Төр хүүхдээ халдварт өвчнөөс хамгаалж чадахгүй болтлоо ялзарчээ. Хамар дор шахам нэг сургуулиас 523 сурагч сүрьеэгийн халдвар авч, 38 нь энэ өвчнөөр өвдсөн байтал олон нийт өчигдөр л мэдлээ. Хэрэв эцэг, эхчүүдээс нэг нь “шүгэл” үлээгээгүй бол төр уг өвчнийг хэдий болтол нуун дарж, гүрийх байсныг хэлэхэд бэрхтэй.
Нийслэлийн 15 дугаар сургуулийн захирлын тайлбараар бол 2017 онд эцэг, эхчүүд сургуулийн захиргаанд хандан сүрьеэгээр өвчилсөн багш хичээл зааж байгааг анхааруулжээ. Тэр дагуу тухайн багш эмчлүүлэхээр болж, чөлөө авсан. Харин жилийн дараа буюу 2018 оны намар Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн тамгатай “Бүрэн эдгэрсэн” гэх шинжилгээний бичигтэй ирснээр ажилдаа оржээ. Гэвч саяхан хийсэн шинжилгээгээр тухайн багш сүрьеэгээр өвчилснийг тогтоосон нь ХӨСҮТ-ийн “эдгэрсэн” гэх бичиг эргэлзээ дагуулж буй. Нэг хүнээс ижил төрлийн шинжилгээ авахад хариу нь хоёр өөрөөр гарах учиргүй. Энэ тохиолдолд нэг бол эмчийн магадлагаа хуурамч, эс бол багш хуурамч магадлагаагаар ажилдаа эргэн орсон болж таарах гээд буй.
Хэдийгээр мэргэжлийн байгууллага тухайн багшаас 38 хүүхэд халдвар авч, өвчилсөн гэдгийг хараахан эцэслэн тогтоогоогүй гэдгээ мэдэгдсэн ч нэг идэвхтэй хүний ард 10-20 хүн халдварыг нь авдаг гэх тооцооллоор хөөж үзвэл хоосон хардлага бас биш.
Нөгөөтэйгүүр, хоёр жилийн өмнө 1500 гаруй сурагчтай сургуулийн багш сүрьеэгээр өвдсөн байхад сургуулийнх нь эмч, дүүргийнх нь эмнэлэг, цаашлаад ХӨСҮТ яагаад анхаарсангүй вэ. Энэ хугацаанд зөвхөн нэг сургуулийн сурагчид ижил төрлийн зовиуртайгаар эмчид хандаад байгаа нь мэргэжлийн байгууллагынхны анхаарлыг яагаад татсангүй вэ гэдэг асуудал хөндөхөд ч хүргэж буй. Өөрөөр хэлбэл, тухай бүрт нь цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажилласан бол өнөөдөр 38 хүүхдийг сүрьеэгээр өвчлөхөөс, 523 хүүхэд халдвар тээгч болохоос сэргийлж болох л байсан. Гэтэл хариуцлага алдсан шалтгаанаа зөөлрүүлэхийг хичээж байгаа юм болов уу, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албаны их эмч “Халдвартай 523 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. 38 хүүхэд л сүрьеэгээр өвчилсөн” гэдэг тайлбар хийж суугааг үнэндээ ойлгохгүй нь. Эрүүл саруул хүүхэд нь халдвар тээгч, сүрьеэгийн өвчтөн болчхоод байхад эцэг, эхчүүдийг, тэр хүүхдүүдийн сэтгэлийг бодож болдоггүй хэрэг үү. Сүрьеэ бол гоц халдварт өвчин. Нийгмийг туйлдуулж, эдийн засгийн асар их алдагдалд оруулдаг өвчин.
Хэдэн зуугаараа өвчлөөгүй нь нэг талдаа айдсыг үргээж байгаа ч дархлаа нь муудахад өвчлөхгүй гэх баталгаа байхгүй. Ийм л эмзэг, өртөмтгий байдалд оруулсан. Үүнийх нь төлөө эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг нэхэж, Засгийн газрыг шүүхэд өгөх эрх бий. Нөхөн төлбөр ч шаардах эрхтэй. Олон нийт ч шаардаж байна.
Төрийн өөрийнх нь үндсэн үүрэг иргэндээ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх. Энэ эрхээ хангаж чадаагүй төр тэдгээр хүүхэд, эцэг, эхчүүдээс уучлал ч гуйх ёстой.
Албан тушаалын төлөө шөнө, өдөргүй хурал зарлаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хүртэл хуралдан, сүрийг үзүүлдэг атлаа нэг сургуулиас 523 хүүхэд сүрьеэгээр халдварлачихаад байхад УИХ, Засгийн газар нь ямар амгалан байна вэ. Бүр юу ч болоогүй мэт царайлах юм. Нэгхэн сургууль дээр тархалт ийм байхад бусад сургуульд ямар байгаа бол… Төрийнхөө үйлчилгээнд хамгийн ойр нийслэлийн сургуульдаа анхаарал хандуулж чадалгүй өдийг хүргэсэн байхад хөдөөгийн сургуулиудад онц байдал зарлах хэмжээнд очсон байхад мэдэхгүй ч юм уу, мэдсэн ч дарсаар сууж мэдэхээр л…
Хэдийгээр сүрьеэ эмчлэгддэг, эдгэрдэг өвчин боловч цаг хугацаа их шаарддаг. Эмчилгээг дунд нь тасалдуулбал эмэнд тэсвэртэй болж, улам ужгирч, цаашлаад амь насанд нь халдах ч аюултай. Энэ өвчнөөр Монголд жилдээ 70 гаруй хүн амиа алдаж байна. Шинжлэх ухаан хөгжиж, хүн төрлөхтөн хорт хавдраас ч хүнээ гэтэлгэж чадаж байхад Монгол Улс иргэнээ эл өвчнөөр алдана гэдэг бол эмгэнэл.
Монгол Улсад энэ өвчний тархалт нэгэн үе их байсан ч орос ах нарын тусламжтайгаар эрс бууруулж чадсан байдаг.
Сүүлийн жилүүдэд өвчлөл идэвхжсэн шалтгааныг хүн амын хэт төвлөрөл, агаар орчны бохирдол, нэг ангид олон хүүхэд агааргүй орчинд хичээллэдэг зэрэг орчин нөхцөлтэй холбон тайлбарлаж иржээ. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2017 онд судалгаа хийхэд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд сүрьеэ өвчин ихэвчлэн илэрч байгааг тогтоосон аж. Жил тутамд шинээр сүрьеэгийн 4000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхаарлыг ч татах болжээ. Гэхдээ яг нийслэлийн аль сургууль, цэцэрлэгт сүрьеэгийн өвчлөл өндөр байна вэ гэдэг мэдээлэл олон нийтэд ил болоогүй л байна.
Мэдээлэл ил тод байж, түүнээс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдэнэ. Мэдээлэл хаалттай, хаана юу болоод байгааг нуух тусам нийслэлийн 15 дугаар сургуульд болсон шиг “гамшиг” нүүрлэхгүй гэх баталгаа үгүй.
Хэдэн арван сая төгрөг зарцуулж хийдэг судалгаагаа цейфэндээ хадгалж, хэнд ч хэрэггүй болгож байхаар аль бүс нутагт сүрьеэгийн тархалт өндөр байна вэ. Түүнээс хэрхэн хамгаалах вэ гэдгээ эрүүл мэндийн байгууллага нь олон нийтэд зарлах цаг нь болжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ