Шүүх байгуулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар "хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж дэмжлээ.

УИХ-аас өмнө нь Шүүх байгуулах тухай хуулийг баталж байсан ч зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дээрх төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Төсөлд нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоогхаргалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах,. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах. Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг 8 Сум дундын шүүхүүдийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан байна. Мөн Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэнэ. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт. Ингэж шүүхийг дагнан, бүсчлэн байгуулснаар шүүхүүдийн харилцан адилгүй ажлын ачаалал жигдрэх, орон нутгийн захиргааны байгууллагаас шүүх хамааралгүй болж, шүүхийн бие даасан байдал хамгаалагдах, шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэших, шийдвэрийн чанар сайжрах улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно гэж үзэж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж