Дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд Монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шагналыг 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа олгож байхаар болсон билээ. Энэ жилийн “Билигт гүүш” шагналд нэр дэвших номыг тавдугаар сарын 20-оос зургадугаар сарын 15-ны дотор Соёл яруу найргийн академид авахаар болжээ.
Уг шагналд 2017 оны тавдугаар сарын 1-ээс 2019 оны тавдугаар сарын 1-ий хооронд хэвлэгдэн нийтийн хүртээл болсон уран зохиолын орчуулгын бие даасан ном бүтээл байх юм. Шалгаруулалтад оролцох бүтээл тус бүрээс хоёр хувь, орчуулагчийн товч намтар болон бүтээлийн товч танилцуулгыг macpacademy@gmail.com цахим хаягаар илгээх аж.
Нэг удаа олгох “Билигт гүүш” шагналын сангийн хэмжээ таван сая төгрөг, дурсгалын цом байх юм. Шилдэг орчуулгын “Билигт гүүш” шагналтнаар Ц.Гомбосүрэн, Б.Магсаржав нар тодорч байсан бөгөөд Д.Болдбаатар, Ж.Нэргүй, н.Жаргалсайхан, О.Чинбаяр нар шилдэг орчуулагчийн шагнал хүртэж байжээ.
Холбоотой мэдээ