Хүний эрхийг дээдлэх нэрийн дор хамсаатнуудаа хамгаалсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

VS

Хүний эрхийг дээдлэх нэрийн дор хамсаатнуудаа хамгаалсан уу?

2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгаж, “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно”гэсэн өөрчлөлтийг  оруулсан нь цагаан захтнууд буюу авлига албан тушаалын хэрэгтнүүдийн  хэрэг цагаатгах, ялаас мултрах боломж бүрдэж байгаа юм.

Тухайн үед Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд  дээрх саналыг гаргасан нь байнгын хорооны хуралдааны протоколоос ил болсон. Тэрбээр уг өөрчлөлтийг хүний эрхийг хангах зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэдэг тайлбарыг өгч буй. Харин зарим гишүүний зүгээс хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхдөө гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацаа гэж заасан нь өөрөө ялаас мултрах боломжийг бий болгож байна гэдгийг хэлж байгаа юм. Маргаан дагуулсан уг заалтын талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, О.Баасанхүү нарын эсрэг тэсрэг байр суурийг  энэ долоо хоногийн “VS” буландаа онцолж байна.


 

Ш.Раднаасэд
Хууль зүйн байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн

Хөөн хэлэлцэх хугацаанд бариулж, мөрдөх ажиллагааг явуулахгүй бол хорьж мөрдөх хугацаа нь 24 сар нэртэй ч Ерөнхий прокурорын зөвшөөрлөөр хугацаагүй сунгадаг гэх асуудлыг ярьсан юм. 2002 болон 1986 оны Эрүүгийн хууль энд байна. Эдгээр хуулиудад бидний өөрчилсөн буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж тусгасан байсан юм. 2008 онд үүнийг өөрчилсөн юм билээ. Үүнээс болж 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн. Улмаар хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно байгууллагаас тайлбар мэдээлэл ирээгүйгээс болоод насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хамгийн багадаа 10 мянган гаруй хүн байна гэсэн үг. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл.

Хөөн хэлэлцэх хугацааг зогсоогоогүй тохиолдолд тухайн хэргийн мөрдөх хугацаа үргэлжлээд тоологдоод явдаг. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухайн иргэний сонгох, сонгогдох эрх зөрчигдөх, насаараа гэмт хэрэгтэн болох, гадагшаа явж чадахгүйд хүрдэг сөрөг үр дагавартай. Энэ заалтыг  С.Зоригийн хэрэгт холбогдуулж тайлбарлаад байгаа юм билээ. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад бүх насаар нь болон цаазаар авах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн заалт байсан. Одоо ч бий. Одоогийн Эрүүгийн хуулийн 1.10. 4 дэх хэсэгт “Энэ хуульд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэсэн заалт бий. Тэгэхээр хүн амины онц ноцтой гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Үүнийг хуулиар өөрчилж, засаагүй. Хуулийн зүйл заалтыг эргээд өөрчилчихвөл нөгөө л хүний эрх зөрчигдөнө шүү дээ. Нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулсан бол нэг жил өнгөрсөн, найман жил хүртэлх хорих ял оногдуулсан бол таван жил өнгөрсөн, ялын дээд хэмжээ ногдуулах хэрэгт 12 жил өнгөрсөн, 10 жилээс дээш хорих ял оногдуулахад 20 жил өнгөрсөн гэх мэтээр хүнд, хөнгөн, онц хүнд гэмт хэргээр ангилаад хөөн хэлэлцэх хугацаа тооцох  огт өөр.

О.Баасанхүү
УИХ-ын гишүүн

 Маш олон хэргийн шүүх хурал хойшлогдож буцаагддаг. Шүүх хурал нь гурван удаа, таван удаа, 10 удаа ч хүртэл буцсан тохиолдол байдаг. Ингэж шүүх хурал хойшлогдох бүртээ хөөн хэлэлцэх хугацаанд тоологдож байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, давж заалдах гээд цааш үргэлжилнэ. Энэ хооронд хагас жилийн хугацаа өнгөрнө. Мөн л хөөн хэлэлцэх хугацаанд тоологдоно.

Тухайн үед энэ өөрчлөлтийг хийх үед “Хөөн хэлэлцэх хугацааг бүрмөсөн байхгүй болгох нь гээд эсэргүүцэж байсан. Өнөөдөр шалгагдаж байгаа маш олон томоохон хэрэг бий. Хөгжлийн банкны хэрэг, түрээсийн орон сууцны хэрэг, Бондын хэргүүд, Монголбанкны хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ-ийн хэрэг, ЖДҮ-чдийн хэрэг, концессын, төмөр замын хэрэг гээд томоохон хэргүүд шалгагдаж байгаа. Эхнээсээ прокуророос зарим хэргийг шүүх рүү шилжүүлсэн атал сая хурал хийнгүүтээ бүх хэргийг прокурор руу буцаачихсан. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр "Жаст"-ын Батхүүгийн хэргээс эхлээд томоохон хэргүүд цагаатгагдана. 49 ЖДҮ-чин өөрсдийнхөө хэргийг ч цайруулчхаж байгаа юм. С.Баярцогтын оффшорын хэрэг албан ёсоор хэрэгсэхгүй болж байна гэсэн үг. Манайд бол наагуураа ард түмэнд таалагдах гэж гоё жүжиг тоглож байгаа. Цаагуураа юу хийж, юуг ч өөрчилдгийг шинэ Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт хийснээс шууд харагдана. “Хулгайч нар хувьсгал хийдэггүй юм” гэж би хэлж байсан нь энийг л хэлж байсан юм. Ажлын хэсэгт засах боломж байсан. Ажлын хэсгийг ахлагч нь тухайн үед яаж чээжээрээ хамгаалсан. Тухайн үед Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар өөрсдөө яагаад ажлын хэсгийг ахлаагүй вэ гэвэл нэг удаа сонгогдсон хүүхдүүдээр  хуулийн цоорхойн бохир ажлаа хийлгүүлснийх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж