Аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг гээд улс төрийн сонгуулийн үеэр иргэдэд үнэгүй тараадаг улстөрчдийн гарын бэлгээс дэлгэсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэнг өнөөдөр /2019.05.14/ Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд дэлгэлээ.
Ихэнх улстөрчийн гарын бэлэгт УИХ-ын гишүүний өөрийнх нь зураг, овог, нэр бичээстэй байх аж. Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт УИХ-д нэр дэвшсэн гишүүдийн овог, нэртэй төрөл бүрийн аягыг дэлгэжээ. Мөн үзэсгэлэнгийн баруун хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн улстөрчдийн гарын бэлэг тарааж буй зураг тайлбартайгаа, доод хэсэгт нь шуудай гурил, будаа, сүү, шашны эд зүйл, ном гээд олон гарын бэлгүүдийг байрлуулсан байлаа.
О.ПАГМА: ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧДЫГ БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Үзэсгэлэнгийн үеэр тус сургуулийн Улс төр судлалын тэнхимийн гуравдугаар курсийн оюутан О.Пагма “Манай тэнхимийн гуравдугаар курсийн оюутнууд хичээлийнхээ хүрээнд “Улстөрчдийн гарын бэлэг” нэртэй үзэсгэлэнг танилцуулж байна. Уг үзэсгэлэнгээрээ дамжуулан хариуцлагатай сонгогчдыг бэлтгэхэд анхаарах цаг болсон гэдгийг хүмүүст ойлголт өгөхийг хичээж байна. Үзэсгэлэнд дэлгэх гарын бэлэг цуглуулахад бэрхшээл гарсангүй. Ихэвчлэн нэр дэвшигчийн нэр, зурагтай аяга цугларсан” гэсэн юм.
“Улстөрчдийн гарын бэлэг” буюу хэн, хаана, юу тараав үзэсгэлэнд дэлгэсэн гарын бэлгүүдийг оюутнууд богино хугацаанд цуглуулсан хэдий ч 100 гаруй гарын бэлэг нэг дор цугларчээ. Зарим иргэдийн хувьд хөнгөн цагаан 40 бедон, данхаа ахуйдаа хэрэглэдэг учраас үзэсгэлэнд тавих сонирхолгүй байсан тухай оюутнууд хэлж байв.
“СОНГОГЧИД Ч ГАРЫН БЭЛЭГ АВАХ СОНИРХОЛ ИХ БАЙНА”
Уг үзэсгэлэнг зохион байгуулж буй Монгол Улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Эрдэнэдалай “Монголын улс төр гэдэг хичээл үздэг оюутнуудтайгаа хамтран “Монголын улс төрд ямар асуудлууд байна вэ” гэж ярилцаж, судалсан. Тэгээд нэг сонирхолтой санагдсан зүйл юу вэ гэхээр улстөрчид сонгуулийн болон сонгуулийн бус үеэр иргэдэд гарын бэлэг тараадаг. Заримдаа тэд ажлаа тайлагнаж байгаа нэрийдлээр бэлэг тараадаг. Ардчилсан нийгэм нь сонгуульд оролцож буй иргэдийн тэгш эрхийг хангах ёстой байдаг. Гэтэл өнөөдөр хэн мөнгөтэй эрхэм нь сонгуульд оролцож, ард түмний саналыг худалдан авч байна. Энэ нь ардчилсан нийгмийн сонгох, сонгогдох эрхийг ч гэсэн зөрчиж байгаа юм. Тэгэхээр энэ нь буруу учраас оюутнууд хаанаас ч хамаагүй улстөрчдийн өгсөн гарын бэлгийг цуглуулж, үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Нөгөө талаасаа сонгогчид ч эдгээр бэлгийг авах сонирхол маш их байгаа. Тиймээс сонгогчдод улстөрчдийн гарын бэлгийг бус мөрийн хөтөлбөрийг нь харж, сонголтоо хийх нь чухал гэдгийг хэлэхийг хүссэн” гэв.
Үзэсгэлэнг сонирхох оюутан залуус олон байв. Зарим нь “Нээрээ ийм гарын бэлэг тараадаг. Тэр болгоныг нь анзаарч байгаагүй юм байна” хэмээн хоорондоо ярилцана. Тэдний нэг болох тус сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Ц.Ганчимэг “Улс төр судлалын мэргэжлийн оюутнууд их сонирхолтой үзэсгэлэн гаргасан байна. Жил бүрийн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүд ард түмэнд ийм л гарын бэлэг тараадаг. Гэвч тэр бүр хүмүүс тоож, анзаардаггүй шүү дээ. Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид ямар ичгүүртэй аргаар иргэдийн саналыг худалдан авч байгааг эндээс харж болохоор байна. Миний хувьд энэ жил 18 нас хүрч, сонгуульд санал өгөх эрхтэй болно. Гэтэл улстөрчдийн энэ эмгэнэлтэй дүр зураг байсаар л байх байх даа” гэлээ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ