Туркийн Кайсери хотноо маргааш сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхлэх гэж байна. Энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд 7, 9, 11, 13, 15, 17 гэсэн зургаан ангилалд болох бөгөөд дэлхийн 29 орны 500 орчим өсвөрийн шатарчин оюун ухаанаа сорих өрсөлдөх юм. Харин манай улсаас охидын 17 насны ангилалд А.Энхтуул, мөн охидын 15 насанд Б.Баярмаа нар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй буурай, хөгжингүй орны шатрын холбоодод тус бүр 10 шатар, 10 электрон цагийг дурсгал болгон бэлэглэхээс гадна тэдгээр буурай улс орноос гурваас дээш тамирчин хүрэлцэн ирж, оролцсон тохиолдолд замын зардалд нэмэр болох үүднээс зохион байгуулагчид 100 евро олгох гэнэ. Харамсалтай нь, үргэлж замын зардал, санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байдаг манай тамирчдыг энэ удаад ч мөнгөний асуудал тойрсонгүй, хоёр шатарчин л дэлхийн аваргыг зорьжээ. Харин манай хоёр тамирчны зардлыг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Энхцаг ивээн тэтгэсэн байна.