Ч.Хүрэлбаатарт зориулсан Ерөнхийлөгчийн дөрөв дэх хориг

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатарт зориулсан Ерөнхийлөгчийн дөрөв дэх хориг

Ч.Хүрэлбаатарт зориулсан Ерөнхийлөгчийн дөрөв дэх хориг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Татварын багц хуулийн төсөлд хориг тавив. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан Татварын багц хуулийн төсөлд хориг тавьснаар түүний тав дахь хориг болж байгаа юм.

2019 оны тавдугаар сарын 14-ний өдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдах хуулиудыг УИХ баталсан юм.

Татварын багц хуульд тавьсан хоригтоо, Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино. Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байна. Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй гэж тодотгожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш таван удаа хориг тавьсны дөрөв нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хамааралтай хориг юм.  Түүний анхны хориг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилгоо байсан бол түүний дараа 2017 оны төсвийн тодотгол,  2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын 45, 47-р тогтоолуудад хориг тавьж байсан юм. Ингэхдээ түүний тавьсан дөрвөн хоригийн гурвыг нь УИХ хүлээж аваагүй бол, Д.Мурат, Д.Гантулга нартай холбоотой хоригийг хүлээж авсан байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс анхны хоригоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгооноос эхлүүлж байсан бол түүнээс хойших тав дахь хориг нь ч өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын сайтар боловсруулж, цаг хугацаа зарж УИХ-аар батлуулж байсан юм. Сангийн сайдад хамаарахгүй хоригийг Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарт зориулж тавьсан бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас зөвхөн Д.Муратад холбогдох хоригийг УИХ хүлээж авч байсан юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГУУД

2017.10.27

-Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавив. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьж байв. Гэвч УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй юм.

2017.11.02

– Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив. 2017 оны төсвийн тодотголд хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй юм.

2017.12.05

– Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавив. УИХ мөн л энэ хоригийг хүлээж аваагүй юм.

2018.06.16

– Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолуудад хориг тавьсан. Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй.

2019.05.15

-Татварын багц хуулийн төсөлд хориг тавив.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж