрогдож байгаа. Хоцрогдоод байгаа аялал, жуулчлал, худалдааг хөгжүүлэх боломж бий” гэсэн юм

НИСЛЭГИЙН ТООГ НЭМЬЕ

Дараа нь хоёр орны аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх гарц болох агаарын тээврийн нислэгийн талаар ярьсан юм. Тэрбээр “Туркээр дамжуулан маш олон жуулчдыг Монголд авчрах боломжтой. Мөн худалдааны эргэлтийг сайжруулах олон арга бий. Үүний тулд илүү том онгоцоор, олон давтамжтай нислэг хийх юм. “Турк Эйрлайнс” 2012 оноос эхлэн долоо хоногт нэг удаа 500 суудлын хязгаартайгаар Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байна” гэсэн  юм. Үргэлжлүүлэн аялал жуулчлал, гадаад худалдааг нэмэгдүүлэхийн тулд нислэгийн хязгаарыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа. Үүний тулд Бишкекээр дамжиж, шатахуун авалгүйгээр шууд Истанбул-Улаанбаатар хооронд том оврын онгоцоор долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэх шаардлагатай байгааг дурдсан юм. Энэ тохиолдолд Монгол Улсад ирэх зорчигчдын тоо хоёр дахин нэмэгдэж 40 мянга, долоо хоногт долоон удаа шууд нисэхэд 90 мянга болох боломжтойг дурдсан юм. Одоогийн 500 суудалтай онгоцоор нислэг үйлдэхэд Монгол Улсад жилд 3.8 сая ам.долларын үйлчилгээний төлбөр төлж байгаа аж. Харин өдөр бүр том оврын онгоцоор шууд нислэг үйлдсэнээр Монгол Улсад жилд 35 сая ам.долларын үйлчилгээний төлбөр төлөх боломжтойг дурдаж байлаа.

“Турк Эйрлайнс”-ийн суудлын тоо, нислэгийг нэмэгдүүлэх талаарх энэ яриа нэг цаг гаруй үргэлжилснийг дурдъя. Үүний дараа сэтгүүлчид Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалаас сонирхсон асуултаа асуусан юм.

“ТУРК ЭЙРЛАЙНС” ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙГАА БОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖ БОЛНО

-“Турк Эйрлайнс”-ийн нислэгийн тоог нэмэгдүүлснээр МИАТ-д яг ямар байдлаар нөлөөлөхийг судалж үзсэн үү?

-Энэ бүх тоо, мэдээллийг монголын талаас гаргасан, нийтэд нээлттэй мэдээллээс авсан. Монгол Улс Европ тивээс жилд 30 мянган жуулчин авч байна. Энэ байдалтай эвлэрсэн бол хэлэх зүйл алга. МИАТ-ын зүгээс “Турк Эйрлайнс” суудлын тоогоо 250-иар нэмэхэд жилийн 12 сая ам.долларын орлого, зорчигчдынхоо 60 хувийг алдана гэж хэлсэн байдаг. Хэрэв 250 суудлаас 12 сая ам.долларын орлого олдог юм бол энэ аргаа бидэнд зааж өгөхийг хүсье. МИАТ компанид ашигтай байх гэрээний санал ч тавьсан байгаа. Мөн “Турк Эйрлайнс” нь МИАТ-ын хамгийн ашигтай ажилладаг чиглэлд  явуулж буй нислэгээ зогсоох санал ч тавьсан байгаа. Хэрэв Монгол Улсын эдийн засагт “Турк Эйрлайнс” хохирол учруулаад байгаа бол үйл ажиллагаагаа зогсоож болно. Бид ашиг олъё гэж бодолгүйгээр, хоёр улсын харилцааг бэхжүүлэхийг зорьж байгаа юм.

-Монгол, Туркийн хамтарсан сургууль, “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захиралтай холбоотой асуудал юу болж байна вэ. Тус сургуулийг маш олон хүн төгссөн. Боловсролын салбарт үүссэн орон зайг ямар байдлаар нөхөх вэ?

-Эдгээр сургуулиуд нь хоёр улсын гүүр байгаагүй. Сургуулиуд ФЕТО байгууллагад хамаардаг. Тус байгууллага нь 1970 оны сүүл, 1980 оны эхээр Туркт байгуулагдсан. Анх байгуулагдахдаа амьдралын боломж тааруу хүмүүст боловсрол олгоно гэж байсан ч суралцаж байгаа хүүхдүүдийг өөрийн байгууллагад элсүүлэх бодлоготой байсан. Ингээд төрийн томоохон албан тушаалд өөрсдийн хүмүүсээ оруулсан. Үүнийг олж мэдээд эдгээр хүмүүсийг ажлаас нь халах үед буюу 2016 оны долдугаар сарын 15-нд тус байгууллага төрийн эргэлт хийх оролдлого хийсэн юм. Энэ үед 251 энгийн иргэн амь үрэгдсэн. Энэхүү бүлэглэл нь 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд Монгол ч багтдаг. Тус байгууллага Монголд дөрвөн хувийн сургууль, нэг олон улсын сургууль ажиллуулдаг. Сэтгүүлчдэд хандаж хэлэхэд, тус сургууль нь хэний хүүхдийг хөнгөлөлттэй сургасныг судлаад үзээрэй. Яагаад эрх мэдэлтэй, улс төрийн нөлөө бүхий хүний хүүхдийг хөнгөлөлттэй үнээр сургаж байгаа юм бэ. Туркт олон жилийн өмнө энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан юм. Тус сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг, эхийг хүүхдэдээ чанартай боловсрол олгох зорилготой байдаг гэж бодож байна. Турк Улсын засгийн газар эдгээр сургуулийг хаах хүсэлт гаргаагүй.  Сургуулиудын боловсролын чанарыг унагалгүйгээр үргэлжлүүлэн авч явахад бэлэн байна.  Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөх юм бол санхүү болон бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн байна.

Уулзалт энд хүрээд өндөрлөсөн юм. Вэйсэл Акчайг Монгол дахь ФЕТО байгууллагын хамгийн өндөр албан тушаалтан гэж үзээд Турк улсын Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж