Монгол зурхайд зааснаар хүнд жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох жилүүд байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зам мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүйг сүм хийдийн зурхайч, лам хуврагууд айлддаг жамтай. Монголын улс төр, эдийн засгийг хүнээр төсөөлбөл гахай жилд мэнгэ нь голложээ гэлтэй.
“Эрдэнэт”-ийн 49 хувийнханд зориулж, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 2018 онд санаачлан өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийг УИХ-аар хэлэлцэн, өнгөрсөн долоо хоногт баталснаар, Монголын гүйцэтгэх засаглалын хувьд “Гахай бүр илүү эрхтэй” боллоо.
Тодруулбал, Засгийн газраас гаргасан хоёр төрлийн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар хуульчилж өгсөн.
Нэгдүгээрт, батлан хамгаалах аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилготой Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй.
Хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй.
Тэгэхээр “Эрдэнэт”, Асгат, Салхит гээд хувийн өмчийг “дээрэмдэж” авсан Засгийн газартай хэн ч шүүхдэх эрхгүй болсон. Цаашдаа ч хувьчлалаар өмчтэй болсон, стратегийн гэх ордын лиценз эзэмшиж буй хэний ч хөрөнгийг хуулийн нэрээр хурааж авахад Засгийн газарт хэн ч саад болж чадахааргүй болж байна.
Уг нь УИХ-д суугаа 76 хамгийн их өмч хөрөнгөтэй хүмүүс. Өөрсдийнх нь баталсан хуулийг бариад Засгийн газар өмчийг нь булаахад өмөөрөх шүүхгүй болсон гэсэн үг. Түүнчлэн төрийн өмчийн хувьчлалаар Монголын толгой баян болтлоо хөрөнгөжсөн хүмүүсийн нэг нь Монгол Улсын төрийн тэргүүн өөрөө.
Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны өмчийг төр дээрэмдэж байхад олонх баярлаж байгаа шиг маргааш төрийн албан тушаалтны шийдвэрээр хэн нэгний Үндсэн хуульд заасан өмчтэй байх эрх үгүйсгэгдэхийг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 400 ордын лицензийг төрийн мэдэлд авах ёстой гэдгийг аль эрт зарлачихсан шүү дээ.
Яг л нөгөө “нацистууд эхлээд коммунистуудыг баривчиллаа, би коммунист биш учраас дуугарсангүй. Дараа нь үйлдвэрчний эвлэлийг барихад би гишүүн нь биш учраас чимээгүй байлаа. Хожмоо еврейчүүдийн ээлж ирэхэд би еврей биш учир огт эсэргүүцээгүй. Эцэст нь тэд намайг баривчлахад тэднийг эсэргүүцэж чадах хэн ч үлдээгүй байлаа” гэдэг шиг. Эрх зүйт төртэй улсад л хувь хүн болоод хуулийн этгээд өмчөө хамгаалуулах, өмчтэй байх эрхээ эдэлдэг. Харамсалтай нь, Ц.Нямдоржийн санаачлан, МАН-ын 64 хүч түрэн баталсан хууль эрх мэдэлтнүүдийн эсрэг үг, үйлдэл гаргасан болгоны өмчийг хураахад үйлчлэх бололтой. Өмчөө хураалгуулахгүй гэвэл Засгийн газрын сайдуудын өмнө өвдөг сөгдөөд, өгдөг авлигын хэмжээ нь өснө гэсэн үг. Үнэндээ манаж яваа хуулиа машинаар тулчихдаг Цэц Засгийн газрын шийдвэрийг хянаж чадахгүй. Ц.Нямдоржийн хүсэл биелэгдсэн ч, үр дагаварт нь Монгол Улс өчнөөн зүйлээ алдаж мэднэ. Адаглаад л олон улсын арбитрын шүүх дээр Монголын Засгийн газар ялагдвал үйлийг нь Ц.Нямдорж биш татвар төлөгчид үүрнэ.
Ийнхүү гурав дахь засаглал болох шүүхийн эрх мэдэлд Гүйцэтгэх засаглал хуулийг өөртөө тохируулан өөрчлөх замаар халдаж буй нь нэг бус удаагийн үйлдэл бөгөөд одоо бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь гурван шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдсон гэмт хэрэгтнүүдээ шүүхийн шийдвэргүйгээр суллах тухай ярьж байгаа нь эрүүл хүний үг үү, эсвэл энэ хүнд С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэхгүй байх эрх ашиг байна уу. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого Ц.Нямдоржийн эрх ашгийг хангахад чиглэгдэх болсноос харвал Монголын улс төрийн мэнгэ нь нэгэнт голложээ. У.Хүрэлсүх голлосон мэнгэнийхээ заслыг хийлгэхгүй бол улс төрийнх нь замнал, зам мөр нь муруйхыг хэн мэдэхэв. Энэ хүний голлон тоглолт эцэстээ Монголын улс төрийн голлосон мэнгэ болж харагдаад байгааг нуугаад яах вэ.
Холбоотой мэдээ