Монгол туургатны урлагийн өв сангаас “Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн II их наадам”-ыг зохион байгуулах талаар өнөөдөр /2019.05.15/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Өвөрмонголын “Одон ТВ”-ийн монгол дахь салбарын захирал, жүжигчин Д.Уул, дуучин Б.Анар нар оролцсон юм. Дэлхийн Монгол туургатан улс орнуудын ардын урлаг, соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадам”-ыг ирэх долдугаар сарын 22, 23-нд Улаанбаатар чуулгад хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.
Уг наадамд Монгол, БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Буриад улс, Бүгд найрамдах Халимаг улс, Тува зэрэг Монгол туургатны төлөөлөл болсон авьяаслаг хүүхдүүд оролцоно гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм. “Энэ наадамд өнгөрсөн жил Өвөрмонголоос 70 гаруй авьяаслаг хүүхдүүд оролцож, нийт 200 гаруй хүүхэд уран бүтээлээ толилуулсан. Энэ жил гэхэд зөвхөн Өвөрмонголоос 200 гаруй хүүхдүүд оролцохоор болсон ” тухай тус төвийн тэргүүн О.Лхагважав онцоллоо.
А.СҮРЭН