Авто цогцолбор ашиглалтад орох уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Авто цогцолбор ашиглалтад орох уу?

Хорин хоёрын товчоо өнгөрөнгүүт цементэлж зассан том талбай тов тодхон харагдах. Ойртоод очвол талбайн голд 2-3 трактор сул сул шороог нь тэгшилж эгээ л засмал зам мэт андуурам болгожээ. Энд тэнд овоолсон шороо, хаа нэг трактор индүүдлэг хийн явахаас харахад Авто худалдааны цогцолборын ажил ид үргэлжилж байгаа бололтой. Энд тэндгүй сул шороо овоолж, талбайн баруун хэсэгт арав орчим сэндвичэн байшин барьжээ.

Энэ хэсэгт Авто худалдааны цогцолборын эхний хэсгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа гэнэ. Төлөвлөгөө ёсоор аль өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтанд орох байсан ч ажил удааширч, аравдугаар сар бус энэ оны гуравдугаар сар, дараа нь бүр  ирэх зургадугаар сар болж хойшилжээ.

Ингэж хэд хэдэн удаа нээлтийн хугацаа хойшилж, ажил цалгардаж байгаа тул уг цогцолборыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадах эсэхтэй сэтгүүлчид өнөөдөр биечлэн танилцав. Ажлын явцаас харахад зургадугаар сард авто цогцолбор ашиглалтад орж чадна гэж хэлэхэд хэцүүхэн харагдаж байлаа.

“ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРНО”

“Ажил дөнгөж эхэлж байна уу” гэх асуултад автоцогцолборын дарга Д.Байдраг эсрэгээрээ дуусах шатандаа явж байгааг онцлов. Түүний хэлж байгаагаар энэ хэсгийн ажил дөрөвдүгээр сард эхэлжээ. Одоо замын асфальт хучлагын ажил дуусах шатандаа явж байгаа гэв. Өдгөө зам талбайн ажил жигдэрсэн, ирэх сарын 10 гэхэд дуусна гэсэн нь сонирхол татав. Одоо хийж буй зам талбайн ажил нь дуусч, ирэх сар гэхэд Автохудалдааны цогцолборын эхний хэсгийг ашиглалтанд өгөхөд бэлэн гэв.

Цогцолборын эхний хэсэгт дөрвөн талбайд 6000 гаруй автомашины зогсоол, түүнийг дагасан сэлбэг хэрэгслийн төв, банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар энд байрлана. Цогцолбор ашиглалтанд орсон тохиолдолд иргэд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, гаалиар орж ирсэн албан бүртгэл, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг зэргийг энд ирж хийлгэнэ хэмээн Автотээврийн үндэсний төвийн Техник, хяналтын газрын дарга Б.Энхцэцэг мэдээллээ.

Харин талбайн баруун хэсэгт “Цайны газар”, “Дэлгүүр” гэх хаягтай 10-аад сэндвичэн байшинг барьсан байна. Эдгээр байшингууд бүгд эзэнтэй болсон гэв. Харин эхний ээлжийн 6000 гаруй автомашины зогсоолын дөнгөж 2000 хүрэхгүй хэсэг нь худалдаанд гарахаар хэлэлцжээ. Иргэдийн хувьд цогцолборыг ашиглалтанд орох дөхөхөөр албан ёсоор худалдаж авна гэж аман хэлэлцээр хийсэн байна. Учир нь ихэнх иргэдийн хувьд банкны зээлээр худалдаж авах юм.


“ЦАХИЛГААНЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭСЭН”

Цогцолборын цахилгаан болон 00-ын асуудлыг шийдвэрлэх нь чухал байгаа. Энэ талаар Автохудалдааны цогцолборын цахилгааны инженер Б.Мөнхбаяраас тодрууллаа.

-Цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан уу?

-Автохудалдааны цогцолборын цахилгааныг шийдвэрлэсэн. 10 кв.т-ын цахилгаан дамжуулах агаарын, 04-ийн кабель шугамаар есөн ерөнхий самбарыг тэжээж байна. Далд шугамаар тэжээлийг өгөх замаар цахилгааныг шийдэж байна гэсэн үг. Үүнээс гадна 210 гэрэлтүүлэгч прожекторыг босгоно. Ингэхээр Автохудалдааны цогцолборын цахилгаан эрчим хүчийг найдвартай шийдсэн гэж ойлгож болно.

-00-ын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Эрэгтэй, эмэгтэй гэсэн долоон 00 хийсэн. Шугамыг төвийн магистралаас тусдаа хийж байгаа. 00-ын бохирыг нэгдсэн системээр зөөвөрлөх байдлаар эхний ээлжинд шийдэж байна.  Ойрын хоёр жилийн хугацаанд цахилгаан эрчим, дэд бүтэц зэрэг инженерийн асуудлыг шийдвэрлэнэ гэж тооцоолсон.


“ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ АЛТАН БОЛОМЖ”

Автохудалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 130 га талбайд байрлаж байгаа. Автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэнэ. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдэж байгаа. Ингэснээр нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах алтан боломж хэмээн албаныхан харж байгаа.

Автохудалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 130 га талбайд байрлана. Автохудалдааны цогцолборын хувьд Нарантуул захаас долоо дахин том байх юм. Энд 11 мянга гаруй суудлын болон жийп, 1100 гаруй автобус, хүнд даацын автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн 300 орчим павьюлон, үйлчлүүлэгчдийн 1500 орчим зогсоол, автомашины туршилтын талбай 4.4 га талбайд байрлана.

Нийслэлийн замын түгжрэлийг бодитойгоор сааруулж, иргэдэд автомашинтай холбоотой цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ гэх утгаараа уг цогцолборын хүлээлт их бий хэмээн албаныхан тайлбарласан. Энэ хүрээнд цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад л гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулсан. Төлөвлөгөө ёсоор бол 2019 он гэхэд Автохудалдааны цогцолбор бүрэн эхээр ашиглалтад орох юм. Гэвч эхний шат нь л жил дамнан хүлээгдэж байгаа нь эргээд автомашины худалдаа эрхлэгчдийг бухимдуулахад хүргэх болсон. Тиймээс энэ удаад цаг хугацаандаа ашиглалтад орно хэмээн найдаж байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж