220 мянган өрхөд ганцхан цэгээр сайжруулсан түлш зарж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

220 мянган өрхөд ганцхан цэгээр сайжруулсан түлш зарж байна

220 мянган өрхөд ганцхан цэгээр сайжруулсан түлш зарж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд 62 дугаар тогтоолыг баталж, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Тэгвэл энэ шийдвэр өнөөдрөөс /2019.05.15/  хэрэгжиж эхлээд байна. Хэдийгээр зуны эхэн сар гарсан ч гэр хорооллын иргэд өглөө, оройн сэрүүнд түүхий нүүрсээ түлсээр байгаа юм. Тиймээс уг тогтоолтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хянах,  яндангаас гарч буй нүүрсний утааг хэн хэрхэн хянаж, ажиллах талаар сурвалжиллаа.


Энэ хүнийг Д.Дашхүү гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны оршин суугч. Д.Дашхүү гуайтай уулзахад “Гэр хорооллын айлуудыг түүхий нүүрс түлшиндээ хэрэглэхийг хориглож байгаа талаар дуулсан. Үнэхээр түүхий нүүрснээс татгалзаад, сайжруулсан шахмал түлшээ хэрэглэвэл хэрэглэе. Тэгээд яг маргаашнаас шахмал түлшээ худалдаанд гаргана гэнэ үү” хэмээн лавлан асуулаа. Тэрбээр “Өнгөрсөн өвөл хоёр сарын хугацаанд сайжруулсан шахмал түлшийг туршилтаар хэрэглэсэн. Яах вэ тун дажгүй. Түүхий нүүрс хэрэглэхээр байшингийн ханан пийшингээс их муухай үнэр гарч, хөө тортог болдог. Гэтэл сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн чинь утаа тортог багатай, шаталт сайтай, илчтэй байсан. Гэвч одоо гадуур сайжруулсан шахмал түлш борлуулахгүй байна. Манайд одоо түүхий нүүрс ч байхгүй. Маргаашнаас модоор л гал түлж, гэрээ дулаацуулна даа” гэв.

Харин тус хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрс, мод түлээ худалдан борлуулдаг иргэн  нэлээдгүй бухимдалтай угтав. Түүнээс иргэд “Багануурын том ногоон шуудайтай нүүрс хэд вэ”, “Жижиг шуудайтай Налайхын  нүүрснээс нэгийг авья” гэж асуун, худалдан авч байгаатай таарсан юм. Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй бөгөөд “Би өмнө нь нүүрсээ 3500  төгрөгөөр худалддаг байсан. Гэтэл маргаашнаас /2019.05.15/ хотод түүхий нүүрс зарахыг хориглож байгаа учраас үнээ нэмэхээс өөр аргагүй болоод байна. Өнөө өглөө гэхэд Дэнжийн мянгын зах дээр түлээ, нүүрс бөөний үнээр худалддаг том тэрэгнээс 100 орчим шуудай нүүрсийг 5000 төгрөгөөр булаацалдан байж бөөндөж авлаа. Надаас гадна олон худалдаа эрхлэгч портер машинтай ирж, нүүрс бөөндөж аваад дуусгасан. Иргэдийн хувьд ч нүүрс ихээр худалдан авч байна. Би одоо үлдсэн нүүрсээ л зарж сууна даа” гэв. Ингэж яриа өрнүүлэх зуурт л тэрбээр таван хүнд түүхий нүүрс борлуулж амжив.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж, нэг шуудайг нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулна.

ЦАГДААГИЙН 58 АЛБАН ХААГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ТУСГАЙ НЭГЖ ХЯНАЛТ ТАВИНА

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбоотойгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ч.Гантулга мэдээлэл өглөө. Тэрбээр “2018 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсан. Үндсэндээ жил гаруй хугацааны өмнөөс иргэд болон аж ахуйн нэгжүүд энэ тогтоолын талаар мэдээлэлтэй болсон гэсэн үг. Харин уг тогтоолын хэрэгжилт, хяналтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газраас гэхэд 58 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулан ажиллана. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын орчны бохирдол хариуцсан 13 байцаагч нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэх гол замын явуулын постод байршиж, хянана. Энэ ажлын хүрээнд Тахилт, Гачуурт, Морингийн даваа, Налайхын чиглэлд нэмэлт хяналтын пост гарган ажиллахаар төсөв мөнгийг баталсан” гэлээ.

Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн 58 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай нэгжид 1.5 тэрбум төгрөг, НМХГ-аас нэмж явуулын дөрвөн пост байгуулахад дэмжлэг үзүүлж 560 сая төгрөгийг төсөвлөжээ. Уг төсөв мөнгө нь энэ жилдээ л шийдэгдсэн бөгөөд цаашдаа төсөв мөнгийг нь улсын төсөвт суулгаж, хяналтыг тогтмол хийж ажиллуулна гэдгийг мэргэжилтэн онцолж байв. Өөрөөр хэлбэл, хоёр тэрбум орчим төгрөгийг зөвхөн хяналтад зарцуулахаар төсөвлөгджээ.

САЙН ДУРЫН 4000 ГАРУЙ ХЯНАГЧИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖУУЛНА

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4604 хүний бүтэцтэй орон тооны бус сайн дурын ажилтанг хянагчаар ажиллуулахаар  бэлтгэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр сайн дурын ажилчид Засгийн газрын нүд, чих болж, ажиллана гэсэн үг юм. Сайн дурын ажилчдын эхний хэсэг Чингэлтэй дүүрэгт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-наас ажлаа эхлүүлээд байгаа гэдгийг албаныхан хэллээ. Хэдийгээр сайн дурын ажилтан ч улсаас 50 орчим мянган төгрөгийн цалин авч, айл өрхийн түлшний хэрэглээг хянаж ажиллах юм байна.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны хувьд нийт 19026 өрхтэй. Хороо нь найман хэсэгтэй. Хэсгийн ахлагч нар гурван туслахтайгаа нийлээд нийт 32 хүн айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллана гэдгийг хорооны Засаг дарга П.Тунгалаг танилцууллаа.  Уг хорооны дөрөвдүгээр хэсгийн дарга Д.Пүрэвжаргалын хувьд сайн дурын гурван туслахын хамт тавдугаар сарын 15-наас эхлэн хэсгийнхээ айлуудын  түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллах хүний нэг.

Тэрбээр “Манай хорооны дөрөвдүгээр хэсэг нийт таван гудамжтай. Миний хувьд гурван сайн дурын ажилтантайгаа хэсгийнхээ 320 өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хянах юм. Сайн дурын ажилчид маань ойр хавийн айлуудаа хянаж, түүхий нүүрс хэрэглэх буюу нөөцөлж байгаа эсэхийг хянана. Ядаж л яндангаас нь хар утаа гарч байгаа эсэхийг харна шүү дээ. Мөн бидэнд хоорондоо үнэ төлбөргүй ярьж мэдээлэл солилцох утасны сим карт өгсөн. Мөн бүх айлуудынхаа судалгааг давхар хийж, ухаалаг утасны апликэйшн дээр 31 асуултыг бөглүүлнэ” гэв.

Түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулбал Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРААГҮЙ БАЙНА

Өнөөдрөөс түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй. Тиймээс иргэдийн гар дээр сайжруулсан шахмал түлш хэзээ очих вэ гэдэг асуулт гарч ирж байна. Одоогоор шахмал түлшийг худалдах цэгийг байгуулахаар нийслэлийн гэр хорооллын 107 байршилд газар чөлөөлж, төлөвлөсөн. Гэвч өнөөдрийн байдлаар нэг л цэгт Тахилтад нээлтээ хийгээд буй ажээ. Мөн шахмал түлш борлуулах, нөөцлөх зориулалттай 1000 тонн агуулахыг зургаан дүүрэгт байгуулна гэдгийг албаныхан хэлж байгаа ч нэг л агуулах Баянгол дүүрэгт баригдаад байгаа гэнэ.

Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал ярихдаа “Нийслэлийн Засаг даргын тамгын газраас сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт болон чанарт хяналт тавьж ажиллаж байгаа. Сайжруулсан шахмал түлш борлуулах, нөөцлөх зориулалттай зургаан том агуулах барих ажлыг хийж, гүйцэтгэж байна. Өмнө нь 2014 онд Баянгол дүүрэгт 1000 тонны багтаамжтай агуулах барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн хэмжээнд ипотекийн зээлийн 30 хувьд хашаа, байшин оролцуулж өгсөн нийт 107 байршлыг нийслэлийн газрын санд бүртгэн авч, түлээ нүүрс худалдан борлуулдаг 500 гаруй иргэдтэй хамтран ажиллахаар ярилцаж байна” гэлээ.

Түүнээс гадна иргэдэд сайжруулсан түлш олгохдоо картаар олгоно гэдгийг албаныхан хэлж буй. Энэ талаар “Таван толгой түлш” компанийн маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа  картаар шахмал түлш худалдан авах талаар ярихдаа “Манай компанийн зүгээс сайжруулсан шахмал түлшийг тасралтгүй 24 цагаар үйлдвэрлэж, нөөцөлж байна. Одоохондоо зах зээл дээр борлуулалт хийгээгүй байгаа. Бидний хувьд ард иргэдийн гар дээр сайжруулсан шахмал түлшээ ойрын хугацаанд хүргэхээр ажиллаж байна. Нөөцийн хувьд 60 мянган гаруй тонн шахмал түлшийг нөөцөлсөн. Цаашдаа улам их түлшийг нөөцөлнө. Мөн айл өрхүүд шахмал түлшээ  худалдан авахдаа карт уншуулж, НӨАТ-ын баримт авах боломжтой болно. Одоогоор шахмал түлш худалдан авах картын үнийг тогтоогоогүй байна” гэдгийг хэлж байна.

Гэрэл зургийуг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж