Автобусныхан ажил хаясан ч нийслэлчүүд явгарахгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Автобусныхан ажил хаясан ч нийслэлчүүд явгарахгүй

Нийтийн тээврийнхэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өчигдөр /05.25/-өөс эхлэн ажил хаялт зарлаад байгаа. Тодруулбал, “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж улмаар ажлаа хийхгүй гээд автобусны дугуйн доогуур орж хэвтчихээд, автобус баазын хаалга үүдийг хааж суулт зарласан. Талууд ямар нэгэн шийдэлд хүрээгүй учраас өнөөдөр ч ажил хаялт үргэлжилж байна. Энэ асуудлаар талуудын байр суурийг сонирхсон юм.

 

ЦАЛИНГАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙЖ Л АЖЛАА ХИЙНЭ

Ажил хаялтыг гардан зохион байгуулж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа “Хүссэн цалингаа нэмэгдүүлж байж л үйлчилгээнд гарна, бусдыгаа ч мөн ажиллахыг зөвшөөрнө” гэх зүйлийг ярьж байна. Түүнээс дараах асуултыг тодрууллаа.

-Ажил хаялт зарлаж байгаа ажилчдын төлөөлөл өчигдөр/05.25/ орой “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалагтай уулзсан гэсэн. Талууд зөвшилцөлд хүрээгүй юу?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ”Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Ц.Одонтунгалагтай уулзаж жолооч, кондукторуудын цалинг ямар нэг хэмжээгээр нэмэх үүргийг өгсөн гэсэн. Тэгээд ажил олгогч, ажилтнуудын зүгээс цалинг хэрхэн нэмэх боломж, хүсэлтэй байгаа талаарх боломжит хувилбарыг танилцуулахыг хүссэн. Манай Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо нийт жолооч, кондукторуудын төлөөлөлтэй уулзаж цалинг яаж нэмүүлэх вэ гэсэн хүсэлт гаргах талаар ярилцаж байна.

-Ер нь ажилчдын зүгээс хэдэн төгрөгөөр цалинг нэмэх хүсэлт гаргаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар жолоочийн нэг цагийн хөлс 2500, кондукторынх 1900 төгрөг байгаа. Энэхүү хөлсийг 4000, 5000 төгрөг болгохыг ажилчдын зүгээс хүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг хүсч байна шүү дээ.

-Эдийн засаг хямарсан энэ үед ийнхүү цалинг ийнхүү нэмэх боломжтой гэж та бүхэн үзэж байна уу?

-Бидний зүгээс эхний ээлжинд “Зорчигч тээврийн нэгтгэл” компаниас дотоод нөөц боломжоо ашилан ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Харин Ц.Одонтунгалаг дарга ийм боломжгүй гээд бидний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

-Хоёр жилийн өмнө байгуулсан гэх “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг ямар албан тушаалтнууд хэрхэн байгуулсан юм бэ?

-Зам тээврийн яам, Автотээврийн нэгдсэн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо,  Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагууд зөвшилцөж дээрх хэлэлцээрийг баталсан юм. Энэ хэлэлцээр ёсоор бол ажилчдын үндсэн цалин нэг дахин нэмэгдэх учиртай байсан юм. Даанч ажил олгогч, төрийн байгууллагын зүгээс уг хэлэлцээрийг дэмжихгүй гэж гүрийснээс энэхүү маргаан үүсээд байна. Одоо бол жолооч, кондукторууд үндсэн цалин багатайгаас илүү цагаар ажиллаж, орлогоо давуулахын тулд хурд хэтрүүлэн уралдан арайхийж хэдэн төгрөгийн илүү цалин авч байна.

-Жолооч, кондукторууд дунджаар 800 мянгаас нэг сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Энэ бол хангалттай цалин гэж үзэх иргэд цөөнгүй байна.

-Жолооч, кондукторуудыг цалин өндөртэй гэж бараг хүн болгон л шүүмжлэх юм. Үнэндээ энэ цалинг чинь илүү цагаар ажиллаж илүү хөдөлмөрлөсний хариуд авч байгаа урамшуулалт цалин шүү дээ.

 

АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ХЭРНЭЭ ЦАЛИН АВАХЫГ ХҮСЧ БАЙНА

Ажил хаялтыг хэрхэн зохицуулж, шийдвэрлэхээр ажиллаж буйг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалагаас тодруулсан юм.

Нийслэлийн Засаг даргын зүгээс жолооч, кондукторын цалинг нэмэх үүрэг өгсөн гэж үнэн үү?

-Өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан. Ажилчдын хэрэгжүүлэхийг шаардаад байгаа  “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат зөвшөөрөн гарын үсэг зурж, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн гэдгийг хэлсэн. Үүний хариуд цалинг нэмэхэд хэдэн төгрөг шаардлагатай, ямар тооцоо судалгаа, боломж байгааг судлаад эргээд хариу өг гэсэн.

-Ажилчдын хүсч байгаагаар үндсэн цалинг нэг дахин нэмэгдүүлэх боломж бий юу?

-Тарифын хэлэлцээрийн дагуу цалинг нэмэгдүүлэхэд жилдээ гурваас таван тэрбум төгрөг шаардагдана. Улсын эдийн засаг хүндхэн байгаа энэ үед таван тэрбум төгрөгийг гаргахад хүндхэн шүү дээ. Цалингаа нэмэхийг шаардсан болгонд төсвөөс таван тэрбумыг гаргаад байвал бас л хэцүү. Ингэж нэмбэл эмч, багш нар мөн хэрхэхийг хэлэхэд бэрх шүү дээ.  

-Жолооч, кондукторууд “Одоогийн цалингаа амьдралд хүрэлцдэггүй. 800 мянган төгрөгийн цалин авч байгаагүй. Цалин ахиухан авах гэж эрсдэлд орж, осол гаргаж байна” гэж мэдэгдэж байгаа. Яг одоо ажилчид хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Манай нийт ажилчдын 90 орчим хувь нь орлогоо биелүүлдэг. Үлдсэн 10 хувь нь чөлөө авах, өвдөх зэрэг тодорхой шалтгааны улмаас биелүүлж амждаггүй. Ажил хийж орлогоо биелүүлж байгаа нь 700-800 мянган төгрөгийн цалин авдаг нь үнэн. Өөрөөр хэлбэл, ажлынхаа үр дүнгээс шалтгаалж цалингаа авна гэсэн үг. Сайн хийвэл өндөр цалин авна. Ажлаа хийхгүй бол муу цалин авна.  Харамсалтай нь, ажилчдын тавьж байгаа шаардлагыг харахад ажилласан ч,  ажиллаагүй ч сардаа 880 мянган төгрөгийн цалин авахыг хүсээд байгаа юм. Ингэж болохгүй биз дээ.

Манайх бол аж ахуйн тооцоот үйлдвэр. Өөрөөр хэлбэл орлогоо өөрсдөө бүрдүүлдэг гэсэн үг. Гэтэл ажилчид өөрсдийгөө төсвийн байгууллагын ажилтан мэтээр сэтгэж тогтмол цалин авахыг хүсээд байгаа юм.

-Ажил хаялтыг дэмжихгүй ажлаа хийе гэсэн хүмүүс цөөнгүй байсан. Тэр хүмүүсийг үйлчилгээнд гаргаж болохгүй юу?

-Харин наадах чинь л асуудал болоод байна. Ажил хаяж байгаа Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэдэн нөхдөөр толгойлуулсан ажилчид бусдынхаа хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаад байна. Ажилдаа гаръя гэхээр дугуйн доогуур нь орж хэвтчихээд хөдөлдөггүй. Үүнийг нь ч цагдаа, шүүх нь зохицуулж дийлдэггүй,  ийм л нөхцөл байдал үүсчихээд байна. Эцсийн эцэст нийслэлчүүд, энгийн иргэд л хохирч байна шүү дээ.

Төрийн өмчийн нийтийн тээврийн компанийн ажилчид ийнхүү ажил хаялт зарласнаар хувийн автобусны компаниуд болон микроныхон  үйлчилж, иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Харин “Ийнхүү ажил хаялт зарласан нь харин ч замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулж байна. Автобус хүлээн зогсож хүн ч бараг харагдахгүй байна. Тиймээс төсвөөс их хэмжээний мөнгө гаргаж ажил хаягчдыг өөхшүүлж байхаар зөнд нь орхивол таарна. Эсвэл бүгдийг нь хувьчилсан нь дээр” гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Мөн бодит байдал дээр ч гэсэн унаа хүлээж хүлээлт үүсгэн иргэд чирэгдэлд орж байгаа зүйл огтхон ч алга.  “Хүнсний I дэлгүүр”-ийн автобусны буудалд очин иргэд дараах байр суурийг илэрхийлж байна.  

 

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Сандагдулам

Уг нь төрийн өмчит автобуснуудын ажилчид ажил хаялаа гээд нэг их асуудал үүсч байгаа юм алга даа. Хувийн компанийн автобус явдаггүй газрууд л хэцүүхэн байна. Эгч нь Долоон буудал орох гээд автобус хүлээгээд бараг цаг гаруй болж байна. Долоон буудал руу улсынхаас өөр автобус явдаггүй юм байна. Тэрнээс биш бусад газруудад автобус хүлээж суугаа хүн бараг байхгүй байна лээ. Хэдэн төгрөг нэмүүлэх гээд иргэдийг ингэж хохироож боломжгүй санагдах юм.

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Мангал

-Арга хэмжээ авахгүй хоёр хонож байгааг бодоход ажил хаяж байгаа хүмүүсийн буруу бас байгаа байх. Хувийн компанийн автобуснууд ийм зовлон тоочилгүй иргэддээ үйлчлээд болоод л байна шүү дээ. Төрийн өмчийнх гэхээрээ л ажлаа хийж чадахгүй зовлон тоочоод суудаг юм уу бүү мэд.

 

 

 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж