"Хүүхдээ 12 нас хүртэл нь утас, интернет ашиглахыг хориглох хэрэгтэй" | News.MN

"Хүүхдээ 12 нас хүртэл нь утас, интернет ашиглахыг хориглох хэрэгтэй"

"Хүүхдээ 12 нас хүртэл нь утас, интернет ашиглахыг хориглох хэрэгтэй"

"Хүүхдээ 12 нас хүртэл нь утас, интернет ашиглахыг хориглох хэрэгтэй"

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож буй. Тэгвэл энэ өдөр чухам гэр бүл болоод хүүхдүийн хүмүүжилд эцэг эхчүүдийн нөлөөлөл ямар байгаа, хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо ямар үүрэгтэй байх талаар Дэлхийн зөн олон улсын байгууллагын хүүхэд хамгааллын мэргэжилтэн У.Пагматай ярилцлаа.


-Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гол шалтгаан нь юу вэ. Эцэг эхчүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар алдаа гаргадаг юм бол?

-Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг олон шалтгаан бий. Гэхдээ хүүхдийн суурь хүмүүжил гэр бүлд тогтдог тул гэр бүлийн орчин, ялангуяа эцэг эхийн хүүхэдтэйгээ болон хоорондоо харилцаж буй харилцаа хамгийн чухал нөлөөтэй.

Эцэг эх нь байнгын хэрүүл маргаантай, зурагт үзэхдээ ч манай улсад болж бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй хэмээн халаглаж, байнга бусдыг гоочилдог гэр бүлд өсч байгаа хүүхэд амьдралын бараан талыг илүүтэй хардаг, шүүмжлэмтгий хүн болж өсдөг.

Харин урамшуулан дэмжиж, аливаа зүйлийн сайн талыг олж харахыг зааж өгдөг эцэг эхтэй хүүхэд эерэг үзэл бодолтой, өөдрөг нэгэн болдог. Хүүхэд бол эцэг эхийн тусгал. Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг өөрийгөө зөв болгож хүмүүжүүлэхээс эхэлнэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Хүүхэд эцэг эхийн хүссэнээр биш үлгэрлэснээр хүмүүждэг.

-Хүүхдийг хүмүүжүүлэхдээ зодож шийтгэдэг эцэг эхчүүд нийгэмд байдаг. Энэ нь өөрөө хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байх?

-Манай эцэг эхчүүдийн дунд зодож шийтгэхийг хүмүүжлийн нэг арга хэмээн үздэг явдал одоо ч түгээмэл хэвээр байна. Манай байгууллагын 2018 онд хийсэн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 50 хувь нь “Сүүлийн нэг сарын хугацаанд эцэг эхийнхээ зүгээс бие махбодын шийтгэл амссан” гэж хариулсан байна. Эцэг эхчүүд харин хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор зодож шийтгэдэг гэж хариулсан байна. Хүүхдийг Ивээх Сангаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэж байна.

Хүүхдийг зодуурын аргаар хүмүүжүүлэхийн оронд тэднийг ойлгож сонсох, хүндлэх, үнэ цэнэтэй хүн гэдгийг нь ойлгуулах, аливаа зүйлийн учир шалтгааныг ойлгуулах эерэг хүмүүжлийн аргуудад эцэг эхчүүд суралцах шаардлагатай байна.

Хүмүүжлийн эерэг аргыг эцэг эхчүүд болон багш нарт зориулсан гарын авлага, сургалтын модулийг боловсруулж, өнгөрсөн онд зөвхөн манай байгууллага гэхэд 31 мянга, энэ оны эхний хагаст 12 мянган эцэг эхчүүдэд Хүмүүжлийн эерэг арга сургалтанд хамруулаад байна.

-Интернэт, фэйсбүүк хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гэр бүлд амьд харилцаа байхгүй болж байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? 

-Хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд өөрсдөө интернэтэд донтож байна. Гэрэл дохион дээр зэрэгцээд зогсч байгаа дөрвөн машины жолоочийн 2-3 нь гар утсаа оролдож байгааг бид хаанаас ч төвөггүй харж болно. Гэрэл дохио асаад унтрах хооронд нэг минут орчим л хүлээнэ. Тэрхэн хугацаанд эргэн тойрноо ажиглаж харахын оронд гар утсаа л барьж авч байгаа юм. Ийм эцэг эхчүүд гэртээ очоод чөлөөт цагаараа юу хийх нь тодорхой. Хамгийн харамсалтай нь цахим донтолт эдгэхэд маш хэцүү. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах нь ирээдүйд бага хор хөнөөл учруулна.

Бага насны хүүхдийн гар утас, интернетийн хэрэглээ эцэг эхтэй нь шууд холбоотой. 12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүд анхнаас нь ухаалаг утас, интернет ашиглуулахгүй байх, ашигласан ч цагийн хязгаартай ашиглуулах, утасныхаа түгжээ кодыг хүүхэддээ хэлэхгүй байх зэргээр гар утас, интернет хэрэглээг нь бүрэн хянах боломжтой. Хүүхдээ утас, интернет ашиглахыг хориглосон мөртлөө өөрөө байнга ашиглаад хүүхдээ ч анхаарахгүй байж хэрхэвч болохгүй.

Харин хүүхэдтэйгээ хамт тоглох, үлгэр уншиж өгөх, оюун ухаан хөгжүүлэх сонирхолтой ном дасгалууд ажиллах, ярилцах зэргээр хамтдаа цагийг өнгөрөөх нь чухал.

Харин 13 нас хүрээд ухаалаг утас ашиглаж эхлэх үед нь сонирхолтой подкастууд сонсох, бүх сурах бичгийг багтаасан аппликейшн ашиглах, англи хэл бие даан сурах онлайн болон оффлайн аппликейшнүүдийг санал болгож гар утас, интернетийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар зааж сургах нь чухал. Мөн эцэг эхчүүд хүүхэддээ хоббигоо олоход нь туслах хэрэгтэй. Хоббигоо олсон хүүхэд завгүй болдог. Тэр хэрээр сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд нь сайн өсөж торнидог. Жудогоор хичээллэдэг, секцэндээ явах дуртай 12 настай хүү, ямар нэг дугуйланд явдаггүй, ихэнх цагаа гэртээ өнгөрөөдөг хүү хоёрын хэн нь гар утас, интернет орчинд цагийг их өнгөрүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гар утаснаас илүү сонирхолтой хийх зүйлтэй байхад нь туслах нь чухал.

-Өсвөр насны хүүхдүүдтэйгээ учир зүйгээ ололцоход эцэг эхчүүд юун  дээр голчлон анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ насанд хүүхдүүд өөрийгөө том болсон гэж боддог учир том хүн шиг ярьж, биеэ авч явахыг хичээдэг. Энэ үед эцэг эхчүүд заавар зөвлөгөө өгч, бүрэн хяналтандаа байлгах гэж хичээх хэрэггүй бөгөөд тэднийг ойлгож байгаагаа мэдрүүлэх, цагийг нь олж зөв магтах, өөрийнх нь давуу, сул талыг шүүмжлэлгүйгээр хэлж байх нь өсвөр насны хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжинд асар сайн нөлөөтэй.

Өөрийгөө зөв үнэлж чадсан хүүхэд үе тэнгийнхнийхээ нөлөөнд хавьгүй бага автдаг, архи дарс хэрэглэдэггүй, гэмт хэрэгт холбогдох нь ховор байдаг.

Эцэг эхчүүдийн хувьд бага насны хүүхдийг бодвол өсвөр насныхантай хамт сонирхож хийх зүйл олоход төвөгтэй хэдий ч ойр дотно харилцаагаа хадгалж байя гэвэл хамтдаа цаг өнгөрөөх аргаа олох нь чухал. Хүүхэдтэйгээ хамт байхдаа өдөр тутмын асуудлаа хойш тавьж, түүнд зөвлөгөө өгөх юм уу, элдвээр өөлөлгүй, зүгээр л энгийн ярилцаж байх нь чухал. Ингэж ярилцахдаа хүүхэддээ хэлж буй үгээ эерэг өнгө аястай байлгахыг хичээх нь ярилцлагыг үр дүнтэй болгодог. Жишээ нь “Чиний найзалж байгаа хүүхэд надад таалагдахгүй байна” гэхийн оронд “Чамайг найзыгаа зөв сонгож нөхөрлөж байгаа гэдэгт аав\ээж нь итгэж болох уу” гэж асууж болох юм.

Эцэг эх,  гэр бүлд чиглэсэн “Зөв тусгал” аяны хүрээнд танай байгууллагаас ямар оролцоотой ажиллаж байна вэ. Энэхүү аяны ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ? 

-Манай байгууллага 2017-2021 он хүртэл “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” нэртэй аяныг таван жил зохион байгуулсан. Энэ жил “Зөв тусгал” хөдөлгөөнийг төрийн байгууллагуудтай хамтран илүү өргөн хүрээг хамран зохион байгуулж байгаад бид их баяртай байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй бүх үйл ажиллагаа эцэг эхчүүдийг хүүхэддээ зөв үлгэр дуурайл үзүүлэх, хүмүүжлийн эерэг арга хэрэглэх, хүүхдээ анхаарч сонсоход уриалсан агуулгатай байгаа бөгөөд бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Зөв тусгал хөдөлгөөний үр дүнд олон нийтийн анхаарал гэр бүлийн боловсрол, эцэг эхийн хүмүүжил төлөвшил зөв байхад чиглэж, эцэг эхчүүд өөрийнхөө зан байдал, хүүхэдтэйгээ харилцдаг арга барил, хүмүүжлийн аргадаа дүгнэлт хийхэд нөлөөлөх явдал юм.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-15 220.240.124.217

Энэ худлаа мэдээлэл шүү. Харин ч дижитал сургалтыг дэлхийд маш их дэмжиж хэрэгжүүлж байгаа иймэрхүү судалгаагүй мэдээлэлд битгий итгээржй.

Avatar

Дэдлхийн зөн гэж хогын Есүсчид 2019-05-15 66.181.181.112

Дэлхийн зөн гэж Есүүсийн байгууллага ирээдүйн үр хүүхдийн тархийг угааж байгаа лларын газар. Тонил цаашаа.

Avatar

Зочин 2019-05-15 194.228.76.84

Дэлхийн зөн гэж дэлхийн зөнөг гэсэн үг юм болуу?

Avatar

уншигч 2019-05-15 122.201.24.252

Харийн шашны байгууллага Дэлхийн зөнгийнхөн гэр бүлийн асуудлыг хөндөхгүй ээ. наана сайханг ярьчихаад, цаашаа хараад 1000, 1000-н хүүхэд, ядуу гэр бүлийнхний тархийг харийн шашин руу татаж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж