Дубай хот гэвэл юун түрүүнд элсэн цөл, халуун нар санаанд буудаг. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газраас жилд 1,3 сая өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадал бүхий дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг барьж байна. Дубайн элсэн цөлийг бүрхсэн асар өргөн нарны зайн хураагуурыг барихад нийтдээ найман жил хугацаа зарцуулжээ. Энэ нь Улаанбаатар хотыг бүхэлд нь цахилгаан, эрчим хүчээр хангах хүчин чадалтай гэсэн үг.
Арабын Нэгдсэн Эмират улсын дэд ерөнхийлөгч Мухаммед бин Рашид аль Мактумын нэрээр нэрлэгдсэн нарны цахилгаан станцад нийтдээ 13,6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. 5000 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг 2030 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Тус цахилгаан станц нь Арабын хамгийн өндөр цамхаг Бурж Халифагаас гурав дахин урт болох аж.
Одоогийн байдлаар тус бүр нь 213 мегаваттын хүчин чадалтай 2,3 сая ширхэг нарны зай хураагуурын хавтанг байршуулаад буй аж. Түүнчлэн нарны цахилгаан станцын төвд байрлах цамхаг нь 24 цагийн турш цахилгаанаар хангах хэмжээний халууныг хуримтлуулах хүчин чадалтай аж. Эрчим хүч хуримтлуулах цамхгийн өндөр нь 260 метр өндөр байх юм. Эмиратын засгийн газраас нарны цахилгаан станцыг нийтдээ таван үе шаттай барихаар төлөвлөжээ.
Тус цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар нүүрс хүчлийн хийн ялгарлыг жилд 6,5 сая тонноор бууруулах аж. Дубайн цэвэр эрчим хүчний төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийн 25 хувь, 2050 он гэхэд 75 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авах зорилт тавьжээ. Энэ нь нийтдээ 42 мянган мегаваттын эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэнэ гэсэн үг.
2050 он хүртэл нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд бусад орнууд ч нарны цахилгаан станцыг түшиглэх нь их байна. Тухайлбал, Энэтхэг улс 2023 он гэхэд 3000 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барихаа мэдэгдэж байсан. Мөн Хятадын засгийн газраас Тэнгэр цөлийн нарны цахилгаан парк нэртэй 1547 мегаваттын төслийг эхлүүлснээ зарлаж байв.
Манай улсын хувьд 2018 оны байдлаар сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 275 мегаваттад хүрснийг Эрчим хүчний яамнаас мэдээлж байв. Монгол Улс нь жилийн 250 гаруй өдөр нартай байдаг. Нийтдээ 1100 гигаваттын сэргээгдэх эрчим хүчний нөөцтэйд тооцогддог. Монгол Улсын Засгийн газраас 2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 20 хувь, 2030 он гэхэд 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтыг тавьсан. Гэхдээ өнөөдөр энэ бүхэн ажил хэрэг болж, хэрэгжсэн гэхээсээ илүү цаасан дээр үлджээ. Дубайн элсэн цөлд байгуулагдсан нарын цахилгаан станцын зөвхөн ашиглалтад орсон хэсэг нь улаанбаатарчуудыг хангах хэмжээний цахилгааны эрчим хүчийг бий болгожээ. Хэдийгээр монголчуудын хувьд хөрөнгө, санхүүжилт асуудалтай байгаа ч төрийн зөв бодлого, менежменттэй байж чадвал элсэн цөлд ч цэцэг ургуулж чадахгүй ч туршлагыг нь судалж, хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах нь ёстойг дэлхий нийт сануулсаар байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээр тэмцэж нүүрс хүчлийн хийг багасгах, бууруулах чиглэлээр шинэ технологи, шинэ бүтээн байгуулалт өрнүүлж байхад бид хаана нь байна вэ. Бидэнд боломж бий ч хийх, хэрэгжүүлэх санаачлага, идэвх нь дутаад байна уу гэж дүгнэмээр. Эцэст нь Дубайн эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулашгүй ч тэд элсэн цөлд ч цэцэг "ургуулж" байна. Бид харин юу хийж чадах вэ.
Холбоотой мэдээ