Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан болон махны үнийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.05.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь махны хангамжид саатал гарч, үнийн савалгаа үүссэн тухай асуудал олон түмнийг бухимдуулаад байна. Бид энэ асуудлын учир шалтгааныг олж, шуурхай зохицуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Энэ махны хэрэглээг үндсэн гурван сувгаар хангаж байгаа. Нэгдүгээрт, нөөцийн махыг 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Хоёрдугаарт, "Хүчит шонхор" захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлэгдэж байна. Гуравдугаарт, хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байгаа.
Хангамжийг судалж үзэхэд улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байна. Өдөртөө 30 орчим тонн нөөцийн мах иргэдийн гар дээр очиж байна. Зах зээлийн дундаж ханшаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд урьд өмнө нийлүүлэгдэж байснаас хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн удирдлагуудтай ярилцаж байгаа" гэсэн юм.
Мөн "Махны үнийн асуудалд өдөр тутмын хяналт тавьж ажиллах үүрэг НЗДТГ-аар дамжин хэрэгжиж байгаа. ХХААХҮЯ бол махны үйлдвэрлэлт, нөөцлөлт, хангамжийг тогтвортой байлгах бодлогын асуудлыг хариуцаж ажилладаг" гэв.
Харин Хүчит шонхор захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлэгдэж байгаа махны өдөр тутмын нийлүүлэлтийн тухайд, "Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр махны нийлүүлэлтийн байдалд саатал гарсан байна.
Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд орон нутгаар цаг агаар хүндэрсэн нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. Мөн шатахууны үнийн өсөлт, гарал үүслийн баталгаажилт хангагдаагүй гэх мэт шалтгаануудаас үүдээд зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн байдал 30-50 хувиар тасалдсан нь махны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн. Үүнтэй холбогдуулан, хэд хэдэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, "Хүчит шонхор" захын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа.
Өнөөдрөөс нийлүүлэгдэж байгаа махны хэмжээ нэмэгдэж байгаа. Цаашдаа дулааны аргаар боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын зах зээлийн хангамж, нийлүүлэлттэй уялдуулан квоттой болгох асуудлыг журманд нь өөрчлөлт оруулах замаар шийднэ" гэсэн юм.
Цаашилбал дулааны аргаар боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын зах зээл дээрх хангамж нийлүүлэлттэй уялдуулан квоттой болгон зохицуулахаар ажиллаж байна.
Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд боловсруулах үйлдвэрүүд маань өөрсдийн хүчин чадлаас давсан хэмжээгээр махыг экспортолдог байдал тогтоогдсон. Манайд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14,15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр байгаа. Өнөөдрөөс зах зээл дэх махны үнэ тогтворжино гэж үзэж байна.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 900 ТОНН НӨӨЦИЙН МАХЫГ БОРЛУУЛЖЭЭ
Улаанбаатар хотын махны нийлүүлэлт хангамж, үнийн тухай мэдээллийг тус яамны газрын дарга Т.Гантогтох танилцуулав. Тэрбээр “ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Улаанбаатар хот руу орж ирж буй махны нийлүүлэлт, мэдээллийг байнга авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд энэ оны тавдугаар сарын 2-14-ны хооронд арав хоногийн хугацаанд нийт 791.7 тонн мах, 7164 мянган амьд мал нийлүүлэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хонины ястай мах Хүчит шонхор захад 8000-8500 төгрөг. Нарантуул захад 9000, Амгалан захад 9000, Фермерүүд захад 10 мянга, Жуков худалдааны төвд 10500 байна.
Хонины цул мах Хүчит шонхор захад 9500-10500, Амгалан захад 10500, Жуков худалдааны төвд 10500 төгрөг байна.
Үхрийн ястай мах Хүчит шонхор захад 8000-9000, Нарантуул захад 10000, Амгалан захад 12000, Фермерүүд захад 12000, Жуков худалдааны төвд 12500, 19 үйлчилгээний төвд 10000 төгрөг байна.
Үхрийн цул мах Хүчит шонхор захад 10000-11500, Нарантуул захад 12000, 19 үйлчилгээний төвд 13000 төгрөгийн үнэтэй байна. Махны нөөцийн асуудлаар 4000 тонн нөөцийн мах энэ жил бэлтгэсэн. Нөөцийн мах бэлтгэснээс хойш сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 900 тонн мах борлуулсан дүнтэй байна.
2019 ОНД 10-12 ТОНН МАХ НӨӨЦЛӨХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА
Мэдээллийн дараа Ч.Улаан сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нөөцийн махны үнэ цаашид тогтвортой байх уу. Ирэх онд хэчнээн тонн мах нөөцлөх вэ?
-2018 онд 4000 тонн мах бэлтгэсэн. 2019 ондоо бид багтааж хамгийн багадаа 10-12 тонн мах нөөцлөх зорилготой бодлогоо тодорхойлж ажиллаж байна. Нөөцийн махны үнэ ханш цаашдаа тогтвортой байна. Зоорины хүрэлцээний тухайд Улаанбаатарын хэмжээнд 15 тонн мах нөөцлөх зоорьтой. Цаашид бид үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг, зоорьтой аж ахуй нэгжтэй хамтарч ажиллана.
-Салбар яам махны үнийг тогтвортой барьж чадалгүй өнөөдрийг хүрлээ?
-Өнөөдөр бид зах зээлийн харилцаанд шилжсэн нийгэмд амьдарч байна. Төр бүгдийг захиргааны аргаар зохицуулах бололцоо байхгүй. Гэхдээ онцгой ач холбогдолтой мах, гурил зэрэг хүнсний үнийг зохицуулахад төр бодлогоор оролцох зайлшгүй шаардлага байгаа.
-Таны хувьд нөөцийн махыг хэрэглэж үзсэн үү. Чанарын хувьд ямар байгаа вэ?
-Байнга хэрэглэдэг. Нөөцийн мах одоо шинэ нийлүүлэгдэж байгаа махнаас илүү чанартай байгаа гэсэн дүгнэлтүүд нэлээд их байдаг. Би хувьдаа ийм дүгнэлттэй байгаа шүү.
-Малчид махаа хямд зардаг боловч ченжүүдийн гар дээр ирэхэд махны үнэ өсдөг. Энэ дээр яам ямар оролцоотой ажиллаж байгаа вэ. Ямар бодлого барьж байгаа вэ?
-Ер нь үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрыг хооронд нь дундын зуучлал багатайгаар шууд холбох бодлогыг манай яам баримтлан ажиллаж байна.
ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ НЭГ ТЭРБУМ БОЛЖ ӨӨРЧЛӨГДСӨН
ЖДҮХС-ийн зээлийн журам шинэчлэгдсэн асуудлаар Ч.Улаан сайд мэдээлэл өгөв. Тэрбээр “ЖДҮХС-ийн зээл тодорхой хугацаанд саатаж хүлээлгийн горимд орсон. Өнгөрсөн хугацаанд маш олон алдаа дутагдал гарсан тул журмыг өөрчиллөө. Журмыг Засгийн газраар хэлэлцээд ХХААХҮ-ийн сайдын тушаал гарч, Хууль зүйн яам зөвшөөрснөөр ЖДҮХС-аас зээл олгох асуудал эрх зүйн зохицуулалттайгаар шийдэгдлээ. Бид ойрын хугацаанд шинэчилсэн журмынхаа дагуу ЖДҮХС-аас зээл олгоно. Шинэ журам батлагдсанаар хэд хэдэн зарчмын тодорхой асуудал шийдэгдсэн.
Төслийг хоёр шугамаар сонгон шалгаруулна. Нэгдүгээрт, арилжааны банкаар, хоёрдугаарт ЖДҮХС-аар дамжуулан олгоно. Төсөл сонгон шалгаруулахдаа нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагын хэрэглэдэг аргачлалын дагуу хийнэ.
Үнэлгээ хийсний дараа хянаж, зээлийг олгоно. Нөгөө талаар зээл олгох субьектийг тодорхой зааж өгч байгаа. Зээл олгох зээлийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Түүний дөрөв нь мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллага төлөөлөл байх болно. Шулуухан хэлэхэд ХХААХҮ-ийн сайд зээл олгодог байсныг болиулсан. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгоно" гэлээ.
Зээлийн хүсэлтийг тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.
ЖДҮХС-ААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
- Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
- Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
- Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
- Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
- Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
- Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
- Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
- Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
- Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
- Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
- Дээд хэмжээ – ЖДҮХ сан нэг тэрбум хүртэлх
Дээд хэмжээ – Орон нутаг 200 сая хүртэлх
Доод хэмжээ – Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая
Доод хэмжээ – Орон нутаг 20 сая хүртэлх байх ажээ.
Э.АРИУН