Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 20

Долдугаар сарын 20-ны баяр

Олон улсын шатрын өдөр

Дэлхий даяар 1966 оноос эхлэн Олон улсын шатрын өдрийг (International Chess Day) дэлхий даяар тэмдэглэж иржээ. Уг баярыг 1924 онд байгуулагдсан Олон улсын шатрын холбооны (World Chess Federation, FIDE) шийдвэрээр тэмдэглэхээр болжээ. Энэ тоглоомын нэр нь “шах мат” (Эзэгнэгч үхлээ) гэсэн перс үгнээс гаралтай. Түүний эх орон нь Энэтхэг бөгөөд шатрын урьдатгал болох чатуранга гэдэг тоглоом тэнд V зуунд үүсчээ.

Колумбийн тусгаар тогтнолын өдөр

Колумби 1819 онд тусгаар тогтнолоо авсны дараа Агуу Колумби улс байсан ба түүний бүрэлдэхүүнд Венесула, Эквадор, Панама багтдаг байлаа. Венесуэла, Эквадор хоёр түүний бүрэлдэхүүнээс 1830 онд гарсны дараа Агуу Колумби оршин тогтнохоо больсон байна. Панама 1903 онд тусгаар тогтножээ.

Өдрийн ишлэл

“Хорвоод өч төчнөөн ертөнц оршин тогтнохуй. Би түүнээс ганцыг нь ч байлдан дагуулаагүй байна!”
(Македонын Александр МЭӨ 256 оны долдугаар сарын 30-нд төржээ)
Македонын Александрын дүрстэй алтан медальон. МЭӨ 323 он.
Бусад ишлэлээс: “Тэнгэрт хоёр нар, дэлхийд хоёр эзэн байдаггүй”
“Дайн алдраас хамааралтай, заримдаа итгэгдсэн худал зүйл үнэн болон хувирдаг”
“Хэдий чинээ их хөрөнгөтэй байна, төдий чинээ байхгүй зүйлийнхээ хойноос шунадаг”
“Хэрэв би Александар биш байсан бол Диоген болох байсан”
“Би хэтэрхий олон эмч нарын тусламжаас үхэж байна”

Үйл явдал

1797 ОН: Анх удаагаа «Jeszcze Polska nie zginęła» гэсэн Польшийн сүлд дууг дуулжээ.  
Войцех Коссакийн зурсан зураг. 1870 он.
«Jeszcze Polska nie zginęła» («Польш мөхөөгүй байна…») гэсэн дуу анх удаагаа дуулагдлаа. Оросын эсрэг Тадеуш Костюшкогийн (1746-1817) бослогын удирдагч нарын нэг генерал Ян Домбровскийн тухай “Домбровскийн марш” дууны аяыг авсан байв. Сүлд дууны үгийг Польшийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улстөрч, нийтлэгч, Костюшкогийн хамтран зүтгэгч Юзеф Выбицкий (1747-1822) бичсэн байна. Энэ дуу Польшид  ихээхэн алдаршсан байлаа. Дууг 1926 онд “Домбровскийн марш” Польшийн сүлд дуу болжээ. 1848 оны хувьсгалын үеэр “Домбровскийн марш” Прага, Парис, Вена, Берлинд дуулагдаж байлаа.
 
1917 ОН: Тэр жилийн энэ өдөр «Rapp Motoren-werke» ба «Gustav Otto Flugmaschinenfabrik» компаниуд нийлээд BMW гэх худалдааны тэмдгээ бүртгүүлжээ. Шинэ компани «Bayerische Motorenwerke», буюу товчилсноор BMW нэртэй болсон байна. Компанийн сүлд нь үнэн хэрэгтээ онгоцны эргэлдэж байгаа сэнс юм байна. BMW мотортой онгоц 1919 онд 9760 метрийн өндрийн нислэгийг 1919 онд хийж чадсан байв. Дэлхийн I дайны дараа Герман ялагдсан учир зэр зэвсэг онгоц үйлдвэрлэхийг хориглосон юм. Ингээд тус компани хөнгөн хөлөг онгоц, ачааны машин, мотоциклын мотор хийхээр чиглэлээ өөрчилсөн байна.
Өнгөрсөн зууны 1950-иад оны сүүлчээр компани санхүүгийн ихээхэн хямралтай байсан бөгөөд BMW хувьцааны хяналтын багцаа Daimler Benz концернд зарах гэж байлаа. Гэвч хувьцаа эзэмшигчдийн хурал дээр гол хувьцаа эзэмшигч Герберт Квантад компани бие даан хямралыг давна гэж итгүүлж чадсан учир арилжаа явагдаагүй билээ.
Тэр жилдээ BMW 700 гэх шинэ загвар гарч ирсэн нь олонд хүртээлтэй, энгийн сайн машин болсон билээ. Зургаан жилийн дотор 29242 машин зарагдсан байжээ.

1944 ОН: Зүүн Прусс дэх Гитлерийн командын нууц байранд Адольф Гитлерийг хөнөөх гэсэн хамгийн алдартай оролдлого хийгдлээ. Цэргийн зөвлөгөөн болж байсан байрны ширээн дор Жанжин штабын дэд хурандаа гүн Клаус Шенк фон Штауффенберг цагийн механизмтай бөмбөгтэй цүнхээ тавьж орхиод “утасдах ёстой” гэж хэлэн гарч явсны дараа 12:50 цагт маш хүчтэй дэлбэрэлт болж тааз нь нуран 24 хүн газар дээр алагдаж өөр гурван хүн авсан шархныхаа улмаас нас баржээ. Фюрерын зөвхөн өмд нь түлэгдсэнээс өөр хохиролгүй үлдсэн байлаа. Зөвлөгөөний үеэр бөмбөгтэй цүнхийг хэн нэгэн нь хэдэн метрийн цаана тавьснаас Гитлерын амь аврагджээ. Тэр өдөртөө Берлинд Штауффенберг ба бусад хүмүүсийг баривчлан тэр даруйд нь буудан хөнөөв. Хуйвалдааныг илрүүлсэн тухай албан ёсоор зарласны дараа 200 орчим хүнийг цаазалсан байна. Тэдний заримыг төгөлдөр хуурын утсаар боймлон цаазалсан юм.

1969 ОН: Америкийн сансрын хөлөг «Аполлон-11» түүхэнд анхных болох Саран дээр буух ажиллагааг хийжээ. Багийн гишүүд нь Нил Армстронг, Майкл Коллинз ба Эдвин Олдрин нар байлаа. 1969 оны долдугаар сарын 16-нд хөөрсөн хөлөг 76 цагийн нислэгийн дараа сарны тойрог замд оров. Астронавтууд Нил Армстронг, Эдвин Олдрин хоёрын суусан саранд буух модуль Амгалангийн тэнгис бүсийн баруун өмнө хэсэгт Европын дундаж цагаар энэ өдрийн 20 цаг 17-нд зөөлөн газардлаа. Энэ үеэр “Хьюстон, Амгалангийн баазаас ярьж байна. “Бүргэд” газардлаа” гэж Армстронг дамжуулж байлаа. Сансрын “Аполлон-11” хөлгийг “сарны хязгаарт” СС-ийн штурмбанфюрер агсан Вернер фон Брауны (1912-1977) бүтээсэн 111 метрийн урттай, гарааны жин нь 3100 тонн «Сатурн-V» гэдэг зөөгч пуужин хүргэжээ.  Долдугаар сарын 21-ны 3:56 цагт дэлхийн хүмүүсээс хамгийн анхлан сарны гадаргад Нил Армстронг хөл тавьжээ. Үүнээс 20 минутын дараа Олдрин сараны гадаргыг хөлийн дороо мэдэрлээ. Саранд хөлөө тавиад “Хүний хувьд энэ жижигхэн алхам нь хүн төрөлхтний хувьд асар том алхам юм” гэсэн түүхэнд тэмдэглэгдсэн алдартай үгээ Армстронг хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж