Дархан-Уул аймаг 50 ортой Төрөх шинэ эмнэлгээ ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар Тайваний төлөөлөгчийн газар болон Чанхуа Христийн эмнэлгээс эмнэлгийн ор, тэргэнцэр, төрөх ор, хүүхдийн ор зэрэг 50 орчим тооны хэрэгслийг хандивласанд талархлаа илэрхийллээ.
Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун Эрүүл мэнд бол хамгийн үнэ цэнэтэй, Тайвань Монголын энэ салбарын хамтын ажиллагаа 15 жил үргэлжилж, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж хандивлахаас гадна эмч, эмнэлгийн ажилтныг сургах, дадлагажуулахад дэмжлэг үзүүлж байна мөн энэ удаа Дархан-Уул аймгийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлсэд бага ч гэсэн хувь, нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа хэллээ.
Тайванийн Чанхуа Христийн эмнэлэг 2011 оноос эхлэн жил бүрийн зун Дархан-Уул аймгийн эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн, хичээл сургалт явуулж, туршлагаасаа хуваалцсаар ирсэн. Мөн Чанхуа Христийн эмнэлэг Монгол улсын бусад эмнэлгээс эмч, эмнэлгийн ажилтныг богино хугацааны сургалтад хамруулж өдгөө 30 гаруйд хүрсэн байна.