Вьетнамын 90 оюутан Монголын их, дээд сургууль төгссөн

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Вьетнамын 90 оюутан Монголын их, дээд сургууль төгссөн

Вьетнамын 90 оюутан Монголын их, дээд сургууль төгссөн

Монгол-Вьетнам хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан "Монгол, Вьетнамын харилцаа, түүх ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.05.15/ Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болж байна. Уг эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол, Вьетнам улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг онцлон мэргэжилтнүүдээс тодрууллаа.


“МОНГОЛД 1990 ОНООС ХОЙШ 90 ОРЧИМ ОЮУТАН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН”

Монгол, Вьетнамын худалдаа хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Б.Гантуяа “Миний хувьд 1996 онд Вьетнамын Засгийн газрын тэтгэлэгээр гадаад худалдааны чиглэлээр суралцсан. Монголд социализмын үед суралцаж, боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд Вьетнамд олон байдаг. Өнөөдөр тэр мэргэжилтнүүд хөдөө аж ахуй, боловсрол, яам агентлагт ажиллаж байгаа нь анзаарагддаг. Тэр мэргэжилтнүүд өнөөдөр Вьетнам, Монгол Улс хоорондын харилцаанд гол хөшүүрэг нь болж байгаа. Монголд 1990 оноос хойш их, дээд сургууль төгссөн Вьетнам оюутнуудын тоо 90 орчим байдаг. Одоо Монгол Улсаас Вьетнам улсад их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй оюутан бий” гэв.

“МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН ХАРИЛЦАА XIII ЗУУНААС ЭХЛЭЛТЭЙ”

“Манай хоёр орны харилцаа 13 дугаар зууны үеэс эхлэлтэй гэдгийг судлаачид хэлж байна. Гэхдээ албан ёсны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмол хийж ирсэн гэдгээрээ онцлог. Анх 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосны дараагаар 1955 онд Хо Ши Мин Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Дараагаар нь Ю.Цэдэнбал дарга 1959 онд Вьетнамд албан ёсоор айлчилсан байдаг. Манай хоёр орны харилцаа ямар нэгэн ашиг сонирхол дээр тулгуурладаггүй. Ард түмний чин сэтгэлийн харилцаа байдгаараа онцлог” гэдгийг  Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Вьетнам судлаач Ц.Цэнгэллхам хэллээ. Мөн тэрбээр социализмын үед Монголд суралцаж байсан оюутнуудын ихэнх нь Монголд Элчин сайдаар ажилласан байдаг тухай ярьсан юм.

Энд нэг тоо дурдвал, 1958 оноос хойш 2009 оныг хүртэл 141 оюутан Вьетнам улсаас ирж, Монголын их, дээд сургуульд суралцаж байжээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж