НАМЗХ-г шинэчлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд холбооны удирдлагуудаа эсэргүүцэн түр хороо байгуулж буйгаа энэ үеэр мэдээлсэн юм. Мөн нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Шаардлагад НАМЗХ-ны үндсэн дүрмийн 1.2.5-д заасан гишүүдийн тэгш эрхийн зарчмыг уландаа гишгэж 8 жил чуулганаа хуралдуулахгүйгээр дархлагдсан хэдэн нөхдөөр тойрон хүрээлүүлсэн зарчимгүй ах нарын үйлдлийг зогсоож Нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг Их хурлаас өмнө хуралдуулж залуусын төлөөлөх эрхийг хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.
Тэд нийслэлийн НАМЗХ найман жил чуулганаа хийгээгүй нь үндсэн дүрмийн 4.2-т заасан 4 жилд 1-оос доошгүй удаа хуралдана хэмээх заалтыг удаа дараа зөрчсөн, 2015 оны 05-р сарын 20-нд гаргасан хяналтын хорооны тогтоолын дагуу НАМЗХ-ны дүрмийн 3.1 дүгээр зүйлд “НАМЗХ-ны гишүүн нь 16-35 насны Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу их хурлын төлөөлөгч нь 16-35 насаар хязгаарлагдах учраас одоогийн Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч дотроос шаардлага хангасан тэргүүлэгч 30 хувьд ч хүрэхгүй, нийслэлийн НАМЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Г.Баярхүү чуулганаар болон бага хурлаар батламжлагдаагүй, нарийн бичгийн дарга Д.Сэрээтэр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон буюу Төрийн жинхэнэ албан хаагч болсон учраас удирдах албан тушаал хаших ёсгүй гэх зэрэг асуудлыг тусгасан байна.
С.ОТГОН