Дархан хотын дунд сургуулиудын 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчдийн өдөрт зориулсан “Эрдмийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээ “Залуучууд” театрт боллоо. Анхны 12 жил суралцсаны төгсөлт гэдгээрээ энэхүү “Эрдмийн баяр” онцлогтой байв. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт 724 сурагч 12-р анги төгсөж байгаагаас 36 сурагч 40 улирал дараалан онц сурсан амжилтаа тайлагнажээ. Сургууль бүр өглөө өөрсдийн “Эрдмийн баяр”-аа дор бүрдээ тэмдэглэж, аймгийн удирдлагууд баярын нээлтэнд оролцлоо. Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын Газрын дарга Б.Ганчулуун өөрийн төрөлх сургууль болох “Од” цогцолборын эрдмийн баярт оролцон ирээдүй хойч болох төгсөх ангийн сурагчдадаа амжилт хүссэн юм. Үдээс хойш “Залуучууд” театрт үргэлжилсэн баяр дээр энэ жилийн нийт төгсөгчид болон сурган хүмүүжүүлэгч багш нартаа хүндэтгэл үзүүлсэн талархалын ёслолд эцэг эхчүүд, найз нөхөд нь ирж оролцлоо.
Ө.РАГЧААСҮРЭН