Д.Сумъяабазар: Улстөрчид Тавантолгойгоос савраа тат

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Улстөрчид Тавантолгойгоос савраа тат

Д.Сумъяабазар: Улстөрчид Тавантолгойгоос савраа тат

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  “Хариуцлагатай уул уурхай” сэдвийн хүрээнд  ээлжит сарын мэдээллээ сэтгүүлчдэд өнөөдөр /2019.05.14/ танилцууллаа.

Энэхүү мэдээллийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Тавантолгой ордоо түшиглэн гадаадын хөрөнгийн зах зээлд  IPO хийж чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Энэ ажлыг хийхийн тулд олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажлыг сайн ойлгодог залуусаар багаа бүрдүүлэх шаардлагатай. Одоогийн үнийн өсөлтийн тааламжтай үеийг алдах юм бол Монгол Улсад л хохиролтой. АНУ, Хятадын хооронд үүссэн татварын маргаанаас үүдэлтэй дэлхий дахинд шинэ эдийн засгийн хямрал айсуй талаар өчигдөр болсон эдийн засгийн форум дээр яригдсан.  Үүнд Монгол Улс бэлтгэлтэй байх ёстой. Тавантолгой олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд IPO хийвэл 33600 шинэ ажлын байр бий болно.  Монгол Улс ирэх 2021 онд 2.9 тэрбумын бондын төлбөрийг хийх ёстой. Үүнийгээ ч эндээс олж, хямрал ирэхэд асуудалгүй давах боломжтой" гэлээ.

Мөн сүүлийн өдрүүдэд Засгийн газрын нэг сайд нь гаднаас 10 сая ам.долларын хахууль авсан тухай дуулиан дэгдээд байгаа. Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Ийм зүйл огт байхгүй. Би 2006 онд ард түмнийхээ итгэл сэтгэлээр аварга болоод, цол хүртэж байсан.  Энэ сайхан ард түмнийхээ итгэл, сэтгэл удам судраа хадгалж явна.

Нэр ашиглаж, нүүрс баяжуулах үйлдвэртэй болсон, 100 машинаар нүүрс тээвэрлэж байна гэхчлэн ярьж, бичиж гүжирдэж байгаа. Чухам ямар үндэслэлээр ингэж яриад байгаа юм. Би Ерөнхийлөгчтэй айлчлалаар хамт яваагүй. Энэ асуудлыг шүүхэд өг гэж хэлсэн” гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг хүргэж байна.


-Түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахыг хориглосон шийдвэр маргаашнаас хэрэгжинэ. Улаанбаатарыг шинэ түлшээр хангахад салбар  яам бэлэн үү?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-“Тавантолгой түлш” ХХК  нь өнөөдрийн байдлаар   125 мянган тонн түүхий эдийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан байна. Үйлдвэрлэлтэй холбоотойгоор  85 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэсэн гэх тоон мэдээлэл байна.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс түүхий эд болон түүхий эдийг тээвэрлэхтэй холбоотойгоор түлшний асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн учраас чиг  үүргийнхээ  хүрээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан уг ажлыг хариуцан ажиллаж байгаа. Анхан шатны хороо нэгжүүдээр дамжуулан сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулна.

-Өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” ХХК-ийн  хувьцаа эзэмшигчид та бүхэнтэй уулзсан. Энэ үеэр Оюутолгой менежмент дээр дахин бодолцож үзэх шаардлагатай гэсэн мэдээлэл байна. Энэ талаар салбар яам дээр мэдээлэл ирсэн үү?

-Оюутолгой төсөл  дээр ялангуяа  Дубайн гэрээг бид зөвтгөхгүй. Тус гэрээг сайжруулах хэлэлцээг хийх  шаардлагатай. Гэхдээ гэрээг цуцаллаа гэхэд  17 мянган иргэний ажлын байрны асуудал яригдана. Салбар яамны зүгээс  бид ажлын байраа хамгаална.  Иргэдээ ажилтай байлгах  ёстой. Хамгийн чухал нь ажлын байр. Энэ төслийг зогсоовол эцсийн эцэст  хариуцлага хэн дээр буух нь тодорхой. Гэрээг цуцлах өнгө аястай мэдээллүүд цацагдах болсон.  Гэрээг бид нэгдүгээрт ухаантай, соёлтой, хариуцлагатай хиймээр  байна. 2020 оны сонгууль дөхөж байна. Оюутолгойгоор улс төр , шантааж хийдэг, дүр зургууд сүүлийн үед газар авлаа.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт:

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хянах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан.  Ер  нь Монголын талын хамгийн чухал асуудал нь үр  өгөөжийн асуудал.  Оюутолгойн ил уурхайн орд 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Гүний уурхайн бүтээн байгуулалт хийх болсон учир нь  тус ордын нийт алт зэс мөнгөний нөөцийн 80 хувь нь гүний уурхайд байгаа юм.  Өнөөдөр Оюутолгой төсөл ямар өгөөж өгсөн бэ гэхээр 2010 оноос хойш 2018 оныг дуустал 1.5 тэрбум ам.долларын ашигт малтмалын нөөц ашигласны татвар хураамжийг  төлсөн байна. 17 мянга хүнийг ажлын байраар хангаж байна. Өнгөрсөн жилийн байдлаар нийт төсвийн орлогын долоон хувийг дангаараа бүрдүүлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн. 2021 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь 2015 онд батлагдсан техник эдийн засгийн үндэслэлээр  бол үндсэн зээлээ 2029 оноос төлж дуусаад  ногдол ашиг хуваарилах бололцоотой болно гэсэн тооцоотой байгаа. Монголчууд Оюутолгой төслийг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэртэй  их харьцуулдаг.

“Эрдэнэт” үйлдвэрийн  нийт туулж өнгөрүүлсэн түүхийг нь харах юм бол 1973  оноос хойш 26 жилийн дараа ашигтай ажилласан байдаг. Тэгэхээр Оюутолгой төслийн  урт хугацаанд үр өгөөжийг нь харах ёстой. Салбар яам болон  Засгийн газрын барьж байгаа байр суурь бол Монголын  талын өгөөжийг нэмэгдүүлэх төслүүд дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт эрчим хүчний асуудал. Оюутолгой 100 хувь Өвөр Монголоос эрчим хүч худалдаж авч байна.  Монгол Улсын эдийн засаг эргэлт буцалтгүй уул уурхайгаас шууд хамааралтай болсон. Оюутолгой бол Монгол улс зах зээлд шилжсэнээс хойших анхны том хөрөнгө оруулалттай төсөл. Дараа дараагийн төслүүд амжилттай явахын  тулд гадаадын хөрөнгө оруулагчид  анхны  төсөл буюу Оюутолгой төсөл хэр явж байна, Засгийн газар нь хөрөнгө оруулагчдаа хэр хамгаалж байгаа эсэх талаар маш анхааралтай харж байна. Оюутолгой төсөл зөвхөн  Монголын нүүр царай болоод зогсохгүй нэрийн хуудас юм.

-“Эрдэнэс-Тавантолгой” компани 6.4 тонн коксжих нүүрсний нөөцтэй. Жилд нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг компанийнхаа 30 хувийг яарч сандран олон улсын биржээр дамжуулан зарах шаардлага байгаа гэж үү?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Тавантолгой ордын коксжих нүүрсний нөөц 6.4 биш 5.1 тэрбум шүү. Олон улсын JORC стандартаар тогтооход ийм байна. Бид өнгөрсөн түүхээ амархан мартах юм. 2015 онд бид улсаараа ямар хүнд үеийг туулсан билээ дээ. Олон хүнд цохилтыг дараалан амссан. Ашигт малтмалаа тээвэрлэх дэд бүтцийг барьж чадаагүйгээс болж, усны болон эрчим хүчний дутагдлыг шийдэж чадаагүй зэрэг олон асуудлаас болоод цохилтод орсон. Дэлхийд хямрал бий болоход ашигт малтмалын үнэ гарцаагүй унана. Тиймээс тэр уналтаас өмнө өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө босгож татах ёстой болоод байна. Босгосон хөрөнгө оруулалтаараа баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозам тавих, хайгуулын ажлаа эрчимжүүлэх, эрчим хүчний үйлдвэрээ барих болно.

Эрдэнэс-Тавантолгойн 30 хувиар хөрөнгө босгоход компанийн засаглал нь олон улсын шаардлага хангасан байх ёстой. Олон улсын банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. Манай Тавантолгой үнэхээр олон улсад үнэлэгдсэн том  орд. Гэвч энэ ордын ард ашиг сонирхол, улстөрчид байна. Улстөрчдөд энэ ордоос савраа тат гэж хэлмээр байна. Би энэ ажлыг сүүлийн найман сарын турш хариуцаж байгаагийн хувьд жаргал зовлонг нь мэднэ. Хөрөнгө босгохын тулд олон улсын шаардлагыг хангах ёстой болчхоод байна. Бид энэ ажлаа хийж чадахгүй байна. Чадаж байж л үнэ цэнэ тогтоно. Одоо байгаа бүтцээр биш олон улсын зах зээл дээр гарч чадахгүй байна. Гарахын тулд бүтцийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Шинэ бүтцэд гадаадын шилдэг хуульч, аудитор байх ёстой.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийг урсгалаар нь явуулж болно. Гэхдээ хулгай нь дийлдэхгүй, улстөрчдийн шунал дийлдэхгүй. Уул уурхайн тогтвортой бодлого байхгүйгээс үүдэн татан унагана. Ингэж болохгүй. Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох ажлыг мэддэг, чаддаг шилдэг залуусаар багаа бүрдүүлэхгүй бол одоогийн залуучууд чадахгүй. Хоёр жилийн дараа болох хямралаас өрсөж л бид бүх ажлаа хийгээд бодлогоо тодорхойлчихсон тогтоочихсон байх ёстой. Энэ ордын 30 хувь дээр 3-5 тэрбум ам.долларыг босгож чадвал үлдсэн 70 хувийнх нь үнэлгээ шинээр албажин тогтоогдоно. Эрдэнэс-Тавантолгойд хөрөнгө оруулалт босгох зайлшгүй шаардлага байгаа. Энэ ажлыг хийж чадвал манай улсын эдийн засагт маш том эргэлт болно.

-Гашуунсухайтын төмөр зам барих ажил яагаад зогсов?

-Бид Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг гадаадын компаниар шалгуулсан. Холбогдох хүмүүсийн дүгнэлтээр суурь бүтцийг маш сайн гэж үзсэний зэрэгцээ 3-5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд төмөр замаа тавих боломжтой гэсэн. Гурван сарын дараагаас тус төмөр замыг тавих ажлыг эхлүүлнэ. Тендерийн шинэ хууль хэрэгжиж эхэлмэгц дотоод, гадаадын нээлттэй тендер зарлаад уг төмөр замыг тавьж дуусгана.

-Оюутолгойн гэрээг шинэчлэх ажилд танай яам ямар байр суурьтай байна?

-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг гэрээний хэрэгжилтийг шалгахаар ажилласан. Оюутолгойн нийт баялгийн 80 хувь нь гүндээ байгаа учраас гүний уурхайгаас олборлохоор болсон. 2021 онд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусна. Оюутолгой 1.5 тэрбум ам.долларыг босгож, өнгөрсөн жилийн улсын төсвийн 7 хувийг дангаараа бүрдүүлсэн. 2021 онд зээлээ төлж дуусаад ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

Манайхан “Эрдэнэт” үйлдвэртэй Оюутолгойг харьцуулж хардаг. “Эрдэнэт” үйлдвэр анх байгуулагдсанаас хойш 27 жилийн дараагаас л үр ашгаа өгч эхэлсэн. Оюутолгойн гэрээний биелэлтийг хангахаас гадна үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлээр манай яам ажиллаж байгаа. Зэс хайлуулах үйлдвэртэй болох, цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Олон улс биднийг маш анхааралтай харж байгаа.

-Тост, Тосонбумбын нурууг Б.Чойжилсүрэнгийн уурхай ухаад эхэллээ гэдэг мэдээлэл дээр ямар хариу өгөх вэ?

-Ард түмний шүтээн хайрхныг ухуулсан асуудал байхгүй. Л.Чойжилсүрэнгийн уурхай үнэхээр тухайн нутгийн ард түмний шүтээн уулыг ухаад эхлэв үү гээд шалгуултал үгүй байсан. Тэр уурхай нь Тост, Тосонбумбын нуруунаас 30-аад км-ийн цаана байсан. Хамрын хийдэд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг шалгахад тус хийдээс найман  км-ийн  зайтай газарт олборлолт хийж байсан.

Э.СОСОРБУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж