Мадуро: Америкчууд Венесуэлийн газрын тосонд шунаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Мадуро: Америкчууд Венесуэлийн газрын тосонд шунаж байна

Мадуро: Америкчууд Венесуэлийн газрын тосонд шунаж байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн долоо хоногт Америкийн “ABC” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр АНУ-ын телевизэд олон жилийн дараа  ярилцлага өгч байгаа нь энэ бөгөөд ярилцлагийн үеэр АНУ-ыг Венесуэлийн газрын тосонд шунаж, санасандаа хүрэхийн тулд улс оронд нь үймээн самуун дэгдээж байна хэмээн буруушаасан байна.

“ХУАН ГУАЙДО ХУУЛИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ”

Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр нэрлээд буй сөрөг хүчний удирдагч саяхан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй уулзжээ. Энэ уулзалтын талаар Николас Мадуро ямар бодолтой байгааг нь асуухад “АНУ-ын Засгийн газрын хийсэн бүхэн бүтэлгүйтсэн. Тэд Венесуэл дэх улс төрийн нөхцөл байдлыг ашиглан Өмнөд Америкт дайн дэгдээхийг хүсч байна. Майк Пенс, Хуан Гуайдо нарын уулзалт бол Венесуэлийн Үндсэн хуулиас гадуур дахин нэг Засгийн газар байгуулах гэсэн оролдлого юм. АНУ Венесуэлтэй харилцаад 200 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд манай улсад сонгууль явуулалгүйгээр Ерөнхийлөгчөө сонгож байсан тохиолдол байхгүй. Сонгууль явуулахгүйгээр Ерөнхийлөгч сонголоо гээд сайн зүйл огтхон ч болохгүй” хэмээн хариулсан байна.

Мөн тэрбээр Хуан Гуайдог хууль зөрчиж байна гээд “Хэн ч хуулиас гадуур байх боломжгүй. Яг одоогийн нөхцөлд бол Хуан Гуайдо миний өмнө биш, хуулийн өмнө л хариуцлага хүлээх ёстой” гэж хэлжээ.

“АМЕРИКЧУУД ВЕНЕСУЭЛИЙН ГАЗРЫН ТОСОНД ШУНАЖ БАЙНА”

Тэрбээр цааш нь “АНУ Венесуэлийн газрын тосонд л шунаж байгаа. Өөрөөр хэлбэл, газрын тосны салбарт дайн хийхийг хүсч байна. Венесуэл бол байгалийн баялаг ихтэй орон. Америкчууд үеийн үед л байгалийн баялаг ихтэй орныг онилж үймээн самуун дэгдээх аргаар тухайн улсыг дээрэмдэж ирсэн. Дайн дэгдээхийнхээ өмнө тэд эхлээд ямар нэгэн байдлаар эхлээд шалтаг олдог.

Иракт дайн хийхийнхээ өмнө тэд тус улсад хүн төрөлхтнийг устгах их хэмжээний зэвсэг байна гэж дэлхий дахинд мэдээлсэн. Харин одоо Венесуэлийн хувьд хүмүүнлэгийн хямрал газар авч, хүний эрх зөрчигдөж, ардчиллын үнэт зүйлс устаж байна гэх мэт тэдэнд хангалттай олон шалтаг байгаа. Мэдээж нөхцөдл байдал тийм ч сайнгүй байна. Гэхдээ АНУ-ын зарлаад байгаа шиг яадгаа алдчихаагүй байна. Венесуэлчүүд бол маш эвсэг хүмүүс. Каракас хэзээ ч дэлхий дахинд хор хөнөөл учруулах бодлого баримталж, улс орнуудыг заналхийлсэн мэдэгдэл гаргаж байгаагүй. Тиймээс манай улсад үүсээд буй асуудлыг бид өөрсдөө л шийдэх хэрэгтэй.

“ДОНАЛЬД ТРАМПЫГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭС АЙЖ БАЙНА”

Дональд Трамп намайг “Эх оронч биш. Кубын хүүхэлдэй, дарангуйлагч” гэсэн байна лээ.  Венесуэл бол нэр төртэй улс. Бид бүгдээрээ эх оронч, хувьсгалчид. Бид “Симон Боливар”-ийн үзэл сурталд итгэдэг. Тиймдээ ч ард түмэн 20 гаруй жилийн турш засгийн эрхийг барьж байна. Яг үнэндээ би Дональд Трамдын эргэн тойронд байгаа хүмүүсээс айж байна. Хүйтэн дайны хэт даврагч үзэлтэн, түүний зөвлөх Жон Болтон. Галт зэвсэг, мансууруулах бодисын худалдаачин байсан Эллиот Абрисс, Хүйтэн дайны үеэс эхлэн тагнуул хийж буй Тагнуулын төв газрын төлөөлөгч Майк Помпео зэрэг Трампын тойрон хүрээлэгчдээс айж байна. Майк Помпео бол улс төрийн талаар ялангуяа Латин Америкийн орнуудын улс төрийн талаар ямар ч мэдлэггүй. Ийм хүмүүс Дональд Трампын зөвлөхөөр ажиллаж байгаа үед юу болох нь тодорхой.

АНУ-ын Сенатор Марко Рубио Ливийн удирдагч агсан Муамар Каддафигийн эрх мэдэлтэй байх үеийн болон цусанд будагдсан зургийг хавсарган твиттертээ нйитэлсэн нь Николас Мадурод анхааруулга өгч байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Николас Мадуротой ярилцсан “ABC” сувгийн сэтгүүлч түүнээс Каддафитай адил зүйл тохиох вий гэхээс айж байна уу? гэж асуусан байна. “Хэнд ч аймшигтай зүйл тохиолдож болно. Ялангуяа улс орон удирдаж байгаа хүмүүст энэ эрсдэл өндөр. Хүн бүр бусдын эрхийг хүндэтгэж, шударга ёсыг эрхэмлэх ёстой. АНУ-д хандаж хэлэхэд, бид энх тайвныг хүсч байна. Би улсаа хамгаалахын тулд амьдрах болно. Дональд Трампт хандаж эхлээд Венесуэлийн талаарх бодлоо цэгцэл. Венесуэл бол Өмнөд Америкийн орон. Харин АНУ бол Хойд Америкийнх. Одоо XXI зуун болохоос хүйтэн дайны үе биш. Венесуэлийг байгаагаар нь хүлээн авч, Каракастай шинэ харилцаа бий болгоосой гэж хэлмээр байна” гэв.

ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ БА ӨЛСӨЖ БУЙ ВЕНЕСУЭЛЧҮҮД

АНУ болон зарим улс орнууд биднийг Колумб, Бразилаас хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн гэх машинууд ирэхэд хилээрээ нэвтрүүлээгүй гэж буруутгадаг.  Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ачааны машинууд АНУ-ын хилийг нэвтрэх гэж оролдвол тэд ямар арга хэмжээ авах байсан бол. Хэрэв америкчууд хүсээгүй байхад Мексикийн талаас туслахаар ирлээ гээд хилээр нь ачааны машин нэвтрүүлэх гэж оролдвол Дональд Трамп ямар хариу арга хэмжээ үзүүлэх байсан гэж бодож байна. Дональд Трамп Гондурасаас ирсэн 2000 гаруй цагаачийг хилтэй нь ойртох л юм бол буудна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Венесуэлийг зорьж буй тусламжийн бараа ачсан ачааны машинуудад юу байгааг хэн ч мэдэхгүй. Наад зах нь ачааны машинд ачсан хоол хүнс эрүүл мэнд ахуйн шаардлага хангасан байх ёстой. Хэрэв бид үүнийг шалгалгүй оруулвал дараа нь ямар эрсдэл үүсэхийг мэдэхгүй.

Венесуэлд ард иргэд нь өлсөж цангаж, маш хүнд байдалтай байгаа  мэтээр дэлхий нийтэд харуулж байна. Би Нью-Йоркод очиж, хотын захын гудамжаар алхвал, Чикаго эсвэл Бостонд очиж, ядуу дүүргүүдийн гудамжаар зугаалвал хог ухаж, голоо зогоож байгаа олон хүнийг харах болно. Венесуэлийг эдийн засаг нь хүндхэн байдалд орсон бусад оронтой харьцуулахад бүх зүйл харьцангуй дээр байгаа. Зөвхөн АНУ-ын нүдэнд л бүх зүйл эсрэгээрээ харагдаад байгаа хэрэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж