Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг энэ үеэр хөндөн, санал солилцов.
Уулзалтын эхэнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/671 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүдтэй хамтран боловсруулж бэлэн болгоод буй “Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтууд” бичиг баримтын төслийг НИТХ-аар батлуулахыг хотын Захирагчаас хүслээ. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр нь Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах, хэрэгжилтийг хурдасгах тал дээр дэмжлэг үзүүлэн, үргэлжлүүлэн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөр бол манай улсын хувьд хамгийн чухал ач холбогдолтой, үр дүнгээ өгөхүйц хөгжлийн баримт бичиг юм. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөгжлийн томоохон урт хугацааны зорилтыг ирээдүйн хот төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бусад бүхий л салбарт үйл ажиллагааг өргөжүүлэн, үр дүнтэй явуулахад энэ баримт бичиг, судалгаа, төлөвлөлтийн зорилтууд хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс бид уг баримт бичгийг НИТХ-аар оруулж, батлуулах ажлыг ойрын хугацаанд хийнэ” хэмээв.
Мөн нийслэлийн Инноваци технологийн газарт хүсэлт гаргаж, бүртгүүлээд буй залуучуудыг дэмжих, бизнес эрхлэх боломж олгохын зэрэгцээ тэднийг сурч дадлагажих орчныг бүрдүүлэх болон иргэд, олон нийт рүү чиглэсэн, нийгмийн сайн сайхны төлөө олон ажил, дэд хөтөлбөрүүд дээр цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтарна гэдэгт итгэлтэй байгаагаа хотын Захирагчийн зүгээс НҮБ-ын суурин төлөөлөгчид илэрхийллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ