Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд тавдугаар сарын 1-ний өдөр татагдан очсон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр /2019.05.14/ яаралтай хагалгаанд оржээ. Түүнийг өчигдөр 17.32 цагт онгоцоор цэргийн төв эмнэлэгт авчирсан байна. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Залуугийн бэртэл гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна.
Харин ар гэрийнхэн нь тэдний хэлсэн тайлбарт итгэхгүй байгаа учраас шүүх, шинжилгээний байгууллагад хандана гэдгээ мэдэгдээд байна. Хүүгийн ар гэрийнхнээс биеийн байдлыг нь тодруулахад хүнд байгаа гэдгийг хэлж байна.
Харин Цэргийн төв эмнэлгийн албаны хүнтэй холбогдоход “Хүүгийн биеийн байдал сайн байгаа. Бид эмчлэх ёстой хүнийхээ эмчилгээг нь хийгээд явж байна. Хүүг эдгэрээд зүгээр болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэв. Тэрбээр үүнээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ