“Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар энэ сарын 5-ны өдөр олны хүртээл болсон билээ. Энэ удаагийн шоу нь өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Мөн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч багагүй өөрчлөлт орсон юм. Тодруулбал, Монголын тайз, дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж, шүүгчээр ажиллаж байгаа бол "Чингис хаан" хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан энэ улирлын шүүгчээр ажиллах юм байна. Мэдээж шоуны “явдаг Википедиа” хочит Г.Ганхүү шүүгчээр ажиллаж байгаа.
Шоуны шүүгч О.Энхтуул “Надад шоу эхлэхээс арав хоногийн өмнө санал тавьсан. Энэ тухай нөхөртэйгөө зөвлөхөд “ Чамайг энэ гоё шоунд урьж оролцуулна гэдэг нэр төрийн хэрэг” гэхэд нь л би маргааш нь онгоцны тасалбараа захиалан нисээд ирсэн. Шоуны анхны дугаар цацагдахад охинтойгоо цуг сууж үзсэн. Анхны дугаарын дараа зарим найз маань миний ирснийг ч мэдээгүй байсан болохоор утасдаад л фэйсбүүкээр ар араасаа зурвас ирж дуугараад л “Хүүе ээ ирчихсэн юм уу, ирснээ хэлдэггүй ээ” гээд энэ шоугаараа олон хүнд гэнэтийн бэлэг барьсан. “Яг түүн шиг” шоуны шүүгчийн ажил миний хувьд хэдийгээр дүр бүтээж тоглоогүй ч гэсэн шинэ л уран бүтээл” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сонирхуулахад, Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгардаг Mrs.М нь түүний том охин юм. Mrs.М-ийг хар нүдний шилгүйгээр төсөөлөшгүй. Учир нь тэрбээр уран бүтээлийнхээ клипэндээ байнга хар нүдний шилтэй зүүдэг нууцлаг нэгэн аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ