Хэнтийн 42 дугаар тойрогт нам биш хүн ялна

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Хэнтийн 42 дугаар тойрогт нам биш хүн ялна

Хэнтийн 42 дугаар тойрогт нам биш хүн ялна

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэгчээр, нэг нэрээ хоёр хочтой болгосон Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрхөмдөө буцсанаар Хэнтийн 42  Монголын намуудын хувьд “үхлийн тойрог” болчхоод байгаа.  Үнэхээр ч үзүүштэй, сонирхолтой том тулаан энэ тойрогт өрнөнө.  УИХ-ын 2020 оны сонгуулиас яг нэг жилийн өмнө болж буй нөхөн сонгуульд намуудаас гадна хувь улстөрчид үхэл, сэхлийн өрсөлдөөнд орно. Нэг ёсондоо 2020 оны их тулааны өмнөх том сорилт байх юм.

Хуулийн дагуу 11 нам нөхөн сонгуульд өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн, нэр дэвшигчдээ энэ сарын 24-28-ны хооронд зарлах ёстой. Өөрөөр хэлбэл, арав хүрэхгүй хоногийн дараа аль намаас хэн нэр дэвших нь  албан ёсоор тодорхой болно гэсэн үг. Албан бусаар хэн, хэн өрсөлдөх тухай таамаглал, тандалт бол аль хэзээнээс хийгдээд эхэлчихсэн билээ.

Нөхөн сонгуульд  өрсөлдөх намын тоо олон харагдавч, үндсэндээ парламентад суудалтай гурван намын дунд гол тоглолт явагдана. Бусад жижиг намуудын хувьд сонгуульд оролцох нь чухал биш биеэ аятайхан үнэд хүргэх нь илүү ашигтай  байх.

Сант-Маралын гаргасан хамгийн сүүлийн судалгаанд УИХ-ын 42 тойрог дахь Ардчилсан намын рейтинг МАН-ын рейтингээс тавхан хувь илүү.  Ардчилсан нам 20 хувьтай, Ардын нам 15, МАХН долоон хувьтай байна.  Харин сонгогчдын дийлэнх нь буюу 57 хувь нь ямар нэгэн нам дэмжээгүй гэснээс харвал тус тойрогт нам биш хувь хүн ялах магадлал хамгийн өндөр гэсэн үг. Товчхондоо, АН-ын 20, МАН-ын 15, МАХН-ын долоон хувь бол үзэл бодолдоо үнэнч, хэдийнэ сонголтоо хийчихсэн сонгогчид гэсэн үг. Тэднийг яаж ч сэнхрүүлээд сонголтоо өөрчлөх боломжгүй.

 Харин хөвөгч сонгогчид  хамгийн “аюултай” хүмүүс. Тэдний санал сонгуулийн ялалтад нэлээд чухал байдаг.  Ядаж байхад тэд улстөржөөд байдаггүй, тогтсон итгэл үнэмшилгүй,  сонгуулийн байранд очсон үедээ хэнд ч саналаа өгч мэдэх,  хаашаа хөрвөж, эргэх чадах хүмүүс.  Саналаа ч худалдахаас сийхгүй. Иймээс тэдгээр хөвөгчдийн санал дээр л намуудын зодоон өрнөх юм. 

Өмнө нь тус тойргийн сонгогчид хүнийг нь биш намыг нь харж сонголт хийснээр Д.Гантулга УИХ-ын хамгийн залуу гишүүн болж байсан. Хэрэвзээ хүнийг нь харсан бол дөрвөн жил аймгийнхаа засаг даргаар ажилласан Ж.Оюунбаатар ялах магадлалтай байлаа. Харин энэ удаад тус тойргийнхон төдийгүй Монголын сонгогчдын намуудад итгэх итгэл буурсныг парламентад суудалтай гурван намын рейтинг нийлээд 50 хувьд ч хүрч чадахгүй байгаагаас харж болохоор.

Энэ тохиолдолд намын пи-араас илүү хувь хүн дээрээ голчилж тоглосон нь  Хэнтийн 42 дугаар тойрогт ялагч болж мэднэ.  Аль, аль нам, бие даагчид хөөрөл, хөөсрөлөө дарж тоглохгүй бол 2016 онд АН яалаа даа.

Намуудын хувьд аль, аль нь айдастай байгаа нь нэн ойлгомжтой. Ардчилсан нам Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахгүй байж мэднэ гэх айдастайгаар улс төрийн акц явуулж байгаа бол МАН-ын бүлэглэлүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд том хариуцлага, бас том эрсдэл үүрүүлэхийг шахаж буй нь худлаа биш.  МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд одоогоор оймсоо солих нь  нэн чухал байгаа. Ямбыг нь эдэлж байгаа намын дарга нарын хувьд ялыг нь тэд хамтдаа үүрэлцэх нь гарцаагүй.  Энэ өнцгөөс нь харвал У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр гуравт ялагдах эрх байхгүй. Тиймээс Хэнтийн 42 дугаар тойрогт хэн ялалт байгуулж чадах хүнээ нэр дэвшүүлэх нь даргын хувийн амбицаас илүү намынх нь хариуцлага байх болно.

Хэрэвзээ АН ялагдвал бүтэн жил зөвлөлийн хэмжээнд “гөлөөг” ч гэж тоогдохгүй явна.  С.Эрдэнэд эргэлзэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Харин У.Хүрэлсүх ялагдвал удирдагчаа алдана. Үхэх сэхэхээ үзэж байж олж авсан намын болон засгийн бүх эрх мэдлээ алдана.  Түүнийг буланд шахах хүсэл АН-д гэхээсээ МАН дотор илүү бий.

Хэнтийн энэ жижигхэн тойрогт  зөвхөн шонхоруудын  тулаан болно гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй болов уу.  “Амьдар” эсвэл “үх”. Аль, аль намуудын хувьд ийм л айдастайгаар нөхөн сонгуульд бэлтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж