Ардчилсан нам Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохтой холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд мэдүүлэг гаргаж байгаа талаар УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр /2019.05.14/ мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй болоод хоёр жил шахам болж байна. Хэнтийн сонгогчдоос удаа дараа манай намд хандан нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуулж, УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн намар нөхөн сонгуулийн тов гарсан ч ҮХЦ хууль зөрчсөн гэж үзэн хойшлуулсан. Улмаар ирэх зургадугаар сард нөхөн сонгуулийг зохион байгуулахаар УИХ-аас баталсан. Энэ тойрогт сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдож улмаар эмэгтэйчүүдийн эрх, УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Үүнээс үүдэн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг нь УИХ хүлээж авсан. Өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Нэг талаараа улстөржүүлсэн гэж үзэж байгаа ч нөгөө талдаа УИХ-ын гишүүний ёс зүйд байж болохгүй зүйл болсон. Нэгэнт ийм учир шалтгаанаар Хэнтийн 42-дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ гаргасан. Гэвч уг асуудлаар иргэн н.Гантулга гэдэг хүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргасан байна. Үүнд Үндсэн хуулийн ямар ч зөрчил байхгүй. Тийм учраас 42-дугаар тойргийн сонгогчдын төлөөллийг хангахын тулд нөхөн сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг АН ҮХЦ-д сануулж хэмлээр байна.
Ирж байгаа мэдээллээс харахад ҮХЦ нөхөн сонгуулийг эрх баригч намын захиалгаар явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй учраас манай нам ҮХЦ-ийг хуулиа мөрдөхийг сануулан мэдэгдэл хүргүүлж байна. Улс төрийн сонгуулийг хэн нэгний захиалгаар санаатай болон санамсаргүй гацааж болохгүй. Өмнөх гацаалт нь ойлгомжтой байсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн нэр дэвших эрх зөрчигдлөө гэж гацаасан. Одоо тэр хүн нэр дэвших эсэх нь эргэлзээтэй" гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-"Оюутолгой"-н ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Гэвч ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг УИХ-аас хэлэлцэхээс өмнө Рио-Тинтогийн талд хүргүүлсэн нь маргаан дагуулж байна. Энэ долоо хоногт дүгнэлтийг хэлэлцэж амжих болов уу?
-"Оюутолгой"-н асуудлыг хурдан шийдэгдэнэ гэж бодохгүй байгаа. "Оюутолгой"-н гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд гэрээг өөрчлөх хэрэгтэй байна гэсэн. УИХ-ын гишүүдэд өгсөн ажлын хэсгийн дүгнэлт нууц мэдээлэл байгаагүй. Бодлогын зөрчлийн асуудал үүссэн. Эрх баригчид ажлын уялдаа байхгүй, салан задгай байна. УИХ "Оюутолгой"-н гэрээг нэн яаралтай авч хэлэлцэх ёстой. Анх Оюутолгойн гэрээг байгуулах эрхийг УИХ өөрөө Засгийн газарт өгсөн. Тухайн үед Оюутолгойн гэрээг олон улс гэрээ биш байна гээд УИХ-аар батлаагүй. Засгийн газарт бүрэн эрх нь байсаар байтал УИХ-аар оруулж ирж улстөржүүлэх нь буруу. Засгийн газар шийдвэр гаргах хэрэгтэй. Засгийн газар гаргаж чадахгүй шийдвэрээ буцаагаад УИХ-руу шидэх нь буруу. УИХ-аар анхнаасаа хэлэлцэгдээгүй гэрээг УИХ-аар авч хэлэлцвэл цоо шинэ нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс Засгийн газар эхлээд Оюутолгойн асуудалд үгээ хэлэх хэрэгтэй.
-МАН-ын бүлэг иргэдэд 3 хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох улс төрийн шийдвэр гаргасныг танай зөвлөл юу гэж үзэж байна вэ?
-ЖДҮХС-гийн мөнгийг дээгүүрээ зохион байгуулалттайгаар хулгайлж авсан хүмүүс. Өнөөдөр үүнийгээ цайруулах гэж янз бүрийн л улстөржилт хийж байгаа. Мөн үүнийгээ илааршуулахын тулд доогуур нь 20 сая төгрөг гүйлгэх арга. Энэ бол сонгуульд зориулагдсан зээл. 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаад гуравхан хувийн хүүтэй, барьцаагүй зээл гэж байхгүй. Ялангуяа ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст энэ зээлээ эөгөх гэж байгаа бол энэ нь зээл биш халамж. Бэлэн амлалт хэрээс хэтэрлээ гэдгийг хэн хүнгүй ойлгох байх. Хэрвээ ажил хөдөлмөр эрхэлдэг, баялаг бүтээгчдээ дэмжье гэж байгаа бол зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Төсөв хэмжээтэй. Итгэлийн зээл гэж гаргаад 20 сая төгрөг өгөөд 300 тэрбум төгрөгийг жил бүр төсвөөс гаргана гэдэг нь үлгэр. Эрх баригчид хэдий болтол ард түмнийг хуурах юм бэ. Өнөөдөр ингэж утгагүй зүйл ярихын оронд 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаасаа ганцыг нь ч гэсэн биелүүл л дээ.
– Улстөрчид хуулийн шахааг хэр хийдэг вэ. Эрүүгийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь хуулийн шахааны жишээ мөн үү?
-Хуулийн шахаа гэдгийг би мэдэхгүй. Би аливаа хуульд зарчим, бодлогыг баримталдаг. Энэ бол туйлын чухал. Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь гэмт хэрэгтнүүдийг ялаас мултрах боломжийг олгосон.
-Сайд нар урд хөршөөс 10 сая ам.долларын авлига авсан гэсэн мэдээлэл гарсан. Танай зөвлөл хэлэлцсэн үү?
-Энэ асуудлыг ирэх Даваа гаригт зөвлөлийн хурлаараа авч хэлэлцэнэ. 10 сая ам.доллар толгойд багтахгүй том тоо. Бид энэ асуудлыг хэлэлцээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хандана. Нэг сайд нь энэ хэмжээний авлигад өртөх мөнгө авдаг бол өнөөдөр бид мянга сайхан мөрөөдөөд хэрэггүй.
Холбоотой мэдээ