“Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэгт УИХ-ын дарга үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэгт УИХ-ын дарга үг хэллээ

“Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэгт УИХ-ын дарга үг хэллээ

Өнөөдөр /2019.05.14/ “Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд, түүний учир шалтгаан, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нар Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр салбарын яамдаас хийж буй ажил, авч буй арга хэмжээ, түүний үр дүн, тулгамдсан асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа тус Дэд хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг толилуулъя.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ТҮҮНИЙ УЧИР ШАЛТГААН, ШИЙДЭЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид аа,

2015 оны 9-р сард болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг хэрэгжүүлэхээр НҮБ-ын бүх гишүүн орнууд амлалт авсан билээ. Монгол Улс 2016 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 4 бүлэг, 44 зорилт болгон өргөжүүлж, Засаглалын зорилтуудыг нэмж баталсан. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг НҮБ-ын өмнө хүлээсэн. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн гол зорилт бол Хүний эрхийг бүх талаар хангах, эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулах замаар Тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа.

Энэ оны 5-р сарын 27-28-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар манай эх оронд болно.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх асуудал бол ОУПХ-ны эрхэм зорилго болох ардчиллыг бэхжүүлэх асуудалтай шууд холбоотой юм. Ардчилал бол нийгмийн шударга ёсыг дэмжихийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл мөн гэж ОУПХ үздэг. 2015 онд Вьетнамд болсон ОУПХ-ны 132-р Ассамблейгээс “Тогтвортой хөгжлийн зорилгууд: Амлалтаа ажил хэрэг болгоё” гэсэн тунхаглалыг баталсан.

Энэ тунхаглалын дагуу тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх талаар Парламентууд амлалт авсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид оо,

“Монгол орны хөгжлийн өнөөгийн тулгамдсан асуудлууд, түүний учир шалтгаан, шийдэл” сэдвээр хийж байгаа энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар, эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын явцыг хэлэлцэж, улс орны өнөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хөндөж, улмаар тэдгээрийн учир шалтгааныг илрүүлж, боломжит шийдлийн хувилбаруудын талаар санал солилцоход хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байна.

Өнөөдөр манай нийгэмд тулгамдаж байгаа гол асуудлуудыг 2009 онд Английн эрдэмтэн  Ричард Вилкинсон дэлхийн улс орнуудын түвшинтэй харьцуулж судалсан байдаг. “Оюун санааны түвшин: Илүү тэгш байдлыг хангасан нийгэм үргэлж сайхан амьдралыг хангадаг” гэсэн судалгааны номоо тэрбээр хэвлүүлж, нийгэмд тулгарч байгаа  11 гол асуудлуудыг тодорхойлсон байна.  Тэгш бус нийгэмд,

  • Сэтгэл мэдрэлийн гажиг
  • Хар тамхины хэрэглээ
  • Чанаргүй боловсрол
  • Хэт таргалалт
  • Иргэдийн нийгэмд эзлэх байр суурийн өөрчлөлт
  • Хүчирхийлэл
  • Хүүхдийн жирэмслэлт
  • Итгэл алдрах
  • Хүүхдийн эрүүл мэндэд халдах
  • Эрүүл мэндийн доройтол
  • Гэмт хэрэг (тэр тусмаа амиа хорлох)

гэх мэт үзэгдэл их байна гэж тодорхойлсон. Дэлхийн олон улс орныг харьцуулж судлаад Финланд, Япон, Швед зэрэг тэгш нийгэмтэй улсад эдгээр нийгмийн гажиг үзэгдэл бага, харин орлогын ялгаа өндөр, тэгш бус нийгэмд нийгмийн гажиг үзэгдэл их байна гэж гаргасан. Эдгээр олон асуудлыг бид тус тусад нь шийдэх гэж зорьдог. Тэгвэл хамгийн гол шалтгаан болох нийгмийн тэгш бус байдлыг арилгах хэрэгтэй, тэгвэл асуудал шийдэгдэнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Улс төр, эдийн засаг, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх талаар бидний уламжлалт үзэл бодлыг үндсээр нь өөрчлөх том санаа бол нийгмийн тэгш байдлыг хангах явдал юм. Хэрэв бид илүү сайн сайхан нийгэм байгуулья гэвэл аль болох орлогын тэгш байдлыг хангахад л гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Бидний тодорхойлж байгаа энэ том санаа, шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцаа бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэл зүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах асар их хүчтэй юм.

Махатма Ганди “Улс орны хүч чадал нь сул дорой иргэддээ хэрхэн хандаж байгаагаар хэмжигдэнэ” гэжээ.

Хөгжилтэй орнуудын хувьд төрийн нэг үүрэг бол дор хаяж ядуучуудыг ядуурлын хамгийн хүнд үр дагавраас хамгаалах зорилготой “аюулгүйн тор” бий болгож, боловсрол олгох, ажил хэрэгч чадварыг дээшлүүлэх боломжийг олгох замаар тэднийг ядуурлаас гаргах явдал юм.

Их Британи Улс нийгмээрээ хамгийн тэгш байдлыг хангаж чадсан Япон, Норвеги, Швед, Финланд зэрэг чинээлэг улсуудын дундаж түвшинд хүрвэл, хүмүүсийн итгэлцлийн түвшин гуравны хоёр дахин нэмэгдэж, амиа хорлох түвшин 7 хувиар буурч, хүн бүр 7 долоо хоногийн нэмэлт амралт эдлэн, Засгийн газар шоронгоо хаахад хүрнэ гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

Бид ч бас баялгаа зөв хуваарилж, тэгш нийгмийг бий болгож чадвал нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж чадна.

Уламжлалт танхимын сургалт болон цахим сургалтыг харьцуулсан MIT-ийн 2014 онд хийсэн судалгаагаар гайхалтай үр дүн гарсан байдаг. Тодруулбал, цахимаар суралцагчдын үр дүн хавьгүй өндөр байсныг уг судалгаа харуулдаг. Түүгээр зогсохгүй "Зөвхөн өмнө нь боловсрол эзэмшчихсэн хүмүүст л цахим сургалт илүү өгөөжтэй" хэмээх өрөөсгөл шүүмжлэлийг уг судалгаа өөрчилсөн байна.

2016 онд ЮНЕСКО-гоос гаргасан “Нийгмийн шинжлэх ухааны тайлан”-гаар “Тэгш бус байдал: Шударга нийгэмд хүрэх зам” сэдвийг хөндөж ядуурал, тэгш бус байдал, нийгмийн шударга ёсыг хангах асуудал өөр хоорондоо нягт холбоотойг тэмдэглээд, тэгш бус байдлын 7 чиглэлийг хөндсөн байна.

Үүнд:

-Эдийн засгийн тэгш бус байдал (орлогын түвшингийн ялгаа, эд хөрөнгө, амьжиргааны түвшин, ажилгүйдэл)

-Нийгмийн тэгш бус байдал (нийгэмд эзлэх байр суурийн ялгаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны доголдол)

-Соёлын тэгш бус байдал (яс үндэс, хүйс, шашин, хөгжлийн бэрхшээл, насаар ялгаварлан гадуурхах)

-Улс төрийн тэгш бус байдал (улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөх чадавхийн ялгаатай байдал ба тэр шийдвэрээс ашиг хүртэх чадварын ялгаа)

-Орон зайн тэгш бус байдал (хот хөдөөгийн ялгаа, нөөц баялгийн ялгаа)

-Байгаль орчны тэгш бус байдал (байгалийн баялгаас хүртэх тэгш бус байдал, агаарын бохирдол, түнээс хамаарах эрсдэл)

-Мэдлэгийн тэгш бус байдал (мэдлэгийн эх үүсвэрт хүрэх тэгш бус байдал) гэж хөндөж гаргасан.

Энэ тайлангийн нэг том дүгнэлт бол эдийн засгийн тэгш бус байдлын талаар дэлхий дахинд судалгааны ажил дутагдалтай байна, судалгааны ажил гол төлөв чанарын үзүүлэлтэд чиглэж байгаа бөгөөд тоон үзүүлэлтүүд дутмаг байна гэсэн байна. Манай улсын хувьд Улаанбаатар хотын төвийг захын хорооллын амьдралтай харьцуулахад чанарын ялгааг харж болно.

Тогтвортой хөгжлийн зорилтууд нийгмийн тэгш байдлыг хангах өргөн цар хүрээтэй бодлого бөгөөд нэг ч хүнийг орхигдуулахгүй гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.

Манай орны хөгжлийн өнөөгийн шатанд тулгамдсан асуудал нь ядуурлыг бууруулах зорилт байна. Ядуурлыг эцэс болгоход ажлын байр бий болгох шаардлагатай.  Ажлын байр бий болгох эрс зоримог өөрчлөлтийг байгалийн баялагтаа түшиглээд шийдвэртэй хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гарч байна.

Ажилгүйдэл, ядруулыг бууруулах “Бүтээлч монгол” хөтөлбөрийг манай Үндэсний хөгжлийн газар боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 200 мянган ажлын байр бий болгох бодлого боловсруулсан.  Бодлогодоо тулгуурлаад 10 том төсөл хэрэгжүүлнэ.

УИХ, Засгийн газар, эрдэмтэн судлаачид гэхчлэн бүх түвшинд хүчээ нэгтгэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд, зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус, хөдөө аж ахуйн салбараа түшиглэсэн хөгжлийг бий болгоно.

Ноос ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломжийг бүрдүүлэхээр бид ажиллаж байна. Ноос ноолуурынхаа 20 хүрэхгүй хувийг бид дотооддоо боловсруулж байгаа. 100 хувь боловсруулдаг болоход 50  мянган ажлын байр бий болно. Өчигдөр бид шинжлэх ухааны байгууллагуудад ажилласан. Үхрийн шир, хонины нэхий хаягдал болж байна гэж байхад шинжлэх ухааны байгууллагууд маань коллаген үйлдвэрлэх технологи бий болгосон нь Япон, Солонгост үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй чанар, стандартын хувьд ижил түвшинд очсон байна.

Дарханд Арьс шир боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулъя. Энэ үйлдвэрийн ТЭЗҮ хийгдсэн. Махны үйлдвэрийг дөрвөн бүсэд байгуулъя. Одоо хэрэлдэж маргалдаж суух цаг биш. 200 мянган ажлын байр бий болгох юм бол ядуурлыг бууруулах, улмаар эцэс болгох, хотын утаа, бохирдлыг ч гэсэн шийдвэрлэж болохын зэрэгцээ дагуул хотуудаа байгуулах зэргээр бодлого, төлөвлөлтийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Эцсийн дүндээ манай нийгэм төлөвлөгөөт хөгжлийн модель загварыг шаардаж байна.

Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн нэгдсэн холбоод чиглэл тус бүрээр ямар бодлого баримтлахаа тодорхойлсноор дээрх ажлын байр бий болгох цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно. Тооцоо судалгаанд тулгуурласан энэ бодлого, санаачилга тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх бодитой суурь нөхцөл болно гэж үзэж байгаа.

Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн сэдвийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын түвшинд бид ярьж, төмөр зам тавих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний боловсруулах үйлдвэрүүдээ байгуулж, ажлын байр бий болгох бүх бодлого зангидагдсан гэж ойлгож болно.

Нөгөөтэйгүүр, энэ тавдугаар сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болох ОУПХ-ны хурлаар парламент хяналт тавих үүрэг, хариуцлагаа хэрхэн дээшлүүлэх вэ, Засгийн газраа яаж шахаж, дэмжиж ажилласнаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ.

Өнөөдөр бид боловсролын чанарыг дээшлүүлэх замаар ядуурлыг бууруулах,  өнөө хийгээд хойч үеийн ард иргэдийн эрүүл, сэтгэл хангалуун амьдралыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд эдийн засаг, нийгмийн салбарыг нийцүүлэн хөгжүүлэх, түүний эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжил, өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх, цагаа олсон, баталгаатай, чанартай орон зайд суурилсан төрөл бүрийн их хэмжээний өгөгдөлд тулгуурласан төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, урт хугацаанд хэрэгжүүлэх улсын эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийн томьёолол ба түүнийг тасралтгүй хэрэгжүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг олон асуудлыг нухацтай хэлэлцэнэ.

Хэлэлцүүлэгт амжилт хүсье.

УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж