Монголын үндэсний бөхийн орчин цагийн анхдагчдын нэг “Увс нуур” галыг үүсгэн байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Алдарт бөхчүүдийн өлгий нутаг “Увс нуур” галаас түүхэн ойгоо “Монгол бөхийн баяр” нэрийн дор зохион байгуулж байгаа талаар өнөөдөр /2019.05.15/ мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд Хөдөлмөрийн баатар, ОХУ, Монгол Улсын гавьяат тамирчин, Зууны манлай бөх, олимпийн мөнгөн медальт, доктор Х.Баянмөнх болон “Увс нуур” галын удирдлагуудын төлөөлөл оролцлоо. “Увс нуур” галын 20 жилийн ойн хүрээнд “Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний хурал, чөлөөт, жүдо, самбо бөхийн улсын аварга тэмцээнийг зохион байгуулж, Монголынхоо ахмад тамирчид, багш, дасгалжуулагчид, алдарт бөхчүүдээ хүндэтгэн хүлээн авчээ. Мөн галынхаа 20 жилийн түүхэн замналаар “Гал манахын учир” баримтат кино, “Хүчтэний өлгий Увсын бөхчүүд” номыг олны хүртээл болгожээ. Үүнээс гадна монгол бөхчүүдийн тухай яруу найргийн улсын уралдаан зарлаж, шалгарсан шилмэл шүлгүүдээр нь “Хүчит бөхчүүдийн найргийн асарт” хэмээх номыг хэвлүүлсэн байна.
“Монгол бөхийн баяр”-т зориулсан бөхийн барилдааныг энэ сарын 19-ний өдөр Бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Уг барилдааны түрүү бөхөд Х.Баянмөнх аваргын хөрөг бүхий “Дархан аваргын нэрэмжит” цомыг олгох юм байна.
“Увс нуур” бөхийн гал байгуулагдсан 20 жилийн түүхэндээ улсын наадмын түрүү, үзүүрийг тус бүр таван удаа авсан бол их шөвөгт 12, улсын цолтон 30 гаруй төрөн гарчээ. Мөн тив, дэлхийн тэмцээнд нэрээ дуурсгасан олон тамирчид энэ галаас спортын замналаа эхлүүлсэн түүхтэй аж. Алдарт бөхчүүдийн өлгий нутаг Увс нутгийн “Увс нуур” төрийн бус байгууллагыг Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Монголын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны даргаар ажиллаж байсан Сангийн сайд асан Э.Бямбажав, Биеийн тамир, спортын хороонд ажиллаж байсан З.Лагиржав тэргүүтэй хүмүүс 1998 онд байгуулж байсан түүхтэй аж. Тиймээс энэ жил түүхэн 20 жилийн ойг тохиолдуулан олон талт арга хэмжээг зохион байгуулж, ирэх Ням гаригт бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.