Монгол Улсын оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран “Монгол-ОХУ-БНХАУ-БНСУ”-уудын зохиогчийн эрхийн байгууллагуудын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж байна.
Оюуны өмчийн газраас энэ долоо хоногийг зохиогчийн эрхийн өдрүүд болгон зарласантай холбогдуулан “Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт дөрвөн талт уулзалтыг “Туушин” зочид буудалд зохион байгуулж байна. Уг уулзалтад оролцогч гадаадын төлөөлөгчид маргаашнаас эхлэн Үндэсний хэмжээнд болох семинарт оролцох юм.
“Монгол- ОХУ-БНХАУ-БНСУ”-уудын зохиогчийн эрхийн байгууллагуудын уулзалтын үеэр дотоодын төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
“Монголын уран бүтээлчдийн олон бүтээл гадаадын оронд хууль бусаар борлуулагдаж байна. Хятадад “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаатарын “Үгүйлэн санана”, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Улаанбаатарын үдэш” дууны зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Эдгээр дууг Хятадад болсон том шоун дээр хятад хүн зохиосон байдлаар дуулсан. Зохиогчийн эрх ноцтой зөрчсөн энэ асуудал 2015 оноос хойш яригдаж байна. Мөн Монголын уран бүтээлчдийн бүтээлийг гадаадын оронд караокед дуулж, гар утсанд төлбөртэйгээр татагдсаар байна. Дээрх хоёр дуунаас гадна олон дууг хууль бусаар ашиглаж байгаа гомдол гарсаар байгаа. Тиймээс бид энэ талаар Хятадаас ирсэн төлөөлөгчтэй ярилцаж, шийдэлд хүрнэ гэж итгэж байгаа” гэж Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн хэллээ.
Мөн Монголын кино урлагийн төлөөлөгчид дөрвөн талт уулзалтад оролцож байна. Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны Гүйцэтгэх захирал Д.Төгсөөгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Монгол Улсад зохиогчийн эрхийн талаар дөрвөн талт уулзалт болж байгаа нь олон талын ач холбогдолтой. Энэ нь Монголын кино урлагийн салбарт чухал үр дүнтэй болж байна. Хятад, ОХУ, БНСУ-ын зах зээлд Монголын уран бүтээлчдийн бүтээл гарах боломж нээгдэж байгаа. Олон улсад гарахад оюуны өмчийг хамгаалах нь чухал байдаг. Уран бүтээлчид сүүлийн жилүүдэд Оюуны өмчийн газартай хамтран ажиллах болсон. Хятадын зах зээл дээр хууль бусаар кино цацагдаж эхэллээ. Иргэдийн хамгийн сайн ордог WeChat-аар дамжуулан цацагдаж байна. Энэ хууль бус үйл явдлыг зогсоох яриа хэлэлцээ үр дүнтэй болно гэж итгэж байна. Дотоодод ч уран бүтээлчдийн зохиогчийн эрх зөрчигдөх асуудал гарч байгаа. Үүнийг Төрийн болон Төрийн бус байгуулагатай хамтран засаж, сайжруулах болно. Манай байгууллага байгуулагдаад удаагүй байгаа ч уран бүтээлчдийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллана” гэв.
“Монгол- ОХУ-БНХАУ-БНСУ”-уудын зохиогчийн эрхийн байгууллагуудын “Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт дөрвөн талт уулзалт өнөөдөр өндөрлөнө. Уулзалтад оролцогч гадаадын төлөөлөгчид маргааш, нөгөөдөр “Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах нь” үндэсний семинарт оролцох юм. Уг семинар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хурлын танхимд болох юм байна.
Холбоотой мэдээ