"Сүрьеэ дэгдсэн 15-р сургууль хичээллэхгүй, цэвэрлэгээ хийж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

СҮРЬЕЭ

"Сүрьеэ дэгдсэн 15-р сургууль хичээллэхгүй, цэвэрлэгээ хийж байна"

"500 гаруй сурагч нь сүрьеэгийн халдвар авсан ч эрүүл"

"Сүрьеэ дэгдсэн 15-р сургууль хичээллэхгүй, цэвэрлэгээ хийж байна"

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл өчигдөр /2019.5.14/ цацагдаж, олон нийтийн дунд мэтгэлцээн дэгдээв. Халдвар авсан сурагчдын эцэг, эхчүүд ч уг асуудлыг хүндээр хүлээн авч, эмчилгээ хийлгэхийг нь хүчтэй эсэргүүцэв. Эцэг, эхчүүдийн хэлж буйгаар сүрьегийн эсрэг эм нь элгэнд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Тус сургуульд үүссэн сүрьеэгийн халдвартай холбоотой асуудал одоогоос бараг гурван жилийн өмнө үүссэн юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүрьеэгийн халдварыг сурагчдад халдаасан гэх багш Увс аймгаас тус сургуульд 2017 онд шилжиж ирсэн бөгөөд ингэхдээ эмнэлгийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдэж сургуульд орсон байна. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан багш хүн байнга ярьж байдаг. Гэтэл сүреэгийн халдвар нь халдвартай хүн ярих, найтаах, ханиах зэрэгт агаарт тархаж байдаг билээ. Үүн дээр нэмэрлээд тус сургуулийн ачаалал их, нэг ангид олон сурагч хичээллэдэг, нэг багш олон сурагчтай харьцдаг зэргээс халдвар олон хүүхдийг хамарч тархсан гэж мэргэжлийн хүмүүс үзсэн байна. Тиймээс

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ)-өөс  15 дугаар сургуульд тандалт явуулснаар 529 сурагч сүрьеэгийн халдвар авч, 38 сурагч сүрьеэгээр өвчилснийг илрүүлсэн юм байна.

Ингээд сүрьеэгээр өвчилсөн 38 сурагчид эмчилгээ хийж байгаа бол сүрьеэгийн халдвартай сурагчдыг эмчлэхээр эцэг, эхчүүдтэй нь ярилцах үед уг асуудал үл ойлголцолд хүрснээр асуудал олон нийтэд цацагдсан юм. Сүрьеэгийн халдвар, сүрьеэгийн өвчлөл нь өөр ойлголт бөгөөд сүрьеэ бүрийг халдвартай гэж ойлгож болохгүй. Улсын хэмжээнд оношлогдоод байгаа хүүхдийн сүрьеэгийн 80 гаруй хувь нь халдваргүй хэлбэртэй байдаг юм байна.

Нийслэлийн 15 дугаар сургуулиас оношлогдсон 38 сурагчийн 98 хувь нь халдваргүй сүрьеэ ажээ. Сурагчид одоо дүүргийнхээ Сүрьеэгийн тасагт эмчлүүлж байгаа аж.

БИД ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛСЭН Л БОЛ ОРХИДОГГҮЙ, ГАРАЛ ҮҮСЛИЙГ НЬ ХАЙЖ ОЛДОГ

Нийслэлийн 15 дугаар сургуульд үүсээд байгаа сүрьеэгийн халдвартай холбоотой асуудлыг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг юм. Хүн ядарсан тохиолдолд тухайн нян нь дархлалын системийг ялж, амилаад, өвчлүүлдэг. Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгээр өвчилсөн биш, сүрьеэгийн халдвар авсан. Халдвар авсан тохиолдолд эмчлүүлсэн нь баталгаатай. Харин өвчнийг илрүүлсэн л бол зүгээр орхидоггүй. Гарал үүслийг нь хайж олдог. Үүссэн асуудалтай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа ажлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай төвийн эмчээс ав”гэсэн юм.

 

СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛ, ХАЛДВАРЫГ ЯЛГАЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Ингээд нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа сүрьеэгийн халдварын асуудлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч Д.Наранзултай ярилцлаа.


-Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа асуудалтай холбоотой тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудал нэлээд хэдэн жил үргэлжилж байна. Асуудалтай холбогдуулан мэргэжлийн олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Харин өнөөдөр /2019.5.14/ сүрьеэгийн халдвар авсан сурагчдыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах асуудалд эцэг, эх асран хамгаалагч, багш нартай эмч нар уулзаж, зөвлөгөө өгөхтэй холбоотойгоор үл ойлголцол, зарим асуудал гарсан.

Сүрьеэгийн халдвар авсан, сүрьеэгээр өвчилсөн гэдэг хоёр зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Тандалтаар илрүүлсэн 500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүд биш. Сүрьеэгийн халдвар авсан, эрүүл хүүхдүүд. Хүүхдүүд эрүүл байгаа болохоор хичээлдээ явж байгаа. Ингэлээ гээд хэн нэгэнд халдвараа тараахгүй.

-Халдварыг яг яаж тогтоосон юм бэ. Өвчлөөгүй, эрүүл багаа юм бол яагаад эмчилгээ хийх гээд байгаа юм бэ гэж эцэг, эхчүүд асууж байсан?  

-Сүрьеэгийн өвчлөл, халдвар хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Гарын бугалгын арьсанд сорил тавьдаг. Тэр сорилын урвал өндөр гарвал сүрьеэгийн халдвар авсан гэдгийг л илтгэж байгаа юм. Түүнээс биш өвчилсөн байна гэсэн үг биш. Монгол Улсын хүн амын бараг 35 хувь нь сүрьеэгийн халдвартай. Тэр 35 хувийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг бол 90 хувь нь огт өвчилдөггүй. Хүүхдийн дархлааны систем гүйцэт хөгжөөгүй байдаг тул сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс хүүхдүүдийг өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж эмчилгээ хийхийг манай мэргэжлийн байгууллага зөвлөсний дагуу энэ ажлыг хийж байгаа юм. Сүрьеэгийн далд халдварын изоницид эмийг 1952 онд дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн. Монгол Улсад 1959 оноос энэ эмийг хэрэглэж байгаа. Энэ эмийг зургаан сарын турш өдөр болгон нэг ширхэгийг уудаг. Үүнтэй хамт витамин Д-6 уулгадаг. Ингэснээр сүрьеэгээр өвчлөх эрсдэл 90 хувь буурна. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдийг өвчлөхөөс сэргийлж энэ эмийг уулгаж байгааг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй байна.

-Эцэг, эхчүүд тухайн эм хүүхдийн элгэнд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм билээ. Эмчилгээний сөрөг нөлөө нь юу вэ?

-Изониазидын урьдчилан сэргийлэх эмчилгээ нь хүүхдийн эд эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх нь маш бага. Манай улсад халдвартай сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтлын 0-5 насны хүүхдэд энэ урьдчилан сэргийлэх эмчилгээг олон жил хийж байгаа. Ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй байна. Эцэг, эхчүүдийн ихэнх нь энэ эмчилгээг хийлгэхийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин 90 гаруй хүүхдийн эцэг, эх эмчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эдгээр хүмүүсийг дахин хүлээн авч уулзаж, зөвлөгөө өгнө. Тиймээс эцэг эхчүүд эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд итгэлтэй, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Хүүхдээ урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах үүрэгтэй. Сургуулийн зүгээс ч гэсэн багш, ажилчдад сүрьеэгийн шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд хол хорио тогтоохгүй ажээ. Үүнээс гадна сүрьеэгийн анхны халдвар илэрсэн даруйд арга хэмжээ аваагүй салбар бүрийн хүмүүст хариуцлага яригдах ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сануулж байгаа юм.

НЭМЭЛТ: 2019.05.15 10.00

Эцэг, эх, сургуулийн захиргааны хүсэлтээр тус сургуульд өнөөдөр /2019.5.15/ ариутгал, цэвэрлэгээ хийж байгаа тул өнөөдөртөө хичээллэхгүй аж. Харин маргааш хичээллэх эсэхийг 15 дугаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэгээс лавлахад “Сургууль долоо хоног бүрийн тав дахь өдөр бүр их цэвэрлэгээ хийдэг. Өнөөдөр эцэг, эхийн хүсэлтээр, цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа тул хичээллэхгүй. Сургуулийн хичээл хэвийн үргэлжлэх эсэхийг холбогдох байгууллагууд шийдвэрлэдэг. Эдгээр байгууллагууд хэвийн хичээллэ гэсэн шийдвэр гаргасан тул маргаашнаас хичээл эхэлнэ” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж